О.Бат-Эрдэнэ: Гадаад, дотоод харилцаагаа сайжруулж, хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж байж баялаг бүтээх нь бидний зорилго

О.Бат-Эрдэнэ: Гадаад, дотоод харилцаагаа сайжруулж, хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж байж баялаг бүтээх нь бидний зорилго

 Дундговь аймгийн Засаг даргатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дундговьд өвөлжилт өнтэй байгаа шинжтэй.Төв аймаг өнгөрмөц  цас  нимгэрч,  зам зуур бэлчих  мал  сүрэг тарга тэвээрэг сайтай  харагдлаа?

-Дундговьчууд өнөтэй сайхан өвөлжиж байна. Тэнгэр хангай ивээн  сайхан зун болж, тэр хэрээр газрын гарц сайн гарсан. Малчид маань ч хадлан тэжээлээ боломжийн бэлдсэн. Тиймээс өвлийг ажрахгүй давах болов уу гэж санаж байна. Одоо  ихэнх сумдын  нутгаар малын хамар хатгах өвстэй,  малчдын хувьд сэтгэл тэнэгэр өвөлжицгөөж буй. Өвөлжилт хүндэрсэн  Төв, Архангай, Говьсүмбэр аймгийн цөөн тооны  мал бүхий иргэд  манай  зарим сумдад оторлож байгаа бол  манай малчид ч  зөрөөд Булган, Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт оторлож байгаа.  

- Танай аймаг  хөгжлийнхөө  ерөнхий төлөвлөгөөг хэрхэн тодорхойлов?

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр  болон Дундговь аймгийн  2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 2-нд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж  батлуулсан.  Тодруулж хэлбэл,  Дундговь  аймгийг  хөгжүүлэх  хөгжлийн үндсэн баримт бичиг албажсан  гэсэн үг. Миний хувьд 2016 оны долдугаар сарын 26-нд  ажил  хүлээж авсан. Дашрамд өгүүлэхэд, аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлж, байр эзлүүлдэг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв гэж бий. Энэ байгууллагын хийсэн  судалгаагаар манай аймаг  сүүлийн гурван жил  сүүлийн байр эзэлсэн байдаг. Ийм аймаг  хүлээж авсан. Тиймээс ажил хүлээж авсан даруйд   тус судалгааны төвийн захиралтай уулзаж ярилцахад тэрбээр эдийн засгийн бүхий л үзүүлэлт нь буурсан, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар сул байгааг  хэлж өгсөн.   Үнэндээ ч  нөхцөл байдал тийм байсан.  Өнгөрсөн дөрвөн жилд хэрүүл тасраагүй.  Тэгээд бид хоёр ярилцаж байгаад  “Нэг говь, нэг зорилго” гэсэн уриан дор говийн гурван аймаг хэрхэн хамтарч өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тухайд говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг манай аймагт зохион байгуулахаар болсон.  Хамгийн гол нь хамгийн муу аймгийн үйл ажиллагаатай  газар дээр нь танилц, тэгээд  хамтдаа ярилцъя гэсэн хэрэг. Бидний тавьсан саналын дагуу  Өмнөговь, Дорноговь, Дундговиос  тус бүр 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг  чуулсан.  Бид ч боломжийг  ашиглан  сумдаас 120 хүн нэмж оролцуулсан. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Орон нутгийнхан маань ямар зүйл яригддаг, ямар боломж байгаа юм бэ гэдгээ сонсоод, өөрсдийнхөө саналыг  хэлэг гэж тооцсон. Чуулганыг  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Конрад-Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Бизнесийн зөвлөл, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ үеэр олон сайхан ажил хэрэгч санаанууд гарсан. Хамгийн гол нь ганц аймаг зүтгээд байх биш бусад аймгуудтайгаа нийлж хөгжих ёстой гэдгээ олж харсан. Дундговь  геополитикийн хувьд  давуу. Улаанбаатар Өмнөговийн  тэг дунд нь байх жишээтэй. Дэд бүтцийн хувьд энэ маань давуу тал шүү дээ. Оюутолгой, Тавантолгой гээд  Монгол Улсыг тэжээж байгаа  том төслүүд  хамар дор минь  хэрэгжиж буй. Тэнд өрнөж буй бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд манай аймаг ямар байдлаар  хувь нэмэр оруулах вэ,түүнчлэн тэрхүү  бүтээн байгуулалтыг  аймгийнхаа эдийн засаг руу  хэрхэн чиглүүлэх вэ гэдэг нь өөрөө  хөгжлийн бодлого чиг хандлага юм байна гэдгийг  олж харсан. Мөн хүнд аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын суурь болсон Дорноговь аймаг манайхаас ердөө  300 гаруй км-ийн цаана.  Ер нь бол барилга байгууламж, дэд бүтцийг аймгийн хөгжил гэж харахгүй байгаа.  Хамгийн гол нь  иргэдийн амьдрал дэвжин  дээшилж, ажилтай, орлоготой болох явдал юм. Тиймээс  аймгийн хэмжээнд 21 үйлдвэр байгуулъя гэсэн том зорилт дэвшүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ энэ үйлдвэрүүд мэдээж хүнд аж үйлдвэр байж чадахгүй. Жижиг, дунд оврын үйлдвэр байна. Хүчин чадлын тухайд  хэдий чинээ том байна тэр чинээгээр  сайн байх нь ойлгомжтой.   Үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн ирэх жил Монгол Улсын хэмжээний шашны болон шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Зава хэмээх Шагдарын Дамдин гавжийн мэлмий гийсний 150 жилийн ой тохиох юм. Энэ хүний байгуулсан Дэлгэрийн Чойрын хийд энүүхэнд, 40 гаруй км-ийн зайд том хийд байгаа. Зава Дамдин гавжийн маань хойд дүрээр тодорсон Лувсандаржаа гэгээнтэн буюу эцэг, эхээс заяасан нэрийг нь Осгонбаяр хэмээх  хувилгаан лам бий. Зава Дамдин гавжийн 150 жилийн ойг зохион байгуулах комисс байгуулагдаад эдүгээ хэд хэдэн удаа хуралдаад байна.  Ойн үеэр баяр наадмаа их өргөн хүрээнд зохион байгуулъя. Шашин номын болоод соён гэгээрүүлэх ажил, эрдэм шинжилгээний хурлуудыг өргөн хүрээнд томоохон хэмжээнд зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Зөвхөн шашин ном, соен гэгээрэл, баяр наадам болгоод өнгөрөлгүй аймагтаа томоохон бүтээн байгуулалтыг хийх, авч үлдэх бодолтой байна.  

