Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга, зууны манлай тамирчин З.Ойдов гуайг энэ удаагийн “Редакцийн зочин” буландаа урьсан юм. Түүнийг тив, дэлхий, олимпод барилдах гээд очиход нь тухайн үеийн 62 кг-ын өрсөлдөгчид нь чичирдэг байсан гэдэг. Үнэндээ олон зуун өрсөлдөгчөө ямар ч мэх хийх боломжгүй болтол нь айлгаж илүүрхэн ялж байсан цаг үе З.Ойдов гуайд бий. Өдгөө нас өндөр болж ач, зээгээ сургуульд нь хүргэх, авах гээд мундахгүй ажилтай юм хэмээснээр бидний яриа эхэллээ.
-Танаар сонин их биз дээ?
-Тайван даа. Ач, зээгээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд, аваад л явж байна.
-Би таны өнгөрсөн, одоо үеийн талаар ярилцах гэсэн юм. Та чөлөөт бөхийн спортод хэрхэн хөл тавьсан бэ?
-Миний үеийн хүүхдүүдийн амжилтад хүрэх гол шалтгаан ерөөсөө л хөдөлмөр байсан. Усанд явах, түлээ хагалах гээд хийхгүй ажил гэж байгаагүй. Сургуульд орж, сайн, муу дүнг олон ч авсан. Биеийн тамирын хичээлд хамгийн гол дасгал уралдах, барилдах байлаа. Амралтаараа хөдөө гэртээ очвол гэрээ нүүлгэх, хашаа хороо барих ажилд гар чангарч барилдах дур сонирхол улам өдөөгддөг юм билээ. Үүнээс бөх болох замнал эхэлсэн гэж боддог.
-Таныг барилдаж эхлэх үед манай улсад сонгомол бөхийн спорт тэгтлээ хөгжөөгүй байсан. Бөхийн энэ төрлийг яагаад сонгосон юм бэ. Сонин санагдаж байна л даа?
-Хотын аварга нэртэй сонгомол бөхийн тэмцээн цөөхөн зохиогдсон юм. Түүнд барилдаж өөрийгөө хэр бөх болох вэ гэдгээ харах гэсэн эхний шалгуур тэр байлаа. Гэтэл гайгүй барилдсан шүү. Түүнээс хойш Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Н.Дамдинбямба гэдэг хүн намайг дугуйландаа авч, бөхийн спортод хөтөлж оруулсан. Дугуйланд яваад удаагүй байхдаа идэрчүүдийн УАШТ болсон. Тэр тэмцээнээс алтан медаль авахад надаас илүү багш минь баярласан гэж жигтэйхэн. Тэр хүн бөхийн спортод үнэн сэтгэлээсээ ханддаг байсан нь одоо бодоход мэдэгддэг юм.
-Таны үед улс тамирчдаа хэрхэн дэмждэг байсан бэ?
-Байнга. Гэхдээ юм болгон сайн байна гэж юу байх вэ.
-Таныг дасгалжуулагчаар ажиллаж байх үед дэлгүүрт давс, гоймон хоёроос өөр зүйл байдаггүй байсан гэдэг. Харин тамирчин байх үед тань амжилтад хүрэхэд хүндрэлтэй зүйл гарч байсан уу?
-Нийгэм социалист, капиталист хоёр өрсөлдөөний дунд амьдарч байсан болохоор иргэд сайхан амьдарч байсан. Тэр үеийн айлууд долоо хоногт нэг удаа цагаан хэрэглэлээ сольдог, мартын найман болохоор ээждээ дээлийн өнгө 350 төгрөгийн үнэтэй өндөр өсгийтэй гутал худалдаж авч бэлэглэдэг, тийм бололцоотой байсан. Тэр ч байтугай найман хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүүхдийнхээ мөнгийг нэг жил цуглуулж байгаад гэр бүлийнхээ хүнд мотоцикль хүртэл авч өгнө. Тэгэхээр намайг ид амжилт гаргаж байхад ард түмний амьдрал муу байгаагүй. Харин 1990 оны эхэн үед дасгалжуулагчаар ажиллахад хэцүү зүйл олон тохиолдсон.
-Таныг Монтреалийн олимпоос мөнгөн медаль хүртэхэд түрүүлж чадсангүй гэж дарга нар загнаж байсан гэдэг. Тэр үед урам хугарч байв уу?
-Тэр олимпод шүүгчийн цэвэр луйвар ороогүй бол өөрийгөө түрүүлсэн гэж боддог. Гэхдээ тийм байдал ганцхан надад биш манай улсын олон тамирчинд тохиолдсон. Тэд олон дэлхийн болон Олимпийн татамигаас нулимсаа арчаад буусан. Тэр байдлыг харах хэн хэнд маань хэцүү. Би тэр Олимпоос нутаг буцахдаа “Луйвраар түрүүлсэн тамирчинг дараагийн тэмцээнд “алаад” өгнө өө гээд явсан. Дараа нь амандаа хүрдэг ч байсан. Угаасаа шударгаар өрсөлдөхөөрөө тэр чадахгүй юм чинь яах юм бэ.
