Нийгэмд танигдаагүй, улс төрд шинэ дэд сайдууд

Нийгэмд танигдаагүй, улс төрд шинэ дэд сайдууд

“Монголын мэдээ” сонин “ Хэн нь хэн бэ” булангаа  дэд сайдаар үргэлжлүүлж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ

Монгол төрийн алтан аргамж болсон Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж буй  Б.Батцэцэгийг  М.Энхболдын хүн гэлцдэг.  Тэрбээр  улс төрд ч, намдаа ч  шинэ хүн.   Б.Батцэцэгийг дэд сайдад нэр дэвших үед нийгэм түүнийг тийм ч таатай хүлээж аваагүй.   Түүний угсаа гарвалыг, хэн байгаад хэн болсныг нь сайн мэдэх хүмүүс нь цахим ертөнцөд янз бүрийн сэтгэгдлийг үлдээсэн  байх юм.  Хийсэн бүтээснийг нь үгүйсгээгүй ч хүн чанарынх нь тухайд олныг бичжээ.  Олон ч найз нөхөд, хамтрагчаа  гомдоосон бололтойдог. Олон улсын харилцаанд ч хүний жудаг, ухааны цар  ямар нэг байдлаар нөлөөлж байдаг болохоор  цахим ертөнцийг мэдээллийг иш татан онцолсон хэрэг.   Боловсрол мэдлэг, төрд ажилласан ажлын туршлагын  тухайд Б.Батцэцэгийн хувьд гологдохооргүй юм билээ.   Баянхонгор аймгийн уугуул хатагтай тэрбээр  МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ.  Намтартаа англи, орос хэлтэй хэмээн онцолж.  Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.  Эцэст нь хэлэхэд, түүнийг нийгэм Гадад харилцааны дэд сайдын түвшинд хүлээн зөвшөөрөөгүй, “Мөнхийн үсэг”-ийн  Б. Батцэцэг  л хэмээж буй.   

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ

Дэд сайд нарыг томилох тухай асуудал яригдаж байх үед сураггүй байснаа гэнэтхэн гарч ирсэн хатагтай.   Шулуухан хэлэхэд, тэрбээр нөөцөнд хадгалагдаж байсан нэгэн.  ХХААХҮ-ийн дэд сайдад нэр дэвшээд АТГ-ын босгонд бүдэрч орхисон  Т.Аубакирын асуудал талаар болсон нь Ж.Саулед  олз болсон хэрэг.  Улстөрчийн хувьд тэрбээр МАН-ын нэр нүүр болж явдаг цөөн эмэгтэйчүүдийн нэг. МАН-тайгаа хамтдаа унаж, босч яваа нэгэн. Насны хувьд ч, төрд ажилласан  туршлагаараа ч  дэд сайдуудаас хамгийн  боломжийн нь.    Түүний анх эзэмшсэн мэргэжил нь багш юм билээ.  Орос хэлний багш болох гэж бүхэл бүтэн найман жилийг зарцуулсан нь  намтраас нь харагддаг. Тодруулбал, дотооддоо 1983 онд Орос хэлний дээд сургуулийг, 1987 онд үргэлжлүүлэн Москвагийн орос хэлний дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгссөн байх жишээтэй. Тэгээд  эх орондоо эргэж ирмэгцээ  МУИС, Удирдлагын академид тус тус  элсэн суралцаад зогссонгүй  Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.   Харин улсад зүтгэсэн он жилүүдийн тухайд  Ж.Сауле нь 1983-1996 онд нийслэлийн 57 дугаар сургуульд багш, 2002-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагч, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос Монгол Ардын намын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар  тус тус ажиллажээ.   

ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ

Улстөрийн хүрээнийхэн төдийгүй цахим ертөнцийнхөн  түүнд  "шилэн Цогоо" хэмээх нэрийг хайрлаад удаж буй. Бараг л овог нь болох шахаж дээ.  Уг нь бүтэн алдар нэр нь Б.Цогтгэрэл.  Түүний зан байдлыг МАН ашиглаж, бууны нохой болгосон  гэцгээх хүмүүс байхад өөд татаж, дэд сайдын суудалд заллаа. Өөр яах гэсэн юм гэж ирээд л өмгөөлж хамгаалах нэгэнтэй ч таарсан.  Б.Цогтгэрэлийн нэр яригдаж байх үед тэрбээр  өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн тухайгаа зарлан  цахим хуудастаа “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТ-ийн дэд сайдад нэрээ дэвшүүлж саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй” хэмээсэн байдаг.   Цогоог сайн мэдэх нөхөд нь сайн хадмын буянаар МАН-ын дарга М.Энхболд сугандаа хавчуулсан гэцгээх юм билээ.  Эл дүгнэлтийн аль аль нь үнэний ортой байж мэднэ.   Энэ мэтчилэнгийн хар хор зэрэгцсэн үгэнд байнга мэрүүлж байгаа  дэд сайд маань сүүлийн үед сэтгүүлчдэд  нэлээд харшилтай болоод  байгаа. Дөрвөн жилийн дараа биднийхээ дунд орж ирэхгүй бол ч яая гэхэв.   Б.Цогтгэрэл өдгөө УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөр  давхар ажиллаж буй. Мань хүн Орос руу явахдаа энгийн ардын дунд байгаа мэтээр өөрийгөө рекламдсан ч үнэнээс хол зөрж, бизнес классаар хэрхэн тухлаад ирснийг нотлох баримт болж орхисон. Залуу, сэтгүүлч хүнд ийм зан муухай гэж л захья даа. Шударга л бай л даа. Өөрөө ингэж л ярьж байсан санагдана.

ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД Б.ЭНХБАЯР

МАН-ын Бүлгийн хуульчиар сүүлийн дөрвөн жил ажилласан энэ эрхмийг нийгэм чамгүй заргач гэдгээр нь мэднэ. Тэрбээр  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч дуулиан тарьж байсан юм. Дэд сайд болохоосоо хэдхэн сарын өмнө тветэр хуудсандаа “Надад хуулийн салбарт эрх мэдэл өгвөл  улсын хөрөнгөөр туйлсан А.Мөнхбатыг хамгийн түрүүнд АТГ-т өгнө” хэмээж байлаа.  Түүнчлэн  нэгэн сэтгүүлчийн тавьсан асуултад “төрийн мөнгөөр баяжсан тэрбумтнуудыг үзэн яддагаа хэлээд тэдэнд цааз өгөхөд ч буруудах зүйлгүй” гэсэн нь  нийгмийг алга ташихад хүргэсэн.    Хууль зүй,дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярын мөн л улс төрд шинэ нөхөр.  УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад   УИХ дахь МАН-ын бүлгийн  ажлын алба руу  шилжсэн нэгэн. Нийгэмд ч  намдаа ч танигдаагүй шахам нөхөр  хэмээн дүгнэж болно.  Тэр байтугай  намынх нь нөхдүүд   ямар сургууль  төгссөнийг  нь ч  мэддэггүй юм билээ. Намтар  нь ч алга. Гэхдээ  МУИС-ийг хуульч мэргэжлээр дүүргээд ажлынхаа гарааг Улаанбаатар их сургуулиас эхэлсэн гэдгийг нь мэдэх хүн таарлаа.

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА

Эл хатагтайг зөвхөн  намынхан нь  МАН-ын сайн боловсон хүчнүүдийн нэг өмгөөлж хамгаалдаг.  Гэвч түүнийг нийгэм мэдэхгүй, танихгүй. Улс төрд  мөр байтугай  нэр ч байхгүй ийм нэг хатагтай Монгол Улсын нэгдсэн төсвийг зангидана гээд сууж байгаа.    БНХАУ-д баклавр, АНУ-д магистр хамгаалсан гэхээр боловсролын тухайд гологдохооргүй  ч амьдрал дээр  тэр тусмаа төрд нэг ч өдөр алба хашиж үзээгүй  юм  билээ.   Оюутолгойд ХХК-д төслийн менежер,Петровис ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бүсгүй Д. Оюунхорол сайдын  дэмжлэгээр  цойлсоор   Сангийн дэд сайдаар томилогдсон.   Тэгэхээр төрийн их түшээийн хэмжүүрийг   Петровис компаний хэлтсийн даргаар  тодорхойлж болох аж.  Х.Булгантуяа хатагтай  монголчуудын эгэл боргил амьдралыг мэддэг л байгаа даа. Цалин хангамж сайтай компанид  ажиллаж  байсан хүнд  “Атар” талхыг хувааж авдаг ард түмний  амьдрал  сонин байх биз.  Нөгөөтэйгүүр, өнөө маргаашгүй монголчууд дэлхийд өрөө төлж эхэлнэ. Дэд сайд маань юу бодож явдагаа, ямар бодлого хэрэгжүүлэх тухайгаа  дуугарч, байр сууриа илэрхийлэлгүй байсаар өнөөдөртэй золгож байх шиг байна.  Зүүн Тимор, Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Дэлхийн банкны төслүүдэд төслийн зөвлөх, төслийн удирдагч, "Оюутолгой" ХК-ийн Инженерийн хэлтэст төслийн менежер, Бизнес, стратегийн хэлтэст бизнес стратегийн ахлах зөвлөх, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гадаад харилцаа, жендерийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тухайгаа намтартаа өгүүлжээ.  Тэрбээр инженер аавтай, эдийн засагч ээжтэй. Нөхөр нь Юнигаз компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад эхнэрээ  дэд сайд болохын өмнөхөн ажлаа өгсөн байдаг. Тэднийх хоёр хүүхэдтэй. МАН-д 2010 онд гишүүнээр элсчээ.  

