АНУ-д ковидын тархалт нэмэгджээ

АНУ-д ковидын тархалт нэмэгджээ

Хэдхэн жилийн өмнө дэлхий дахинаа шинээр бүртгэгдсэн корона вирус анагаах ухаанд шинэ сорилтыг авчирсан. Гэвч олон жилийн туршлага хөдөлмөрийн дүнд эрдэмтэд тус вирусийн эсрэг биетийг гарган авч хүн төрөлхтнийг цар тахлын айдсаас салгаж чадсан билээ. Гэвч энэхүү шинэ вирус нь асар хурдацтайгаар мутацид орсоор байна. 2019 онд БНХАУ-ын Ухань мужаас гаралтай вирусийн шинэ төрлийн халдвар АНУ тэргүүтэй барууны орнуудад дахин эрчимтэй тархах болжээ.

Ковид-19 вирусийн тархалт буурсан ч амралт зугаалга ихэссэн зуны урин дулаан цагт шинэ төрлийн тархалт ажиглагдах болсон байна. АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр нийт 38 мужид шинэ төрлийн корона вирусийн халдвар бүртгэгдсэн байна. Мөн энэхүү вирусийн давлагаа зуны улирлын турш нэмэгдэх хандлага ажиглагджээ. Хандалт судалгаагаар мутацид орсон хувилбарын вирусийн идэвхжил харьцангуй сул ч халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах тохиолдол өндөр байна. АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний сангийн захирал доктор Роберт Хопкинс “Вирусийг анх гарснаас хойш бидний анхаарсан зүйл бол дулаан чийглэг орчин нь амьдрахад таатай нөхцөл болдгоос гадна өсөлтийг нэмэгдүүлдэг. Барууны орнуудад Ковид-19-ын халдвар нэмэгдэж буй нь цаг уурын таатай орчин бүрдсэнтэй шууд хамааралтай гэж үзэж байна. Учир нь өмнөд болон баруун зүг нь бусад бүс нутагтай харьцуулахад харьцангуй зөөлөн уур амьсгалтай ба яг одоо вирусийн өсөлтийн хамгийн таатай үе нь болж байна” гэжээ. Мөн тэрээр дээрх вирусийн шинэчлэгдсэн хувилбар нь ямархуу загвартай талаар нарийвчлан тодорхойлох судалгааны ажил үргэлжилж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин хүн амын дийлэнх хувь нь эсрэг биеттэй учир нь халдвар авсан тохиолдолд хүндрэл төдийлөн бага байна хэмээн найдаж байгаа талаараа хэвлэлд мэдээлсэн байна. Зуны улиралд идэвхжиж буй вирусийн тархалт өвөл нэмэгдэх хандлагатай байгаа учир нь түний мутацийн талаар нарийвчлан судлах ажлыг яаравчилж байгаа хэмээн эрүүл мэндийн салбарынхан онцолжээ.

Вакцин үйлдвэрлэгчид дээрх нарийвчилсан судалгааны дагуу намар шинэчилсэн вакциныг гаргаж авч чадна гэв. Мужийн эрүүл мэндийн нийгэмлэгийн ахлах эмч, доктор Маркус Плессиа “Ковид-19 вирусийн шинэчилсэн хувилбарын тархалт нэмэгдэж байна. Тиймээс тархалтын оргил үед дахин урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах нь зүйтэй. Олон нийт цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад харьцангуй хэвийн амьдралын хэв маяг руу шилжсэн нь вирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байж болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих арга хэмжээг тогтмол анхаарч байх хэрэгтэй” хэмээн зөвлөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