Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2025.04.23) болж, Богд судалгааны хүрээлэнгийн хуульч Р.Лхагвабаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн үнэлгээний тайлан”-г танилцууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан тус конвенцад Монгол Улс 2008 онд нэгдэн орсон. Энэ хугацаанд тус конвенцын 1-33 дугаар зүйл дэх зөвлөмжүүд дотоодын 932 орчим хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан, тэдгээрийн хэрэгжилт, хууль хоорондын нийцэл хангагдсан эсэхийг тус хүрээлэнгээс судалж, холбогдох үнэлгээг хийсэн байна.
Тайланд конвенцын холбогдох зохицуулалтын 82 хувь нь Монгол Улсын хууль тогтоомжид туссан, хэрэгжилт нь 50 хувьтай буюу хангалтгүй гэжээ. Иймээс эрх зүйн орчин, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахтай холбоотой 11 хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналт, мониторинг, хариуцлагын механизмыг сайжруулах санал танилцуулсан юм.
Үнэлгээний тайлантай танилцсан ажлын хэсгийн гишүүд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах шаардлагатайг тодотгон, хариуцлагын механизмыг сайжруулахтай холбоотой саналууд хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун, төр хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийнхээ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ онцгойлон анхаарах ёстойг тэмдэглээд “Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа орон нутгийн удирдлагын түвшинд нэн тодорхой үүрэгжүүлэх шаардлагатай нь ажлын хэсгийн дүгнэлтээс харагдаж байна” хэмээсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, А.Ариунзаяа, Д.Батбаяр, Ж.Баясгалан, Д.Ганбат, Г.Лувсанжамц нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулж, Улсын Их Хуралд танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.