Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа.
-Өмнөговьчууд өнөтэй сайхан өвөлжиж байна уу. Өвөлжилт хүндэрсэн сумд бий юу?
-Өмнөговьчууд өнөтэй сайхан өвөлжиж байна. Хур бороо элбэг, зуншлага сайхан болсон учраас мал сүрэг маань онд тарга хүч сайтай орж буй. Говь нутагт амны цастай байхад л болоод явчихдаг юм шүү дээ. Өнөөдрийн байдлаар өөр аймагт отор нүүдэл хийж байгаа малчид байхгүй. Өвс, тэжээлийн улсын нөөцөө Засгийн газрын тогтоолд заасан хэмжээнд бэлтгэсэн. Аймгийн нөөц ч хангалттай. Манайх саяын мал тооллогоор 2.5 сая толгой мал тоолуулсан. Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сумдын аж ахуй нэгж, албан байгууллагууд бүгд өвөлжилтийн бэлтгэлээ дор бүрнээ хангаж ажилласан. Дулааны цахилгаан станцын засвар цагтаа дууссан. Аймгийн төвийн дулаан, цахилгааны хангалт хэвийн. Сумдын уурын зуух мөн хэвийн ажиллаж буй. Тэгэхээр өвөлжилттэй холбоотой санаа зовоосон зүйл одоогоор алга.
-Монгол Улсын эдийн засаг хямарсан байгаа энэ үед түших тулгуур нь Уул уурхай. Тэр дундаа Өмнийн говь нутагт улсын төсөвт хамгийн их нэмэр болж буй уул уурхайн компаниуд байрладаг. Тэгэхээр 2017 онд Өмнөговь аймаг улсын эдийн засагт дэм болох тодорхой үүргийг хүлээж байгаа болов уу. Энэ оны аймгийн төсөв ямар хэмжээнд батлагдав. Улсын төсөвт хэдий хэрийн хөрөнгө төвлөрүүлэх вэ?
-Өмнөговь аймгийн 2017 оны төсөв 103 тэрбум төгрөг. Үүнээс 28 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Ерөнхийдөө үүргээ биелүүлж чадна гэж бодож байгаа. Өнгөрсөн наймдугаар сараас аймгийн нутаг дэвсгэрт буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сэргэсэн. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч болох БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ өссөн. Харин дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа.
Манай гол гаргадаг экспорт бол зэс, нүүрс шүү дээ. Наймдугаар сард БНХАУ-ын зах зээлд 140 ам.доллар байсан нүүрс, одоо 200 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа учраас уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж, ажилчдаа эргүүлэн татаж, түүнийг дагаад олон гэрээт компаниуд бий болж байна. Мөн дэлгүүр, гуанз, түлш шатахуун, үүрэг телефонийн карт зэргээс эхлээд түүнийг тойрсон жижиг бизнес, үйлчилгээний газрууд хөгжчихдөг. Шууд бус дам байдлаар эдийн засагт эерэгээр нөлөөлөөд эхэлдэг. Гол нь улс, орон нутаг, суманд гээд тус тусын чиглэлээр татвар бүрдэнэ. Өмнө нь татварын өр хуримтлагдсан аж ахуй нэгжүүд ч оны эцэс гэхэд өр авлагаа барагдуулж эхлэх жишээтэй.
Энэ хэвээр нүүрс, зэсийн үнэ өсөлттэй байвал 2017 оны төсвийн бүрдэлтэд санаа зовохгүй байх боломжтой мэт дүр зураг харагдаад байгаа юм. Түүнчлэн, энэ онд бүтээн байгуулалтын нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Ингэснээр ажлын байр нэмэгдэнэ. Тавантолгой, Нарийн сухайтын уурхайд цахилгаан станц барих ажил эхлэх гэж байгаа. Төмөр зам барих асуудал яригдаж байна. Нүүрсний баяжуулах үйлдвэр мөн баригдана, эдгээрийг дагаад ажлын байр шинээр нэмэгдэх болов уу.
-Бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж та дурьдлаа. Ер нь ирэх жилүүдэд аль чиглэлд бүтээн байгуулалтыг түлхүү хийхийг зорьж байна вэ. Үйлдвэрлэлд үү, эсвэл?
-Манай аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг өнгөрсөн найман жилд сайн хийсэн юм байна. Түүнийгээ үргэлжлүүлээд ирэх дөрвөн жилд бид ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Засаг даргын тамгын газрын барилгууд бараг бүх суманд шинээр баригдсан. Эмнэлэг, сургууль, дотуур байр гэх мэт маш олон барилгыг барьж байгуулжээ. Харин ирэх дөрвөн жилд ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалтыг хийнэ. Тэр нь юу вэ гэвэл уул уурхайд түшиглэсэн ханган нийлүүлэлт хийдэг үйлдвэрийг барих бодолтой байна. Тухайлбал, малын мах, түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулж, уул уурхайн компаниудад нийлүүлэх, цаашилбал, урд хөрш рүүгээ мах экспортлох тооцоотой байгаа. Мал харьцангуй өсч байна. Малчдад одоо борлуулалт хэрэгтэй.
