Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Өнөөдөр бидний “Хүүхдийн баяр” гэж нэрлээд байгаа зургаадугаар сарын 1-ний энэ өдрийг уг нь 1949 оны арваннэгдүгээр сард Парист хуралдсан Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн зарлаж жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэж 1950 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 20-нд Дэлхий дахины хүүхдийн өдөр, зургаадугаар сарын 4-нд Олон улсын хүчирхийллийн золиос болж байгаа буруугүй хүүхдийн өдөр, зургаадугаар сарын 16-нд Африкийн хүүхдийг хамгаалах өдөр гэсэн тэмдэглэлт өдрүүд бий.

Олон улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах гол баримт бичиг нь 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ээс баталсан Хүүхдийн эрхийн конвенц юм.

Харамсалтай нь өнөөдөр дэлхий дахинаа хүн төрөлхтний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалж тэднийг эрүүл аюулгүй орчинд өсч торних, сурч боловсрох талаар улс орнууд харьцангуй өөр өөр ханддагаас болоод сая сая хүүхэд эрхээ хамгаалуулж чадахгүй хүнд нөхцөлд амьдарч зарим хэсэг нь нас биед хүрч чадалгүй хорвоог орхиж байна.

 

Өлсгөлөн

K5Mm6nlYJ2fzGdc.jpg

Америкийн эрдэмтдийн 92 орны хоёр хүртэлх насны 276 мянган хүүхдийг оролцуулан хийсэн судалгааны дүнгээс үзэхэд эдний 10,4 хувь нь хөхний сүүнээс өөр юу ч иддэггүй гэсэн байна. Харин 6-23 сартай хүүхдийн 31 хувь нь маш бага нэмэлт тэжээл иддэг гэжээ.

Өмнөд Азид ийм насны хүүхдийн 15,7 хувь нь  хоногт ямар ч нэмэлт тэжээл иддэггүй гэсэн байна. Энэ үзүүлэлтээр Энэтхэг 6,7 сая, Нигерид 692 мянга, Пакистанд 849, Эфиопид 772, Ардчилсан Конгод 362 мянган хүүхэд ийн нэмэлт тэжээл идэж чадахгүй өлсгөлөнд автаж байгаа гэнэ.

Өнөөдөр 15 улс орны 30 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байгаагийн найман сая нь бүр өлсгөлөнгөөр үхэхэд хүрээд байна хэмээн НҮБ-ын Хүнд хөдөө аж ахйун байгууллага 2023 онд мэдээлж байлаа.

 

244 сая хүүхэд сургуульд явдаггүй

r54AxRXHTvW7oJY.jpg

Хоол хүнснээс гадна хүүхдэд сурах хэрэгцээ гэж бий. Гэтэл 2023-2024 оны шинэ хичээлийн жилд дэлхий даяар 244 сая хүүхэд сургууль явахгүй байна гэж НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одрэ Азуле  мэдээлээд улс орнууд хүүхдийн сурах эрхийг хангахыг уриалсан байна.

Энд Нигерид гэхэд л 20,2, Эфиопид 10,5, Ардчилсан Конгод 5,9, Кенид 1,8 сая хүүхэд сургуульд явж чадахгүй байгаа гэнэ.

ЮНЕСКО-гийн уриалгаар дэлхийн улс орнуудын 90  хувь нь 2030 он гэхэд бүх хүүхдэд боловсрол олгох ажилд дэвшил гаргахаар үндэсний хяналтын үзүүлэлт гаргаад байгаа юм байна.

 

Дэлхий даяар авто осолд 240 мянган хүүхэд өртөж байна

PDgIeNUlfdralHs.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор жил бүр дэлхий дахинаа сая гаруй хүн авто ослын улмаас амиа алдаж байгаа нь өдөрт 3200, минут тутамд хоёр хүн болж байна гэнэ. Авто осол нь 5-29 насны хүүхэд залуучуудын үхлийн үндсэн шалтгаан болж байна гэж энд дурджээ. Авто машины дугуйн дор амиа алдаж байгаа таван хүн тутмын нэг буюу 240 мянга нь хүүхэд байгаа юм. Үүнээс гадна жил бүр осолд орсон 20-50 сая хүн бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болон амьд үлдэж байна.

Дэлхий даяар гарч байгаа авто ослын 28 хувь нь Зүүн өмнөд Азид, 25 хувь нь Номхон далайн бүсэд, 19 хувь нь африкийн бүсэд, 12 хувь нь америкийн бүсэд, 11 хувь нь дорнод бүсэд гардаг бол хамгийн бага нь Европ, газар дундын бүс нутагт таван хувь байдаг гэнэ.