-Орон нутгийн хөгжлийн санд хэдий хэмжээний  мөнгө хуваариглагдав.  Нууц биш бол юунд зарцуулах вэ?

-Манай аймгийн хувьд  орон нутгийн хөгжлийн санд 2.8 тэрбум төгрөг  хуваарилагдсан.Энэ хөрөнгөөр бүтээн байгуулалт хийнэ гэвэл  нэг хоёрхон зүйл  босно.  Манай аймаг нийт төсвийнхөө 80 орчим хувийг улсын татаасаар бүрдүүлдэг. Тэгэхдээ бид төсөв хүнд байна гээд гараа хумхин  суухгүй ээ. Янз бүрийн гадны төсөл хөтөлбөр, донор байгууллагуудыг орон нутаг руугаа татна. Гадаад, дотоод харилцаагаа сайжруулж, хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж байж баялаг бүтээнэ. Ажлын байруудыг шинээр  бий болгоно гэсэн бодолтой  ажиллаж байна.

-Гадны хөрөнгө оруулагчид Дундговийг хэр сонирхож байх юм?

-Сонирхож байна аа. Эхнээсээ ч саналуудаа ирүүлж байгаа.  Тухайлбал, Хонконгийн гаралтай Англи улсын иргэн Гарри Хо гэх бизнесмэн ямааны сүүний ферм байгуулъя  гэсэн. Энэ ферм нь дулаан аргаар ямааны сүүг боловсруулж  хүүхдийн тэжээл үйлдвэрлэх юм билээ. Хүүхдийн тэжээлд ямааны сүү хамгийн тохиромжтой аж.  Ийм маягаар хувийн хэвшлүүд болоод гадна, дотны санал санаачилгыг дэмжиж ажиллана. Өнгөрсөн хугацаанд Чех, Герман, Франц улсад  айлчилж,  ажил хэргийн уулзалт хийгээд ирсэн. БНЧУ-ын удирдлагуудтай уулзаж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.  Мөн дулааны станц барихаар гэрээ нь хийгдсэн ч хөрөнгө оруулалт нь гацчихсан. Улсын хэмжээнд найман аймгийн асуудал яригдаж байгаа юм билээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Тэвшийн говийн нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг эхлүүлнэ гэж тусгагдсан.  Тэвшийн говийн нүүрсний орд  аймгаас  30 км-ийн зайтай.  Эл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө хөөцөлдөж байна. Ер нь бид  бүтээн байгуулалахын зэрэгцээ үйлдвэржилтээ урагшлуулна гэсэн бодолтой байгаа.  