Мөн хөдөлмөр хамгааллын хувцас, баяжмалын уут, шуудай гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлэх оёдлын үйлдвэр байгуулах бодолтой байна. Түүнчлэн, төмс хүнсний ногооны чиглэлээрх хүлэмжийн аж ахуйг дэмжинэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэх нь гарцаагүй. Миний дээр дурьдсанчлан дулааны цахилгаан станц гэх мэт улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг дагасан үйлчилгээний газрууд бий болох боломжтой.
Тэдгээртэй хамтарч ажиллана. Бас уул уурхайн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллана. Аялал жуулчлалаа хөгжүүлэх чиглэлээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн зүйл бас бий. Хилийн хоёр боомтоо түшиглээд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байна. Ирэх дөрвөн жилийн гол бодлого ерөнхийдөө уул уурхайг дагасан томоохон бүтээн байгуулалт түүнийг дагасан ажлын байр, тэгээд үр дүнд хувь хүний хөгжил, өрх гэр бүлийн орлого гэсэн чиглэлийг барьж ажиллана. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй Оюутолгой, Тавантолгой, МАК гэх мэт Улаанбаатарын нийт 15 компани бий. Бид тэдгээр компанийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцсон. Харин энэ онд уурхай бүртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Тэр нь гурван үндсэн чиглэлтэй байх юм.
Тодруулбал, ажилчдын дийлэнх нь Өмнөговь аймгийн харьяат байх. Эхний ээлжинд манай аймгаас ажилтан авна. Шаардлагатай тохиолдолд бусад аймгаас ажилтан авна гэсэн нөхцлийг тавьж байгаа. Хоёрт нь, Өмнөговь аймгийн аж ахуй нэгжээс ханган нийлүүлэлтээ хийнэ. Гуравт нь, үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа тухайн уурхай нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нөхцлөөр хамтарч ажиллах юм.
Тухайлбал, тухайн үйл ажиллагаа сум, баг, аймгийнх нь эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжгүй бол аваад өгөх, сургууль нь дотуур байргүй бол бариад өгөх ч гэх юм уу ийм байдлаар хамтарч ажиллах юм. Улсын төсөв хүнд байгаа шүү дээ. Энэ үед уурхайнууд маань ашигтай ажиллавал орон нутагт хэрэгтэй зүйлд нь хөрөнгө оруулалт хийх маягаар хамтарч ажиллавал зүйтэй юм болов уу. Харин томоохон бүтээн байгуулалтын ажилд уурхайнууд хоорондоо нэгдэж, сан байгуулах зэргээр хамтарч ажиллахаар ярилцаж байна.
-Нэг талаас та орон нутгийн баялгийг ашиглаж байгаа бол хөрөнгө оруулалт хийж, нутгийн иргэдийг ажилд ав гэсэн нөхцөл тавьж буй юм байна. Гэтэл нөгөө талд, компанийн талаас шаардлага хангахуйц мэргэжилтэй боловсон хүчнийг нийлүүл гэсэн шаардлага тавьж таарна. Томоохон уул уурхайн компанийн шаардлага хангахуйц мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бэлдэх тухайд та ямар бодлого баримталж байна вэ?
-Тийм ээ, яах аргагүй асуудал тулгардаг. Өмнө нь манайд МСҮТ байсан юм. Харин 2012 оноос үйл ажиллагааг нь өргөжүүлж, политехникийн коллеж болгосон. Политехникийн коллежийн сургалт нь уул уурхайд шаардлагатай боловсон хүчин бэлтгэх хэмжээнд очсон. Багш нар нь гэхэд Австрали, Германиас ирж хичээл заадаг байх жишээтэй. Хөтөлбөр нь ч гэсэн хэрэгжиж байна. Хоёрдугаарт, Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар томоохон сургалтын төвийг байгуулж, сургалтад хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдээр нь хангачихсан.
Бид ч уул уурхайн компанийн удирдлагуудтай ярьж байгаа. Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, политехникийн коллеж, уул уурхайн компани, аймгийн Засаг даргын тамгын газар хамтарч боловсон хүчнээр хангах ажлыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд, урт, богино хугацааны сургалт явуулж, дадлагыг уурхайд нь хийлгэж, эцэст нь шалгалт авч тэнцсэн тохиолдолд ажилд авах байдлаар хамтарч ажиллана. Боловсон хүчнийг бэлтгэх тал дээр энэ мэт арга хэмжээг авч байна. Нөгөөтэйгүүр, Өмнөговь аймагт сүүлийн хэдэн жилд уул уурхай эрчимтэй хөгжсөн учир бусад аймгийг бодвол уул уурхайн мэргэжилтэй, ялангуяа хүнд машин механизмын чиглэлийн ажиллах хүчин харьцангуй сайтай. Сүүлийн арав гаруй жил уул уурхай эрчимтэй хөгжсөн. Энэ чиглэлийн чадвартай залуусын нэг үе бий болсон гэж хэлж болно. Өнгөрөгч намар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Англи хэлтэй Өмнөговь” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгаж батлуулсан байгаа.
