Үндсэн хуулийн цэц хуралдана

Үндсэн хуулийн цэц хуралдана

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, дөчин гуравдугаар зүйлийн 1, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсэн юм.

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсоноо мэдээлсэн. Уг маргааныг хянан хэлэлцэх их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхэлнэ.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” 

Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”

Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байдаг аж.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