-Та залуу хүн учраас хөгжлийг өөрөөр харжээ.  Говьд 21 үйлдвэр хаалгаа нээх тухай асуудал  хамгийн сайхан мэдээ.  Сайхан сонсогдож байна?

-Төр, засгийн бодлого залгамжилж явах учиртай. Өмнөх даргын үед эхэлсэн бүтээн байгуулалт олон бий.Тэднийг эхний ээлжинд дуусгана. Тухайлбал, цэнгэлдэх хүрээлэнгийн барилга. Зураг төсөл нь алдаатай юм билээ. Түүнийг  юун түрүүнд   засч залруулах ёстой.  Түүнчлэн манай аймаг Улаанбаатар Өмнөговийг холбосон хатуу хучилттай замын яг гол хэсэгт оршдог. Улаанбаатараас Оюутолгой, Тавантолгой, Өмнөговь руу явж байгаа хүмүүс яг манай аймгаар үйлчлүүлээд морддог.  Хоолонд орох, амрах, машин тэргээ засч  сэлбэх гээд л. Гэтэл манайд чанарын шаардлага хангасан зочид буудал, нийтийн хоолны газар байхгүй. Хувийн хэвшлүүдээс  газар олгоод өгөөч, орчин үеийн шаардлага хангасан зочид буудал, ресторан барьж байгуулъя гэсэн санал ирж байгаа. Энэ бүхнийг бодлогоор дэмжинэ. Тэгээд ч  үйлчилгээний байгууллагууд л аймгийн эдийн засагт их нэмэр болдог.

-Үйлдвэрүүдээ  хөдөө аж ахуйг түшиглэж байгуулах уу?  

-Мэдээж хэрэг манай аймгийн эдийн засгийн хөдөлгөгч хүч нь  хөдөө аж ахуй, мал аж ахуй. Хүлэмжийн аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл ч  яригдаж буй.  Хувийн хэвшлээс ямар санал санаачилга гаргана, түүнийг дэмжиж ажиллана. Өнөөдрийн байдлаар хөрөнгө нь ороод ирчихсэн гэх зүйл алга. Ямартай ч  гадны хөрөнгө оруулалтаар хүүхдийн эмнэлэг барих  асуудал аман байдлаар шийдэгдсэн.

-Дундговьчууд жил­ийн жилд цэвэрлэх байгууламжтай болох асуудлыг төр, засгийн чихэнд дуулгадаг.  Үүнийг шийдэх боломж ирэх дөрвөн жилд  байна уу?

-Нэн даруй шийдэх, шийдвэрлэх асуудлын нэг нь мөн.  Цэвэрлэх байгууламжтай болсноор  дээр өгүүлсэн 21 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах нөхцөл бүрдэнэ.  Үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих  боломж  ч бий болно.

-Говьсүмбэр аймгийн Засаг даргатай уулзаж байхад Торгоны замын аялалыг бий болгоно хэмээж байсан.   Үүнд Дундговь нэлээд зонхилох үүргийг гүйцэтгээсэй гэж бодож байна?