Тэр нь Өмнөговь аймгийн хүүхэд, залуусын англи хэлний мэдлэгийг сайжруулахад чиглэгдсэн байгаа. Төсөв тавьж өгөөд, англи хэлний багш нар, сургуулиуд, сургалтын төвүүдээ хамруулж, уул уурхайн компаниудынхаа дэмжлэгийг авч, гадаадын сайн дурын англи хэлний багш нартай холбогдож ажиллаж байгаа.
Энэтхэгийн Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн бүсийн англи хэлний олимпиадыг зохион байгууллаа. Уул уурхайн компанийн тавьдаг нэг шаардлага нь англи хэлний мэдлэг байдаг учраас энэ мэт ажлуудыг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайн хувьд англи хэлний мэдлэг шаардаад байдаг талтай. Аялал жуулчлалд ч хэрэгтэй. Нэгэнт Өмнөговь аймаг уул уурхай, аялал жуулчлалын бүс нутаг учраас хүмүүсээ эртнээс бэлтгэж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд анхаарч байна даа.
-Таны мөрийн хөтөлбөр бусад аймгуудаас юугаараа давуу талтай вэ. Мэдээж, уул уурхай Өмнөговийн бусдад гайхуулах нэгэн давуу тал. Гэхдээ өөрөөр бусад аймгуудад үлгэр жишээ болох онцлог нь юу байгаа вэ?
-Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ард иргэдтэйгээ уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, янз бүрийн шугамаар санал авч байж боловсруулсан. Ингэхэд агуулга нь нийгэм рүүгээ чиглэгдсэн, хүн төвтэй байхаар дүр зураг гарч ирсэн. Бүх хүн л ажлын байр хэрэгтэй байна, ажил хиймээр байна, орлоготой болмоор байна. Ингэж байж л амьдарна. Дээр нь эрүүл байх хэрэгтэй байна. Тэгээд хүүхдүүдээ сургах хэрэгтэй байна гэсэн гол зүйлсийг хэлж байсан.
Нэгдүгээрт, эрүүл байх, хоёрдугаарт сурч боловсрох, гуравт ажилтай байх ёстой гэсэн зүйл дээр бид төвлөрсөн. Иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн 17 дэд хөтөлбөр бий. Эрүүл шүд, эх нялхасын эндэгдлийг бууруулах, өрх гэр бүл, хүүхэд залуус, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхмэтчилэн нийгмийн салбар бүр рүү чиглэсэн хөтөлбөрүүдийг төсөвтэй нь, хийх ажлын нарийн төлөвлөгөөтэй нь боловсруулчихсан байгаа. Хоёрдугаарт, сургалт гэдэг дээр нь элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж дүнгээр манай аймаг хойгуур байрт орж буй учир үүнийг урагшлуулахад чиглэгдсэн хөтөлбөрүүд бий.
Хамгийн түрүүнд математикийн олимпиадад амжилт үзүүлэх, математикийн хичээлийг сайжруулахад чиглэсэн “Оюуны хурд” гээд хөтөлбөр, мөн дээр дурьдсан “Англи хэлтэй өмнөговь” хөтөлбөр, багш хөгжил гэх мэтээр боловсролын чиглэлээр мөн олон дэд хөтөлбөрүүд батлагдсан. Ажилгүйдлийг бууруулахад чиглэгдсэн хөтөлбөр мөн батлагдсан. Үүнд уул уурхайг дагасан ажлын байр бий болгох талаар ажлууд тусгагдсан. Уул уурхайн компаниуд ажилчдаа Улаанбаатараас аваад байдаг юм. Бид олон удаагийн уулзалтын үр дүнд аймгийн хөдөлмөрийн хэлтсээр дамжиж, ажилтнаа шалгаруулж авдаг систем рүү шилжихээр тооцоолсон.
Эхнээсээ ойлголцоод он гараад Оюутолгой компани буюу тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд аймгийн хөдөлмөрийн хэлтэс, политехникийн коллежоор дамжуулан сургаж, хүмүүсээ авахаар гэрээ хэлцэл байгуулахад бэлэн болоод байна. Бусад аймгаас ялгарах онцлог нь гэвэл энэ байна.
-Та битгий эмзэглээрэй. Өмнөговийг говийн ганц айлаар төсөөлж бодох хүмүүс байдаг. Говийн сум, баг, аймгийн төвөөс алслагдмал бүс нутагт ганц гэрээрээ буусан өрх айлд мэдээллийг хүргэх, тухайн өрхийнхний эрүүл мэнд, үр хүүхэд нь сурч боловсрох эсэх талаархи асуудал таны мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдсан бэ?
