Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө

Улсын Их Хурлын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.     

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчдэд өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.  

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон гишүүдэд амжилт хүсээд, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдсаныг онцолсон.

Ард, иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав.

Мөн тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй. Иймд энэ удаагийн Улсын Их Хурал ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байлаа.

Энэ удаагийн Улсын Их Хурал аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой гэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улстөржүүлж огт болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүйг сануулъя гээд Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу Дүгэрийн Рэгдэл чуулганыг даргалсан юм. 

Дараа нь  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг, сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой болсныг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо. Тухайлбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсныг тодотголоо.

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар  комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч ажилласнаас гадна, онцгой нөхцөл байдалд сонгогчдынхоо санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажилласан гэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан бол сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласан хэмээн илтгэлд дурджээ. Мөн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар 29 орны тусгай багийн нийт 249 ажиглагч оролцсон  байна.

Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон эерэг нөлөөг үзүүлснийг П.Дэлгэрнаран дарга илтгэлдээ онцолсон.

Сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна.

Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 71.14-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн болон бүх хэсэгт хийгдсэн хяналтын тооллогын хүчин төгөлдөр үр дүнд хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 126 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо үзэж буйгаа илэрхийлэв.  

Ийнхүү шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлсэн юм. 

Хуралдаан даргалагч Д.Рэгдэл Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүн тус бүр хуульд заасны дагуу "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