Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн "Intel Extreme Masters Melbourne 2025" дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд Австралийн Мельбурн хотод болно.
$1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцохын нэг нь Монголын "The MongolZ" юм.
Valve-ын хоёрдугаар сарын 25-ны чансаагаар шууд уригдсан The MongolZ тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багтай 21-ний өглөө 09:15 цагаас эхлээд тоглож байна.
Хоёр баг өмнө таван удаа таарч тоглоход /хамгийн сүүлд "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд 2-0 харьцаагаар хожсон/ монгол залуус хожигдож үзээгүй. Баянбатын "maaRaa Эрдэнэдалайгийн удирдсан баг тус тэмцээнийг 9-11-р байрт орж дуусгасан бол Complexity 4-р байрт шалгарсан билээ.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлж буй "G2", "Spirit", "Aurora" багууд оролцохгүй.
2025 оны "ESL Grand Slam" цувралын эхний тэмцээн "Intel Extreme Masters Katowice 2025"-д түрүүлсэн "Team Vitality" түүнээс хойш хоёр том тэмцээнд түрүүлсэн ба дөрөв дараалан цом өргөх эсэх нь сонирхол татаж байна.
Тэмцээний журмын тухайд багууд хоёр хэсэгт хуваагдан "double-elimination format" буюу нэг удаа хожигдох эрхтэйгээр тоглох бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна. Финалын тоглолт Bo5 журмаар болох ба бусад бүх тоглолт Bo3 журмаар явна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.