-Манайх Монгол Улсын хэмжээнд хамгийн том газар нутагтай аймаг. Сумд нь хоорондоо хамгийн наад зах нь 100 км зайтай. Баг, айлууд ч хоорондоо нэлээд зайтай. Хангайнхан шиг айл, саахалтаараа бууддаггүй. Бэлчээрийнхээ байдлаас шалтгаалаад ийм онцлогтой. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилт тавьж байгаа. Тэгээд хөдөлгөөнт баг гэх үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон. Отор, нүүдэл хийгээд хотын төвөөс ходчихдог. Тэнд төрөх дөхсөн эмэгтэй, өндөр настан байж л байдаг.
Гэтэл малаа дагаад бэлчээрээ дагаад хол явчихдаг. Тэр бүр аймаг, сумандаа очиж хяналтад орж, эмчид үзүүлж, эм тариа хэрэглээд байх боломжгүй шүү дээ. Нийгмийн даатгалын бичилт хийлгэх, хүүхдийн мөнгөө авах, банк руу очих гэх мэт маш олон үйлчилгээ бий. Энэ мэт төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжтой хөдөлгөөнт баг сар эсвэл улиралдаа нэг алслагдмал бүс нутагт амьдарч буй иргэдээ эргэж, төрийн үйлчилгээгээ хүргэдэг байдал руу шилжие гэсэн зорилт тавьчихаад байгаа. Түүнийгээ хэрэгжүүлж ажиллана даа. Хуучин үеэ бодвол малчдын хувьд өөр болсон. Хоногийн 24 цагийн цахилгаантай.
Нар, салхины цахилгаан үүсгүүртэй. Телевизтэй. Биднээс ч илүү мэдээлэлтэй. Байнгын мэдээ үзээд байж байдаг. G Mobile-ын сүлжээ ерөөсөө Монгол орныг бүрхсэн. Малчид бүгд үүрэн холбооны сүлжээнд холбогдчихсон. Нэг нэг рүүгээ залгаад л адуу малаа сураглана. Бүхий л мэдээллийг авчихдаг. Сумаас үүрэн холбооны оператор компаниудтай яриад мессежний хямд өртөг бүхий багцтай болчихсон юм байна. Сумын Засаг даргын Тамгын газраас хийсэн мэдээллээ бүх малчиддаа зэрэг биччихдэг. Ийм үйлчилгээ нэвтэрчихсэн. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой нь өссөн учир амьжиргаа нь ч дээшилсэн. Унаагүй айл гэж ер нь байхгүй болсон. Ер нь ингээд харахад малчдын маань амьжиргаа аймгийн төвд суудаг ажил төрөлгүй өрхтэй харьцуулахад хөдөөгийнх нь хамаагүй илүү ийм байдалтай.
-Өвчлөлт эрүүл мэндийн тухайд ямар өвчин зонхилж байна вэ?
-Ундны устай холбоотойгоор элэг, ходоод, дотрын өвчин л зонхилдог. Бид судалгаа хийсэн. Улсын хэмжээнд элэгний өвчлөл нас баралтын шалтгаанаар нэлээд дээгүүр явдаг юм байна. Тэгээд мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Өмнөговь” гээд хөтөлбөр оруулчихсан. Жилдээ 100 сая, дөрвөн жилдээ 400 сая төгрөг зарцуулах юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь эхний ээлжинд үнэ төлбөргүй Өмнөговь аймгийнхаа 18-аас дээш насныхныг элэгний В, С вирүсийн шинжилгээнд хамруулна. Одоо боломж нээгдэж байх шиг байна.
Элэгний вирүсийн эсрэг үйлдэлтэй эмийг нийгмийн даатгалын хөнгөлөлттйэ эмийн жагсаалтад оруулчихлаа гэсэн мэдээ гарч байна лээ. Дараагийн ээлжинд эмчлэх асуудлыг үе шатаар нь шийдвэрлээд явах юм. Бас бэлгийн замын халдварт өвчин харьцангуй өндөр байдаг юм байна. Уул уурхайгаа дагаад 21 аймгаас хүмүүс ирдэг.
Зарим уул уурхай өндөр хөгжсөн сумдад хороолол үүсч байна шүү дээ. Увс, Завханы гэх мэт. Мөн түүхний эдийн гол худалдан авагч болох БНХАУ-ын иргэд ажил төрлийн гэх мэт янз бүрийн шугамаар хоёр хилийн боомтоор орж гарч байна. Тийм учраас бэлгийн замын халдварт өвчлөлөөр бусад аймгаас илүү байдаг юм байна. Энэ тал дээр манай Эрүүл мэндийн газраас онцгой анхаарал хандуулж, уул уурхайн үзлэг шинжилгээг хоёр талаасаа нэлээд хийдэг юм. Өвчлөлийн хувьд энэ мэт өвчлөлүүд зонхилдог юм болов уу гэсэн судалгаатай байгаа.