-Таныг анхны дэлхийн аварга болоход манайхан хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Их л хөл хөөр болж байсан. Онгоцны буудалд өнгө бүрийн цэцэг барьсан хүмүүс эгнээд зогсчихсон. Энд тэндээс олон янзын гэрэл цацарсан зургийн аппараттай сурвалжлагчид ам уралдаж ярилцлага аваад л. Дараа нь дахин түрүүлэхэд миний ард түмэн бас л тэр хэвээрээ угтсан.
-Ахмад бөхчүүд таныг “Хөлөө өгчихсөн хэрнээ унадаггүй” гэж ярьдаг юм билээ. Үүний нууц юундаа байсан бэ?
-Нэг тулгуур эрхтэнээ хүнд өгчихөөд барилдана гэдэг хамгийн муу л даа. Гэхдээ ингэж олон удаа барилдахаар сурчихдаг юм билээ. Барилдаан дунд хөлөө яаж сугалах, хариу мэх хэрхэн хийх гэдгээ нарийн төлөвлөчихсөн байдаг юм. Харин ДАШТ болон олимпод хөлөө өгч бараг л барилдаагүй. Тэдгээр тэмцээнд хүний хөлийг даадаггүй хүн оролцдоггүй юм. Хэрэв хөлөө өгөх юм бол газраас хуу татаад хаячих аюултай. УАШТ-ий энтэй тэмцээнд л хөлөө өгч барилддаг байсан.
-Жижиг тэмцээнд илүүрхэж байсан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Хамгийн гол нь дараагийн тамирчнаа сэтгэлзүйгээр нь дарах гэсэн санаа юм.
-Таны медаль одоо хэд хүрсэн бэ?
-Чөлөөт бөхөөр 10 жил барилдсан. УАШТ-ээс дээшхид оролцохдоо 32 алт, найман мөнгө, гурван хүрэл медаль авсан байдаг юм.
-Таны дүү Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчинг танихгүй хүн ховор. Хэрвээ та хоёр аль нэг томоохон тэмцээнд нэг жинд барилдаад алтын төлөө өрсөлдвөл яах бол?
-Бид хоёр нэг удаа ард түмний тавдугаар спартакиадад 74 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдаж, З.Дүвчин түрүүлсэн. Яс үзвэл би дийлэхгүй л дээ. З.Дүвчин надаас чацархаг, бөхийн бүх төрлөөр хичээллэсэн. Ер нь тиймэрхүү тэмцээнд төрсөн ах, дүүс барилдаанаа бүрэн гаргаж чаддаггүй юм билээ. Үзэгчдийн нүдээр бид шударга барилдаад байгаа мэт харагддаг хэрнээ намайг жаахан түлхвэл би ухарна, З.Дүвчинг би татвал тэр албаар наашилна. Тэр барилдаанд бид хоёроос ерөөсөө хүч гараагүй. Хэрвээ ДАШТ-нд таарвал бас л ингэх байх.
-Дасгалжуулагчийн хувьд та хоёрыг харьцуулбал...
-Би 1980 оноос хойш дасгалжуулагч хийж байгаад хэдэн жилийн өмнө орхисон. З.Дүвчингийн хувьд энэ жил ес дэх жилдээ хийж байна. Тэгсэн ч ур чадвар болон тамирчдынхаа сэтгэл санааг бэлдэхэд хэн хэн нь тодорхой хэмжээний туршлагатай. Зарим талаараа З.Дүвчин надаас илүү юм шиг санагддаг.
-Дүүгийн тань шавь С.Батцэцэг дэлхийн аварга, олимпын хүрэл медаль хүртсэн. Нэг үгээр хэлбэл таны амжилт руу дөхөж байна. Түүнийг энэ хэмжээний барилдана гэж бодож байв уу?
-Огт бодож байсангүй. Бэлтгэл хийлгэж байхдаа З.Дүвчин надаас “Энэ хүүхдэд ямар бэлтгэл хийлгэвэл таарах вэ?” гэж асуусан. Гэхдээ би нэг их юм заагаагүй өнгөрсөн. Тусгай дасгалжуулагч нь байхад тамирчных нь өмнө хөндлөнгөөс өөр хүн заавал багшийнх нь ёс зүйд халдсан хэрэг болдог юм. Харин миний дүүгийн шавь дэлхийгээс 35 жил, олимпоос 32 жил хэний ч авч чадаагүй медалийг эх орондоо авч ирсэнд баяртай байна.
-Танай нутгийн зөвлөлийнхөн таны хөшөөг гурван жилийн өмнө босгосон. Амьддаа хөшөөгөө босгуулах эвгүй санагдаж байв уу?