-Манай аймаг  хөгжих хоёр, гурван нөхцөл бий. Нэгд, мэдээж хөдөө аж ахуй. Хоёрдугаарт, уул уурхай. Гэхдээ уул уурхайг тодорхой хүрээнд барина. Гурав дахь нь аялал жуулчлал.  Жуулчид, аялагчдыг  татахын тулд жил бүр тогтсон хугацаанд нүүдэлчдийн соёлыг харуулсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай.  Дундговь аймаг адуу, айргаараа алдартай. Жил бүр айрагны баяр хийдэг.  Тогтсон өдөр гэж байхгүй ч  тухайн намрын өнгө ямар байхаас хамаарч зохион байгуулдаг.  Энэхүү баяр хэдийд болохыг нь мэдэхгүй  жуулчид оролцож чаддаггүй.  Тийм учраас бид жил бүрийн  наймдугаар сарын 22-нд  айрагны баяраа зохион байгуулахаар тогтоод байгаа.  Мөн тэмээчдийн баярыг арванхоёрдугаар сарын 10-нд гэх байдлаар нэгдсэн хөтөлбөрийг гаргана.  Хөтөлбөрөө мэдээллийн сандаа байршуулчихвал жуулчид ч  хараад Монголд аялая, Говьсүмбэрээр ороод Чойрын богдыг үзээд, замаараа Дундговь аймагт  зочилж,  Дэлгэр сумын Чойрын хийдийг сонирхох юм.    Чойрын хийдэд  дөрвөн давхар чулуун сүм баригдаж байгаа. Сүмийн суурь нь л гэхэд гурван метр. Дээшээ пирамид хэлбэртэй. Монголдоо л ганц сүм байгуулагдаж байгаа. Доторхи тохижилтын тухайд 23 кратын алт, гоёл чимэглэлийн  тусгай будганд гэхэд л 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Ердөө будаг, алтанд ийм хэмжээний хөрөнгө зарцуулах жишээтэй. Ийм том бүтээн байгуулалт өрнө.  Тэгэхээр Чойрын чулуун сүмийг үзээд, айрагны баярт оролцоод буцдаг. Харин өвөл нь тэмээний баярт оролцоод буцах маягаар зохицуулалт хийх юм. Манай Эх газрын чулууны ууланд Монголдоо ганц байгалийн задгай театр байдаг. Тэнд үе үеийн урлагийнхан очиж танилцаад явахдаа акустик мундаг юм байна гэж хэлдэг. Хүн хаданд хашгирахад цуурайтдаг шүү дээ. Тэгвэл манай задгай театрт дуулахад мэргэжлийн дуурийн театрт дуулж байгаа мэт ямар ч цуурай хөг, тоны алдагдалгүй дуулдаг гэдэг. Байгалийнхаа аясаар задгай театр бий болчихсон. Дундговьчууд уртын дуу, дуу хуураараа ч алдартай. Үүний нэг нотолгоо нь  ХХ зууны манлай эрэгтэй уртын дууч Дорждагва манай сайхан овооны харьяат хүн байх жишээтэй. Зууны манлай эмэгтэй уртын дууч Норовбанзад гуай бол Дорждагва агсны шавь, Дэрэн сумын харъяат.  Өөрөөр хэлбэл, 20 дугаар зууны уртын дууны охь болсон хамгийн гайхалтай уртын дуучид хоёулаа манай аймгийнх байдаг. Эх газрын чулууны задгай театрын Норовбанзад гуайн нэрэмжит болгон 2006 онд байгуулсан юм. Үүн дээрээ түшиглэж гадаад, дотоодын жуулчдад дуу хуурын үйлчилгээ үзүүлж, Монгол уртын дууны гайхамшигийг мэдэрье гэвэл Дундговь аймгийн задгай театрыг зорьдог. Монголын урлагтай танилцая, хөгжмийн зэмсэгтэй танилцахыг хүсвэл эх газрын чулууг зорьж ирдэг ийм байх юм.

-Задгай театрын тохижилт нь ямар байх юм. Та бүхний зүгээс засч янзалсан зүйл бий байх?

-Цементээр засч янзалсан талбай бий. Дуу хуурын өлгий Дундговь нутаг гэдэг утгаараа төв халхын дуулалт жүжгийн театр баригдахаар аль эрт 2009 онд эхлүүлсэн. Гэвч хөрөнгө нь шийдэгдэлгүй царцсан байдалтай байгаа. Зураг төсөл нь ч бий. Театрын барилгатай болчих  юмсан гэсэн бодолтой хөөцөлдөж  байгаа.

-Өөр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой нөөц юу байна вэ?

-Уул уурхайн хувьд Дундговь аймаг хүрэн нүүрсний нөөцөөрөө баялаг. Монгол Улсын хэмжээнд батлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 60 хувь нь манайд бий. Догь, Тэвшийн говь, Хөөтийн уурхай, Цагаан овооны уурхай, Өвдөгхудагийн нүүрсний орд  гэх мэт хүрэн нүүрсээрээ баялаг. Үүн дээрээ түшиглэн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цахилгаан станцын асуудал яригдаж байна. Мөн бусад уурхайнууддаа түшиглээд зөвхөн цахилгаан станц бус, шингэрүүлсэн хий гаргах боломж байгаа. Үүнийгээ ашиглан гадаадад болон дотооддоо экспортлох боломж харагдаж байна.