-Гэмт хэргийн гаралт мөн өндөр хувьтай гарч байгаа гэсэн. Зөвхөн нэг сард найман хүн нас барлаа гэсэн харамсалтай мэдээлэл байна билээ. Мөн нойргүй удаан хугацаагаар явдаг хүмүүс сэргээшийн төрлийн мими гэх бодис хэрэглэдэг гэх юм. Хил гаалийн зохицуулалтгүйтэй холбоотой байх. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр боомт бий. Зөвхөн нэг боомтоор л гэхэд өдөртөө 2-3 мянган машин нааш цаашаа явж байдаг. Суурин 6000, ирж очиж буй 4000, нийтдээ 10 гаруй мянган хүн тогтмол боомт дээр байна. Дээр нь замбараагүй, зохицуулалтгүй. Түүнийг дагаад архидалт, гэмт хэрэг, аваар осол их гардаг. Гол нь аваар осол их байдаг. Нүүрсний үнэ наймдугаар сарын сүүлчээс өссөнөөс хойш ийм байдал сүүлийн хэд хоногт нэлээд хүндэрч эхэлсэн. Сумдын хувьд бусад аймагтай харьцуулахад нам, тайван л даа. Гол нь боомт дээр. Бид ч арга хэмжээ авсан.
...Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч болох БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ өссөн. Харин дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа. Манай гол гаргадаг экспорт бол зэс, нүүрс шүү дээ. Наймдугаар сард БНХАУ-ын зах зээлд 140 ам.доллар байсан нүүрс, одоо 200 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа учраас уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж, ажилчдаа эргүүлэн татаж, түүнийг дагаад олон гэрээт компаниуд бий болж байна...
Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яамныхантай уулзаад, замын цагдаагийн 16 хүний бүрэлдэхүүнтэй нэг хэсэг аваачиж, журамлуулсан. Гэтэл тэнд Е ангилалын жолооны үнэмлэхгүй атлаа Шалаанз машин уначихсан явж байдаг юм байна. Бүр огт жолооны үнэмлэхгүй хүн, согтуу, гурав, дөрвөн хоног унтаж амраагүй хүмүүс ч машин жолоодоод явж байдаг юм байна. Зарим талаар оюутнууд хичээлээ хаях, эсвэл чөлөө аваад хоёул, гурвуулаа машин түрээслээд явж байдаг юм байна. Энэ мэтчилэн маш олон замбараагүй асуудлууд гарсан. Нүүрсний зам дагаад дэлгүүр гуанзууд хууль бусаар согтууруулах ундаа зарж байдаг юм байна.
Сая Ерөнхий сайд ч ирсэн. Энэ асуудалд анхаарал тавьж, хууль хүчний байгууллагад үүрэг өгсөн. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 16 хүний бүрэлдэхүүнтэй хэсгээ цагдаагийн тасаг болгоод 30 хүний бүрэлдэхүүнтэй гэрээт цагдаагийн хэсэг байгуулж ажиллахгүй бол болохгүй юм байна лээ. Тийм учраас уурхайнууд өөр өөрсдөөсөө хөрөнгө гаргаж, сан байгуулаад гэрээт цагдаагийн тасаг ажиллуулж, тэр дотроо хэв журам, авто, эрүү, хэрэг бүртгэл гэх мэт цогцоороо тасаг очиж ажиллабал энэ асуудал байхгүй болно. Төсвийн хүндрэл орон тооноос шалтгаалаад цагдаагийнхан хүрч ажиллаж чадахгүй байсан. Гэнэт бужигнаад эхэлмэгц нэмэлт хүч авсан. Он гаргаад тогтмолжуулах арга хэмжээ авч ажиллана. Тэгэхээр гэмт хэргийн гаралт харьцангуй багасах байх.
-Байгаль орчин таны сэтгэлийг зовоож буй асуудлын нэг. Хэдийгээр нүүрс эдийн засгийн эргэлтэд орсноор ард түмний амьдрал ахуй сайжрах нь сайн ч, тодорхой цаг хугацааны дараа үр хойчид ямар байгаль үлдэх вэ гэдэгт та хамгийн их анхаарал тавьдаг болов уу. Говь ундны ус муутай. Гэтэл том уурхай ажиллана гэхээр усны нөөц тэр хэмжээгээр дундарна гэсэн үг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Ард иргэд, нутгийн удирдлагууд бидний байр суурь бол гүний усыг ашиглуулахгүй байх. Ер нь газрын дор усны нөөц бол бий. Өмнөх дөрвөн жилд балгасны улаан нуур гээд том нуур уурхайнуудын хажууд байрлаж байгаа юм. Түүнийг ашиглана гэсэн ТЭЗҮ-гээ боловсруулсан байсан. Тэрийг нь орон нутгаас зөвшөөрөлгүй тусгай хамгаалалтад авчихсан. Миний хувьд мөрийн хөтөлбөртөө уул уурхайд газрын гүний ус ашиглахыг дэмжихгүй, хориглоно гэж тусгасан. Хэрлэн, Орхон гол гээд төслүүд бий.