-Манай нутгийн зөвлөлийнхөн дүү (З.Дүвчин) бид хоёрын хөдөлмөр алдрыг таван жилийн өмнө тэмдэглэсэн юм. Тэр үед нутгийн дүү Н.Дамдинбазар санаачлан нутгаас төрсөн бизнесмэнүүдтэй хамтран хөшөө босгох санал надад тавьсан. Тэр үед би шийдтэй хариу өгөөгүй. Би ч больсон юм байгаа биз гэсэн шүү юм бодоод явж байлаа. Гэтэл гурван жил болоод надтай уулзахдаа “Энэ жил босгоно” гэдэг юм байна. Тэгээд боржин чулуу энэ тэр боллоо. Дараа нь боржин чулуу болохгүй гэнэ ээ хүрэлдье гэв. Тэгээд л хийлгэх хүнээ хайж эхэлсэн. Яг хийх болохоор эвгүй юм билээ. Хүмүүс сайхан болох нь гэж л байсан. Яг барьж эхлэхэд эвгүй болж байсан. Гэхдээ хөшөө босгох сайхан санагдсан. Хөшөө гэдэг зүйл чинь утга учиртай юм билээ. Хамгийн гол нь Н.Дамдинбазар гурван жил чимээгүй байхдаа энэ талаар судлаад явж байсан байгаа юм. Хөшөө боссоны дараа лам нар ч шүншиглэсэн. Тэр хөшөө одоо бурхан болсон гэсэн үг. Тэр болгон оролдоод байхгүй л байх. Тэр хөшөөг босгох үед би “Манай улсаас дахин дэлхийн аварга төрөөсэй” гэж залбирч байлаа. Гэтэл манай зэргэлдээ сумаас төрсөн. Тэр ч байтугай дүүгийн минь шавь.
-Дараа нь буулгана гээд байсан юу болсон бэ?
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад манай сумын тэр хавийг хот болгоно гээд бөөн юм болж байсан л даа. Тэгээд Чингисийн ордон барих байсан зураг төслөөс харахад миний хөшөө яг урд нь таарчихаж. Гэхдээ одоо хот ч байхгүй, буулгах яриа ч сураггүй болсон.
-Хэрвээ Н.Энхбаяр буулгасан бол түүнд муугаар нөлөөлөх байсан болов уу?
-Буулгана гэвэл буулгуулах л байсан. Хамгийн гол нь хотоо хэзээ байгуулах нь сонин санагдаж байсан л даа (инээв).
-Хөшөөний нээлтэд барималчид таныг харчихаад “Арай өөр болох нь” гээд шанаанаас нь сүхээр цавчихад танд эвгүй санагдаж байсан гэж ярьсан?
-Холоос харсан чинь нэг их том хашаанд миний төрхийг яг гаргачихсан байлаа. Жигтэйхэн адилхан гээч. Би улам ойртсон чинь барималчид нь намайг харчихаад “Шанаа нь арай биш байна” гээд сүхээр цавчдаг юм байна. Дотор эвгүй болсон ч юу ч болоогүй юм шиг зогсоод л байв. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө фото зургийг бариад “Эндээс нь авбал зүгээр юм уу” гээд дундаа орсон.
-Өндрөөрөө хэдэг метр вэ?
-Суурьтайгаа дөрвөн метр гаруй. Үндсэн бие нь хоёр метр.
-Таны нэрээр нэрлэсэн шинэ мэхийг манайхан зарим нэг тэмцээнд хэрэглэж байгаа харагддаг. Гэвч даацтай хийж чаддаггүй. Үүнийг яг яаж хийх ёстой юм бэ?
-Хэн нэгэн хийж суръя гэж хичээхгүй бол сурахгүй юм билээ. Хэд хэдэн хүнд заасан. З.Дүвчингийн шавь нараас бусад нь надаар заалгая гэж ирдэггүй.
-Таны бодлоор чөлөөт бөх уналтад орж байна уу, сэргэж байна уу?
-Дугуйлан ч олон болж, дэлхийн аварга дахин төрлөө. Иймээс гайгүй болж байна. Тэмцээнд хүүхдүүд оролцох нь ч нэмэгдлээ.
-Та аав, ээжийнхээ тухай дурсаач?
-Аав минь залуудаа морь сайн уургалдаг байсан гэсэн. Үүнийг ах хэлсэн. Би тэр үед бага байсан болохоор мэдэхгүй л дээ. Ээжийг их хурдан хүн байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг. Ээжийн ээжийг бяртай хүн байсан гэдэг юм билээ.
-Гэр бүлийн тань хүн ямар мэргэжилтэй вэ?
-Төмөр замын дээд сургуульд багшилдаг байгаад одоо тэтгэвэртээ суусан. Би энд тэндхийн тэмцээн уралдаанд явлаа гээд тэнээд явчихна. Үр хүүхдээ хань минь л өсгөсөн дөө.
-Ерөнхийлөгч дэлхийн болон, олимпоос медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох болсон. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Залуу насаа спортод зориулж ар гэрээ үл хайхран яваа тамирчдын арын албыг баталгаажуулж байгаа нь зүгээр. Миний үеийнхэн өнөөдөр амжилт гаргахгүй болохоор тэтгэлэг олгохгүй байсан ч яая гэх вэ гэхсэн. Залуучуудад өгөх болсон нь тэдэнд зөвхөн амжилт гаргах л үүрэг оногдуулж байна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: https://www.mnb.mn/i/293386