-Өмнөговийн нүүрснээс өөр үү?

-Тавантолгойн нүүрс коксждог. Манай хүрэн нүүрсний тухайд тийм хэмжээнд хүрээгүй. Арай залуу орд гэсэн үг. Боловсорч гүйцээгүй. Хүрэн нүүрс, чулуун нүүрс, коксждог нүүрс гээд нүүрсний чанараасаа хамаараад өөр өөр. Бидэнд нүүрсээ коксжуулдаггүй юм аа гэхэд, митан хий үйлдвэрлэх боломж байгаа. Эндээс л аймгийн эдийн засгийн нөөц дээшлэх боломж харагдаж байгаа.

-Танай аймаг сургууль, эмнэлгийнхээ асуудлыг шийдсэн бололтой. Та энэ талаар дуугарсангүй?

-Аймгийн төвийн хэмжээнд 12 жилийн сургалттай таван бүрэн  дунд сургууль  үйл ажиллагаагаа явуулж буй.  Өнгөрсөн жил есөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар МСҮТ-ийн иж бүрэн цогцолбор барилга баригдаад сая ашиглалтад хүлээн авлаа. Хичээлийн байр, спорт заал, дотуур байр, дадлагын байр нь бүгд цогц.  ЕБ-ын 12 жилийн таван сургуулийн хувьд ээлжийн коэфцэнт нь ойролцоогоор  1.2 хувь. Өөөрөөр хэлбэл,  зарим сургууль нь нэг ээлжээр хичээллэдэг гэсэн үг. Тэгэхээр харьцангуй ачаалал багатай. ЭЕШ-ыг улсын хэмжээнд нэгтгэн жагсаахад манай аймаг өнгөрсөн жил хоёрдугаар байранд орсон. Тэгэхээр сургалтын чанар харьцангуй өндөр төвшинд явагдаж байгаа.

-Эмнэлгийн үйлчилгээ, боловсон хүчний чадавхи хэр  вэ?

-Хөдөө орон нутгийн эмч нар бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Бүхий л чиглэлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үзлэг оношлогоо хийж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх, тээвэрлэж хүргэж өгнө гэх мэтчилэн. Боловсон хүчний тухайд ганц, хоёр сум мэргэжлийн эмчээр дутмаг байгаа. Аймгийн төвийн эмнэлэгт ч мэргэжлийн боловсон хүчний хангалт бүрэн  бус. Гэхдээ байгаа төвшиндөө нарийн мэргэжил эзэмшүүлээд аймгийн зүгээс дэмжээд явж байна. Тухайлбал, Франц улсад дуран хагалгааны залуу эмч сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцсан. Үүнд аймгийн ЗДТГ-аас нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн Фижи улсад манай мэс заслын эмч Бат-Орших олон улсын хуралд явахад нь аймгаас хоёр сая төгрөгний тусламж үзүүлэн явуулах жишээтэй. Ийм байдлаар дэмжиж тусалж ажиллаж байна. Хөдөө сумдын түргэний машины хангалтын асуудал хүнд байгаа. Парк шинэчлэлт сүүлийн үед бүрэн дүүрэн хийгдээгүй. Долоон сумын асуудал байна. Ашиглалтын хугацаа нь гүйцчихсэн, актлахад бэлэн болсон машинуудтай байна. Шадар сайд Хүрэлсүх манай аймагт ирж ажиллахад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Очирсүх ирж ажилласан. Тэр үед түргэний машины асуудлыг тавьсан байгаа. Ингэхэд ирэх жил таван түргэний машиныг шийдвэрлэхээ амласан. Мөн манайд 1000 бэлэг-1000 хүүхэд гэсэн ТББ Улаанбаатарт байдаг. Манай аймагтай огт холбоогүй залуус санаачлаад Баянжаргалан сумын эмнэлгийн хүн эмнэлэгийн түргэний машины асуудлыг шийдэхээр хандивын аян өрнүүлээд явж байгаа юм билээ. Хандивын аяныг өрнүүлээд Баянжаргалан сумын хүн эмнэлгийг түргэний машинаар хангах гээд явж байгаа юм байна лээ. Сая онцгой комиссын хуралдааны шийдвэрээр Дэлгэрхангай суманд түргэний машины парк шинэчлэлт хийсэн. Ийм байдалтай эрүүл мэндийн үйлчилгээ явагдаж байна. Аймгийн хувьд дурангийн хагалгаа хийх тоног төхөөрөмжийг энэ 2016 онд нэгдсэн эмнэлэгтээ суурилуулсан. Ингэснээр ойр зуурын сувгийн, цусны хагалгаа хийх боломж бүрдсэн. Хоёр эмчийг сургасан.