Өндөр өртөгтэй л болохоос говь руу ус татах төслүүдийг дэмжиж ажиллана гэсэн төслүүдийг оруулчихаад байгаа. Ус татах төслийн туршлагууд манай урд хил гараад цаана нь баяннуур аймагт байж л байгаа. Шар мөрнөөс нааш нь Хатан гол. Хатан голоос нааш нь салбарлуулаад хилийн цаахна мөрнийг аваад ирчихсэн туршлага байгаа. Манай эрдэмтэд боловсруулсан төслүүд байгаа. Үүнийг аль аль талдаа ойлголцож, нэгэнт уул уурхайгаа явуулж, орлого олохын тулд энэ төслүүдээ явуулж, ажиллуулах нь зөв гэж тооцож үздэг. Гадагшаа урсгалтай том голуудын төвшнөөс үерлэсэн үед давсан хэсгийг наана нь нөөцөлж, далан байгуулаад тэрийг нь нааш нь урсгах төслүүд байгаа. Үүнд зоригтой хөрөнгө оруулалт хийж нааш нь татах ёстой гэсэн асуудал байгаа. Замын асуудалд Тавантолгой, Гашуун сухайтын автозам тавигдчихсан.
Ирэх жилээс төмөр зам тавигдана. Тоосжилт байхгүй болж байна. Шороогоор явдаг байсан чинь өнгөрсөн жил Хүрэлсүх сайд ирэхдээ бүгдийг нь хориглоод зам руу гаргачихсан. Тодорхой төлбөр төлөөд зам дээгүүр явдаг болсон. “Говийн зам” гээд төрийн өмчит зам байгаа. Баруун талд 140 тонны даацтай замыг Эс Жи Эс-ийнхэн Моннисийнхан нийлээд барьчихсан. Түүн дээгүүр явж байна. Бас баруун талд Шивээ хүрэнгийн боомтод төмөр зам ирэх хавраас эхлэн баригдахаар яригдсан.
Малчдын хувьд бэлчээр сүйтгэх, тоос босох асуудал байхгүй. Уурхай орчимд бол олборлолт явагдаж буй учраас тоосжилт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ хуультай. Компаниуд эргээд нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлтээ хийж, моджуулах, ногоон болгох ажлуудыг төлөвлөгөөндөө тусгаад тодорхой хуулиараа нийт орлогынхоо тодорхой хувийг нь сумын дансанд байршуулаад явах ажлууд хийгдэж байгаа. Харьцангуй манайд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нөхөн сэргээлтийн тал дээр нэлээд идэвхитэй ажилладаг. Бүгд байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй. Ногооруулах, ногоон болгох, тухайн сум багтаа мод суулгах ажлуудыг хийдэг. Нөхөн сэргээлтийн ажил тодорхой үе шаттай хийгдээд явна. Ялангуяа уурхай ашиглалт дуусах үед нөхөн сэргээлтийг тухайн газар уул уурхайн олборлолт хийсэн гэдэг нь мэдэгдэхээргүй болгож ногооруулж өгөх үүрэгтэй явдаг.
-Монгол орны нэн ховор амьтад хилийн зурвасаар Хятад руу гарчихаад эргэж орж ирдэггүй гэсэн асуудал чих дэлсдэг юм. Та ч гэсэн сонсч л байсан байх. Ер нь байгаль хамгаалагч нартайгаа, хил орчмын нутгийн иргэдтэйгээ ярилцаж явахад энэ мэт асуудал хөндөгдөж байв уу?
-Хилийн цэргийн ерөнхий газраас хил дээр тор тавих асуудал хийгдэж буй юм билээ. Монгол улсын хилээ тойруулаад. БНХАУ-ын тал бол тор тавьчихсан. Манайх ч гэсэн тор тавих ажлыг хийж байгаа. Ер нь мал хилийн зурвас нэвтрээд явдаг асуудал байхгүй болсон. Зэрлэг амьтдын хувьд хулан, зээр салхинд туугдаад хил гараад явах асуудал байсан. Одоо тор тавиад эхэлснээс хойш харьцангуй гайгүй болсон байгаа. Торонд очоод, орооцолдоод үхсэн тохиолдол бол гардаг. Сүрэг сүргээрээ гарч явдаг асуудал байхгүй. Торжуулах ажил дуусч байгаа.
-Аймгийн хоёр, гурван ч хүнээс Засаг даргаа таних уу гэж асуулаа. Тэд бүгд л танина, цэргийн хүн шүү дээ гэж хариулж байсан. Магадгүй таныг зүс таних төдий мэддэг хүн ч байж мэднэ. Ер нь та ер нь хэн бэ. Улс төрд хэдий үеэс хөл тавив. Дуртай хүн Монгол Улсын хамгийн баян аймгийн Засаг даргын суудалд суухгүй байх болов уу. Та өөрийгөө танилцуулаач?
