Солонгосын хойгт хөөрөх болсон “хогтой” бөмбөлөг

Солонгосын хойгт хөөрөх болсон “хогтой” бөмбөлөг

Өнгөрсөн долоо хоногоос идэвхижсэн хоёр Солонгосын харилцааны шинэ асуудал үргэлжилсээр байна. Өмнөд Солонгосын тал Умард Солонгостой 2018 онд байгуулсан цэргийн хэлэлцээрийн хэрэгжилтийг түр зогсоох төлөвлөгөөгөө даваа гарагт танилцуулжээ.

Учир нь Умардын талаас олон зуун агаарын бөмбөлөг хөөргөж, Өмнөд Солонгос даяар хог тараасны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Солонгос хоорондын цэргийн  хэлэлцээрийг 2018 онд Умард болон Өмнөд Солонгосын удирдагчдын олон удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд хурцадмал байдлыг намжаах зорилгоор байгуулсан юм.

Өнгөрсөн онд Умард Солонгос энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдэж, хилийн ойролцоо цэрэг зэвсгээ байрлуулсан байна.

Өмнөд Солонгос цэргийн хэлэлцээрийн зарим заалтыг дагаж мөрдөж байгаа нь аюулгүй байдалд учрах аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад ихээхэн саад бэрхшээл учруулсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.

 

Хогтой бөмбөлгийн учир?

 

Тамхины иш, даавууны үлдэгдэл, хаягдал батерей тэр ч бүү хэл хэрэглэсэн живх бүхий хогтой агаарын бөмбөлгийг Хойд Солонгос Өмнөд Солонгос руу илгээх болсон нь сүүлийн жилүүдэд намжаад байсан Хүйтэн дайны үеийн эсэргүүцлийн арга хэлбэрийг санагдуулж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Өнгөрсөн мягмар гарагаас хойш Хойд Солонгос тамхины ишнээс эхлээд картон, хуванцар зэрэг хог бүхий 1000 шахам бөмбөлөгийг илгээсэн тухай Сөүлийн тал мэдэгдэв. Тэгвэл өнгөрсөн ням гарагаас эхлэн хог бүхий бөмбөлгүүдийг илгээхээ зогсоосноо Умардынхан мэдэгдээд Хойд Солонгосыг чиглэсэн суртал ухуулгын эсрэг арга хэмжээг амжилттай авч чадлаа хэмээн дүгнэжээ.

Хог бүхий бөмбөлөг нь Өмнөд Солонгосын хойдууд руу хөөргөх болсон суртал ухуулгын бөмбөлгүүдийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэдгийг онцлон мэдээлсэн байна. Умард Солонгосын удирдагчийн эгч Ким Ё Жо уг акцыг “БНАСАУ-ын ард түмэн өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхийн” нэг илрэл хэмээгээд Өмнөд Солонгосын идэвхтнүүд ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүд илгээсний хариуг өгч байгаа хэлбэр хэмээн мэдэгджээ. Өмнөдийн идэвхтнүүд хамгийн сүүлд тавдугаар сарын 10-нд суртал ухуулгын хуудсууд бүхий агаарын бөмбөлгүүдийг хөөргөсөн байна.

Харин Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, орон нутгийн цагаар зургаадугаар сарын 2-ны өглөө Кёнги муж болон нийслэлийн бүсээс 600 орчим ийм бөмбөлөг илрүүлжээ. БНАСАУ-аас орон нутгийн цагаар зургаадугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагийн орчимд тэдгээрийг хөөргөж эхэлжээ.

Умардын тал өмнө нь тавдугаар сарын 28-нд хогтой уут дүүжилсэн 260 орчим агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын зүгт хөөргөсөн юм.

Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь НҮБ-ын хоригийг зөрчөөгүй боловч 1950-1953 оны Солонгосын дайн байлдааны ажиллагааг зогсоосон энхийн гэрээ хэлэлцээрт харшилж байна гэж Сөүл үзэж байгаа юм.

Харин Хойдууд “Өмнөд Солонгосчууд БНАСАУ-ын эсрэг ухуулах хуудас тараах ажлыг үргэлжлүүлбэл бид өмнө нь анхааруулсанчлан хаягдал цаас, бохирыг 100 дахин их хэмжээгээр тараах болно" гэж мэдэгджээ.

Өмнөдийн зүгээс ухуулах хуудас, бэлэн мөнгө, цагаан будаа эсвэл К-драмаар дүүрэн USB диск зэргийг хийсэн бөмбөлөгүүдийг хил дээгүүр хөөргөж Хойд Солонгост нэвтрүүлдэг тухай хойдууд гомдоллосон байна.

Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нарын мэдээлснээр бөмбөлөгүүд хойд мужууд, тэр дундаа нийслэл Сөүл болон Өмнөд Солонгосын хүн амын бараг тал хувь нь амьдардаг Кёнги хотын зэргэлдээх нутаг дэвсгэрт газарджээ.

Хамгийн сүүлийн багц бөмбөлгүүд нь "тамхины иш, хаягдал цаас, даавууны хэсэг, хуванцар зэрэг хог хаягдал" -аар дүүрэн байсан гэж мэдэгдээд цэргийн албан тушаалтнууд болон цагдаа нар анхааралдаа авч хянаж байгааг мэдээлжээ.

“Манай армийнхан агаарын бөмбөлөг хөөргөх цэгээс ажиглалт, тагнуул хийж, агаарын тагнуулын тусламжтайгаар мөрдөж, унасан хог хаягдлыг цуглуулж, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө нэн тэргүүнд арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдэв.

2018 оны үед хоёр Солонгосын харилцаа сайжирч эхэлсэн бөгөөд "бүх бүс нутагт бие биеийнхээ эсрэг дайсагнасан бүх үйлдлээ бүрэн зогсоохоор" тохиролцож цэргийн хэлэлцээрийг байгуулсан. Өмнөд Солонгосын парламент 2020 онд Умард руу ухуулах хуудас илгээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуулийг баталсан ч үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн гэж үзэн өнгөрсөн жил хүчингүй болгосон юм. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө Пхеньян Өмнөдтэй албан ёсны бүх цэрэг, улс төрийн харилцаа холбоогоо нэг талт байдлаар тасалснаа мэдэгдсэн.

Мөн Умардын зүгээс агаарын бөмбөлөг хөөргөх нь сүүлийн үед эрс нэмэгдсэн бөгөөд эдгээрийн зарим нь тагнуулын шинжтэй төдийгүй өнгөрсөн долоо хоногт гэхэд 10 орчим сэжигтэй пуужин харвасан тухай өмнөдийн албаныхан онцолжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хогийн бөмбөлөг хөөргөх кампанит ажил нь Өмнөд Солонгост хагарал үүсгэх зорилготой гэж үзэж буй юм. Тэд мөн Умардын тал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг эрмэлзэж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Редакцын бус нийтлэл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