Ирэх өвөл эргээд хэдэн хүний амь хэрэгтэй вэ?

Ирэх өвөл эргээд хэдэн хүний амь хэрэгтэй вэ?

Жилд хэдэн арван хүний амийг авч одсон шахмал түлшний угаарынхаа учрыг олоогүй байж дахиад Хятадаас барьцалдуулагчийг нь захиалсан гэнэ дээ.

Улаанбаатарын утааг бууруулах шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш нийслэлд 500-аад хүн угаартаж нас барсан тоо бий. Тэдэн дунд маш олон хүүхэд бий. Нэг дор 10 хүн угаартаж нас барсан тохиол ч бий. Дайны бүсэд ч ийм эмгэнэл ховор. Эдгээр хүмүүсийг үхэлд хүргэсэн гол хор юу байсан бэ? Шахмал түлшний барьцалдуулагчийг Хятадаас импортоор оруулж ирснээс болж иргэд угаартаж байж болзошгүй гэх хардлага дэгдэх тоолонд манай төр үүнийг няцаасан. Энэ хооронд угаартаж нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсэн боловч чухам юунаас болсон учир шалтгааныг өнөөдрийг болтол тогтоогоогүй. Монгол хүний амь нас, тэр олон хүүхдийн ирээдүй энэ улсад юу ч биш юм уу?

Утаа угаараас үүдэлтэй уушигны архаг үрэвсэл, цаашлаад уушиг элэг, ясны, тархины хорт хавдраар залуус өвчлөх нь хэвийн үзэгдэл боллоо. Гэвч иргэдийн амь насанд тулсан асуудал дээр дөрөөлж Засгийн газар нь мөнгө угаадаг бохир технологи давтагдсан хэвээр. Тавантолгой түлш компаний үйлдвэрлэж буй сайжруулсан түлшинд хэрэглэж буй Хятадын барьцалдуулагчаас хар тугалга хүнцэл зэрэг онц ноцтой химийн бодис илэрдэг боловч их дээрээс хүчээр “шахдаг” гэх яриа бий. Өнөөдөр ч биднийг сонгууль хэмээн ид их бужигнаж байх хооронд манай Засгийн газар Хятадын барьцалдуулагчаа дахин их хэмжээгэар авахаар гэрээ хийсэн мэдээлэл байна. Өчнөөн зуун хүний амь нас хохирчихоод байхад учир шалтгааныг нь олохын оронд зөвхөн мөнгөний төлөө байж болох уу? Хэрвээ хүний амь насанд хүрсэн угаарын хийн шалтгаан нь Хятадаас импортолсон барьцалдуулагч байсан нь тогтоогдвол энэ олон амины хариуцлагыг хэн хүлээх вэ? Ирэх жил дахиад хэдэн амь хэрэгтэй вэ?

Жилд хэдэн арван хүний аминд хүрч буй угаарын хийн учрыг эхэлж олчихоод дараа нь шахмал түлшээ үйлдвэрлэе.

Нэг өглөө нийтээрээ нөгөө ертөнцөд очсон байх ч эрсдэл бийг ч энэ олон хүн амиараа бидэнд санууллаа.  /Сэтгүүлч Б.Отгон/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