-Би цэргийн сургууль төгссөн юм. Эзэмшсэн мэргэжил нь цэргийн ар тал. Дараа нь АНУ-ын Калифорнийн их сургуульд мастераа хамгаалсан. Тэнд дөрвөн жил сурсан. Үндсэндээ хоёр л сургууль төгссөн. АНУ-д бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан юм. Ажлын тухайд Цэргийн сургуульдаа багшилж байгаад Төрийн өмчийн хороонд дөрвөн жил мэргэжилтнээр ажиллаад аймагтаа ирээд Татварын газрын дарга, Тамгын газрын дарга гээд 13 жил төрийн албаны удирдах албан тушаалыг хашсан. Ер нь ихэнхдээ л удирдах ажил хийж байсан даа.
-Цэргийн ар тал гэхээр аж ахуйд их ойрхон шүү дээ?
-Хувцас, хүнс, түлш шатахуун, барилга, хоол хүнс, сантехникийн асуудлаа хариуцна шүү дээ.
-Улс төрд хэдий үеэс тууштай орсон бэ?
-Улстөрд өнгөрсөн жилээс илүү ойртсон. Намд 2002 онд элсээд өнгөрсөн жил намын даргаар томилогдсон. Төрийн захиргааны ажил хийж байсан учраас намын ажилд төдийлөн оролцдоггүй байлаа. Төрийн албаны тухай хууль 2006 онд гараад нам бус болгосон шүү дээ. Намын ажил руу өнгөрсөн жил намын даргын ажлын авснаас хойш л үндсэндээ орсон. Одоо намын дарга, Засаг даргаа хамт хийгээд явдаг юм. Өмнө нь Тамгын газрын даргаар таван ажил ажилласан учраас жаргал зовлонг нь мэднэ. Хоёр, гурван Засаг даргатай хамтарч ажиллаж байсан. Уул уурхайн чиглэлээр Таван толгойн ТУЗ-ын даргаар мөн таван жил хийсэн. Энэ талын ажлыг гадарлана. Намайг Тамгын газар байхад буюу 2002 оноос аймаг уул уурхайн компаниуд дөнгөж л олборлолт явуулж эхэлж байсан. Анхны шаваа тавьж, кэмпээ барьж эхэлж байсан. Эргээд ажил авахад үйл ажиллагаа нь нэлээд төлөвшчихсөн байдалтай байна. Уурхайн удирдлагууд таньдаг мэддэг тийм л улсууд байна. Ажил явахад хөрс нь харьцангуй байна. Тамгын газарт ч тавьдаг хүмүүс байж л байдаг.
-2017 оны төсвөө боловсруулж байхдаа нүүрсний үнийн өсөлт хөөсрөлт байх вий гэх эрсдэлийг тооцсон уу?
-Дэлхийн томоохон биржүүдийн үнэ, Хятадын Шаньси, Бугатын хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн үнийг байнга судалж байсан. Хятад руу ч нэлээд явдаг байлаа. Ерөнхий байдлуудыг ажиглаж байгаа. Мөн энэ тэндэхийн сонин хэвлэл, мэдээллээс харж байгаа. Энэ удаагийн яах аргагүй Хятадын эдийн засаг сэргэж байна. Хоёр, гурван жилийн өмнө очиход барилгууд нь баригдаж эхлээд царцчихсан байдалтай байдаг байсан. Барилгын компанийн захирал нь өрөнд ороод барилга дээрээсээ үсэрч амиа хорлоод л. Энэ хавраас очиход барилгууд нь баригдаад байж байх жишээтэй.
Тэгэхээр бодитойгоор хөөсөрсөн байсан үнэ нь буурч, халсан эдийн засаг нь хөрөөд хүмүүс нь байшин худалдаж авах боломжтой болоод мөнгөө компаниуддаа өгч, компаниуд нь кокс, төмрийн үйлдвэрүүддээ өгч, банкууддаа зээл төлбөрөө өгнө. Тэд нарын үйл ажиллагаа үргэлжлээд эхэлмэгц нүүрс нь хэрэгтэй болоод ахиад өөр барилга замынхаа ажлуудыг хийгээд Хятад тав таван жилийн хугацаатай том том төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байна. Алс алс мужууддаа төмөр зам, автозамаар холбоно. Өвөрмонголоо , Шинжаан уйгараа хөгжүүлнэ гэх мэтээр том том зорилтууд тавиад эхэлж байгаа юм. Тэр нь бидэнд шууд нөлөөлж байгаа юм. Тэр олон бүтээн байгуулалтыг хийнэ гэхэд төмөр, барилгын маетриал хэрэгтэй болно.
Түүнийг хийхэд манай түүхий эд хэрэг болно. Ингээд шууд утгаараа нөлөөлж байгаа. Энэ мэт байдлаас ажиглахад ямар ч байсан 2017 ондоо энэ үнэ буурахгүй байх гэсэн зураглал байгаа. Энэ онд, ирэх таван жилд Хятадад асар олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Хөдөө рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтыг хийх юм билээ\. Миний бодлоор учиргүй 2012 оных шиг хөөсрөлт үүсэхгүй болов уу. Гэхдээ том эдийн засагч биш болохоор би сайн мэдэхгүй.