 

7 минут тутамд нэг хүүхэд хүчирхийллийн улмаас амиа алдаж байна

pgyDrsuhrGFhLx3.jpg

НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар дэлхий дахины 2-4 насны нийт хүүхдийн дөрөвний гурав буюу 300 орчим сая хүүхэд гэртээ сэтгэлзүйнн болон бие бялдрын хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Өөрөөр хэлбэл долоон минут тутамд нэг хүүхэд, өсвөр насны хүүхэд хүчрихийллийн улмаас амиа алдаж байгаа гэсэн үг.

“Дэлхий даяар хүүхдийн хүчирхийлэл үнэхээр сэтгэл түгшээж байна. Хүүхдийг зодож байна, охид хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна, хүчирхийллийн улмаас хүүхэд амиа алдаж байна” гэж ЮНИСЕФ-ийн  хүүхэд хамгаалах хөтөлбөрийн тэргүүн Корнелиус Уильямс хэлж байна.

 

Дэлхий даяар 8 сая хүүхэд буу барин тулалдаж байна

vTqNK920JRGkj5U.jpg

Дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн дайн тулааны талбарт 8,5 сая хүүхэд буу барин тулалдаж байна гэж Нэгдсэн үндэстний байгууллага мэдээлж байна. Гэхдээ энэ бол НҮБ-ын шинжээчдийн нүдэнд өртөж харагдсан нь л энэ шүү дээ. Гэтэл дайн тулаан болж байгаа газар бүрт, хамгийн аюултай талбаруудад шинжээчид хүрч очоогүй гэдгийг дурдууштай.

Олон жилийн өмнө дэлхийн хамгийн халуун цэг болж байсан, өнөө бол бүр цар хүрээ нь өргөжөөд байгаа Сири, Лалын улс террорист бүлэглэл, Оросууд украины Донбасс, Крымыг эзлэх үе, өнөөгийн Украины дайн, Газын зурвас дахь Израиль, ХАМАС бүлэглэлийн дайны үед магадгүй энэ тоо  улам нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

 

Манай гаргийн 27 сая хүүхэд мансуурдаг

vTqNK920JRGkj5U.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илтгэлд дурдсанаар дэлхий даяар 10-19 насны 27 сая хүүхэд, өсвөр насныхан сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэдэг гэсэн байна. АНУ-ын хар тамхины Үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр бол хүүхдүүд 12-17 насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үздэг гэжээ.

Дэлхий даяар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүний тоо жил тутам өсч 2021 он гэхэд 296 саяд хүрчээ. Харамсалтай нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн дөнгөж таван хувийиг л эмчилж байгаа юм.

Өөр нэг сэтгэл эмзэглүүлэм баримт бол хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн нас улам залуужиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ. Африкт гэхэд л мансуурагчдын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгааг энд тэмдэглэсэн байна.

 

Хүүхэд алга болох нь нэмэгдсээр байна

XrQhcHN9LyrpFqP.jpg

Жил бүр дэлхий даяар найман сая орчим хүүхэд гэрээсээ гарч сураггүй болдог гэсэн аймшигт тоо байна. Хамгийн эмгэнэлтэй нь олонхи тохиолдолд хэзээ ч мэдээлдэггүй болохоор энэ тоо үүнээс ч өндөр байх магадлалтай. Зөвхөн АНУ-д гэхэд л жил бүр 460 мянган хүүхэд сураггүй алга болж байна. Австрали, Испанид 20 мянга орчим, Энэтхэгт 96, Орост 45 мянган хүүхэд алга болдог бол Германд 100, Их Британид 112 мянган хүүхэд сураггүй алга болж  байна.

Хүүхэд айдас аюулаас зугтааж, хулгайд өртөж, амь үрэгдэж, шархдаж сураггүй болдог гэжээ. Ихэнх тохиолдолд  аюулд өртсөнөөр оргон зайлдаг  бөгөөд энэ нь нийт тохиолдлын  91 орчим хувийг эзэлдэг  байна.

 

160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

tD0ORSwKC7kNT2m.jpg

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ЮНИСЕФ-ийн тайланд дурдсанаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо сүүлийн дөрвөн жилд 8,4 саяар нэмэгдэж 160 саяд хүрсэн байна. COVID19-ийн үед энэ тоо мөн л нэмэгдсэн.

“Хүүхдийн хөдөлмөр: 2020 оны  дэлхий дахины үнэлгээ, цаашдын төлөв” гэсэн баримт бичигт хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн дотор 5-11 хүүхэд бараг талыг нь эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар аюултай хөдөлмөр эрхэлж байгаа 5-17 насны хүүхдийн тоо 2016 оныхоосоо 6,5 саяар өсч 49 саяд хүрсэн гэсэн мэдээ байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 31. Баасан. №055 (5973)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