-УИХ-ын гишүүд орон нутагтайгаа хэр харилцаатай байдаг вэ. Дөрвөн жилдээ нэг удаа, сонгууль дөхөхөөр л бараагаа харуулдаг гэж зарим аймгийн иргэд ярьдаг юм билээ?

-Манай аймгаас Б.Наранхүү гишүүн улиран сонгогдсон. Сонгогдсоноосоо хойш аймагтаа ирж ажиллаагүй. Миний хувьд гишүүнтэй холбогдож, хамтын ажиллагааныхаа талаар ярилцсан.  Наранхүү гишүүнтэйгээ ажил хэргийн төвшинд  ярьж  амжаагүй явна.  Нам өөр учраас ний нуугүй дотно байж чадахгүй  юм, үнэндээ.  

-Танай сүргийн бүтцэд тэмээ нь их үү, ямаа нь их үү?

-Ерөнхийдөө хонь, ямаа эн тэнцүү.  Гэхдээ ямаа нь арай илүү олон.

-Мянган тэмээ гаднаа хотлуулсан айл байна уу?

-Мянган тэмээтэй айл байхгүй. 300-400 тэмээтэй айл  хэд хэд  бий.

-Ингэхэд та ер нь хэн бэ. Иргэддээ хэр танигдсан хүн бэ?

-Гайгүй болов уу гэж бодож байна. Ялангуяа зүүн сумдад илүү танигдсан байх. Би өөрөө Дундговь нутгийн унаган хүүхэд. Физик, байгалийн шинжлэлийн багш мэргэжилтэй. Цөмийн физикээр нэлээд түлхүү мэргэшиж төгссөн. Хортой нөлөөтэй гээд буй ураны талаар гадарлах хүний нэг. Би төвийн 10 жилийн сургуульд мэргэжлээрээ найман жил ажилласан. Физикийн хичээл дунд, ахлах ангийн бүх ангид л орж байгаа юм л даа. Жилдээ нэг долоо орчим анги төгсгөдөг. Нэг ангид 30 хүүхэд сурдаг гэвэл жилдээ 210 хүүхэд төгсдөг. Жилдээ 210 шавь төгсгөдөг. Зөвхөн төгсөх ангид ордог гэж тооцоход л.  Тэгэхээр мянгаар тоологдох шавьтай болсон. Дундговь аймаг 45 мянган хүн амтай. Түүний хоёр орчим хувьтай нь багш шавийн холбоотой гэсэн үг. Гурвансайхан сумад гурван жил сургуулийн захирлаар ажилласан. Гурвансайхан сумынхан бүгд мэднэ. Аймагт намын дэд даргын ажлыг дөрвөн жил хийсэн. Ингэхдээ бүх сумаараа жилдээ 1-2 удаа тойрч, ард иргэдтэйгээ уулзаж ахуй байдалтай нь танилцаж явсан. Ялангуяа сонгуулийн жилээр сардаа нэг удаа тойрох маягтай байсан. Тиймээс аймгийн иргэд маань харьцангуй сайн таних болов уу гэж бодож байна. Аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байна.

-Танаас  дундговьчууд яагаад сүүлийн жилүүдэд таарамж муутай байв аа гэж асуумаар санагдаад болдоггүй?  

-Үнэнийг хэлэхэд,  2012 оноос хойш ганц манай аймагт биш улсын хэмжээгээр улс төрийн намууд хийгээд гишүүд, дэмжигчид үзэл бодлоосоо урвадаг, мөнгө төгрөгөөр үзэл бодлоо худалддаг болсон шүү дээ.   Тэр л өвчин манайд халдварласан хэрэг. Бид чинь  өнгөрсөн дөрвөн жилийн турш  хэрэлдсэн шүү дээ. Суудлаа булаацалдаад л. Ер нь  Аймгийн Засаг дарга хүн эв нэгдлийг барьж, гадуур дотуур  нэлээд явж, хөрөнгө оруулалт татаж,  ард иргэдтэйгээ уулзан  санаа бодлыг нь сонсч, түүнийгээ үйл ажиллагаандаа тусгаж ажиллах  ёстой байхгүй юу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.