-Аялал жуулчлалаар Монголдоо тэргүүлэх бодол байна уу?
-Ер нь Монголд ирж буй жуулчдын ихэнхи нь Хөвсгөл, Өмнөговийг л зорьдог. Манай хоёр аймагт л голлон зорчдог учраас энэ салбарт тэргүүлж явдаг юм болов уу гэсэн ойлголттой байдаг. Дээрээс нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал хилийн цаана байгаа асар олон сая жуулчдыг манайх татаж чадвал хүссэн хүсээгүй тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
-Та тэгээд юу үзүүлэх юм бэ?
-Хятад эдийн засгийн хувьд харьцангуй гайгүй болчихсон учраас иргэд нь байнгын цэвэр цэмцгэр байшин, тэгш зам, тохилог орчинд амьдардаг. Тэр ч үүднээс Монгол, Өвөрмонголд очиж, бартаат замаар явах сонирхол бүхий тусгай клуб, аялалын компаниуд байдаг юм билээ. Судалгаа хийж үзсэн нь л дээ. Манай хоёр боомтод хоёуланд нь л боломж бий. Шивээ хүрэнгээр орж ирж буй жуулчид үлэг гүрвэлийн яс олдсон дээр үеийн ертөнцийг санагдуулам Хэрмэн цаваар машинтай явах ралли маягийн зүйл байх боломж. Нөгөө боомтоор орж ирэх жуулчид Дэмчигийн хийд, Оюутолгой, Тавантолгойг үзээд буцаж ч болно. Говийн үзэсгэлэнтэй газруудыг үзэх хоёр, гурван хоногийн хугацаатай маршрут эсвэл нэг өдрийнх ч байж болно шүү дээ. Одоо л гэхэд хоёр боомтын цаана автобустай хятадууд хүрч ирээд зургаа даруулчихаад л буцдаг. Тэдний ихэнх нь газар сонирхож яваа сургуулийн хүүхдүүд, бүр гүний хятадууд байдаг.
Тэднийг заавал виз гэхгүйгээр цагаан хуудсаар оруулж ирээд Монгол хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйл үзүүлээд буцаагаад явуулдаг байвал өдөрт л хэдэн зуун юан манайд үлдэнэ. Өдөрт л хэдэн зуугаараа орж ирнэ. Замын-Үүдийг аваад үзэхэд, боомтоос хоёр км зайд монгол орчин бүрдүүлчихсэн жуулчны бааз байна лээ.
Тэнд хятадаас жуулчид автобусаар орж ирээд, хоол идчихээд соёмбоны дэргэд зургаа авхуулчихаад буцаад явах жишээтэй. Саяхнаас бүр өргөжөөд Хар уул-Хамрын хийд-Сайн шанд гэсэн гурван хоногийн маршруттай болчихсон байсан. Манайх ялгаагүй л зэргэлдээ аймаг. Дэмчигийн хийдээ Хамрын хийд шиг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Баяжихийн агуй, Мэлхий хад гээд гурав, дөрвөн цэгийг өдөртөө тойроод гарах байдлаар зохицуулалт хийж болно. Зам харгуй нь бэлэн болсон учраас хөгжих боломжтой гэж харж байгаа юм.
-Утаа, агаарын бохирдлын асуудал хот гэлтгүй хөдөөд ч асуудал үүсгэж эхэлжээ. Өмнөговь аймаг ч агаарын бохирдлоороо нийслэл хотын дараа орж байгаа гэсэн. Утааг бууруулахад чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ?
-Утааны асуудал их яригдаж байгаа. Утаагүй зуух төсөл гээд хэрэгждэг. Гэхдээ нэмэргүй юм. Миний төлөвлөж буйгаар гэр хороолол руугаа дулааны шугам сүлжээ татах ажил хийхээр төлөвлөсөн. Гэр хорооллын айлуудаа дулаанд холбоно. Ер нь бүгд байшинтай болчихсон шүү. Гудамж руу нь дулааны шугамаа дөхүүлчихвэл өөрсдөө татчих байх. Бүгдэд нь орон сууц бариад оруулж чадахгүйгээс хойш эхний ээлжинд дулааныг нь ойртуулаад өгчихье гэсэн бодолтой байгаа. Тэгвэл харьцангуй гайгүй болох байх. Дээрээс нь 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд аж ахуй нэгжүүдээ дэмжиж, шинэ орон сууцны хороололтой болж байгаа. Шинэ Даланзадгад гэсэн шинэ суурьшлын бүс байгуулж, тэнд байшин барих газруудыг нь өгөөд явж байна.Тус хороолол руу айлууд орох байх. Утааг бууруулах чиглэлээр дулааны сүлжээнд нь холбож байж л гал түлдэгийг болиулах байх. Орон сууцжуулья гэхээр урьдчилгааны асуудал бас гардаг.