БСШУС-ЫН ДЭД САЙД Ё.ОТГОНБАЯР

Энэ эрхэм бусад дэд сайдуудыг бодвол салбартаа төдийгүй нийгэмд танигдсан нөхөр. Сайнаар ч, саараар ч тэр. Эхнэрийнх нь тарьсан балаг багагүй шуугиан дэгдээж зарим талаар түүний нэрийг сэвтээж орхисон болохоос бусдаар харьцангүй нэр цэвэр явсан улстөрч. Тэрбээр өмнө  БСШУЯ-ны сайдаар ажиллаж байсан. Салбарынхан нь түүнийг  гавьяа ч байгуулсан, гай ч  тарьсан гэцгээх юм билээ.  Гавьяа нь гэвэл хятадууд өөрсдийн нэр дээр авахыг санаархаж байсан "Монголын уламжлалт баяруудын нэг болох “наадам”, “Монгол ардын хөөмэйн урлаг”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлж чадсан  бол цаг нь болоогүй байсан  кембережийн системийг нэвтрүүлнэ хэмээгээд  салбараа дампууруулах дөхсөн  гэнэ лээ.  Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд ном бичиж байгаа нэрээр өссөн, төрсөн нутаг Булганаа хэдэнтээ тойрч, УИХ-д нэр дэвших сурталчилгаагаа мөлхөө маягаар хийсэн ч нутаг нугынхныхаа дэмжлэгийг авч чадаагүй. Харин Булган аймаг дахь МАН-ын дарга Н.Бат-Эрдэнэ нь түүнийг чирч улстөрд дахин хөл тавиулсан нь энэ.   Ё.Отгонбаяр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад улс төр рүү хөл тавьсан байдаг. Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан.   Тэрбээр дэд сайдаар томилогдсон даруйдаа сайдаар ажиллаж байсан үедээ  санаачилсан, эхлүүлсэн ажлаа үргэлжүүлэхээсээ болоод салбарын сайд   Ж.Батсуурьтайгаа өнөө хэр хэл үгээ ололцохгүй байгаа гэнэ лээ.   

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ

Батлан хамгаалах яамыг Онцгой байдлын яам хэмээн нэрийдэхэд хүргэхэд тус яамны дэд сайд , төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо   нөлөөлсөн нь дамжиггүй. Гэвч дэд сайд бол улс төрийн албан тушаал юм хойно нийгэм яалтай. Лаа иднэ үү, луувангаа иднэ үү  гэдэг нь өөрөө  МАН-ын асуудал шүү дээ.  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Монгол Улсын Шадар сайдаар ажилласан хугацаанд энэ эрхэм ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байсан билээ. Түүний талаар одоогоор  “Монгол шуудан” компанид ажиллах гэж үзээд  авгай хүүхнүүдийн эсэргүүцлийг бараагүй нэгэн” гэснээс  өөрөөр хар мэдээ  алга. Ямартай ч    Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдах хэмжээнд очтолоо албан тушаалын хувьд суга өссөн   нь сайн ахын нөмөр нөөлөг үү эсвэл МАН-д тэрбумаар нь хандив өргөсний шан уу гэдгийг цаг хугацаа харуулах буй за. Хувь хүнийхээ хувьд зөөлөн аядуу хэмээн хамт алба хашиж  явсан нөхөд нь үнэлдэг юм билээ. Ямартай ч түүнийг азтай, албан тушаалын одтой аавын хүү гэхээс өөр юу өгүүлэх билээ. Гэхдээ л мань эр  аль ч төрд албан тушаалтай үлдчихдэг шаггүй сэргэлэн нэгэн дээ.   

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД  Т.ГАНТУЛГА

Энэ шавилхан эр   МАН-ын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн.  Бас болоогүй ээ,  улс төр судлаач, доктор зэрэгтэй гэж байгаа.   Тэрбээр өмнө нь  Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. МАН-ын сайн ирээдүйтэй боловсон хүчнүүдийн нэг хэмээн ахмад гишүүд нь тоосон учраас  дэд сайдаар томилогдсон байж таарна.  Түүнийг дэд биш “том” сайд болно хэмээн олон нийт хүлээж байсан нь бас л нэг үнэлгээ.  Хөдөө аж ахуйн салбарынхан  түүнийг  төрийн нарийн бичгийн даргаар боломжийн ажилласан хэмээн  дүгнэсэн удаатай. Эрчим хүчний салбартаа шинэ ч , төрийн алба талдаа ёстой л нэг ногоон сайд П.Ганхүүд бол аль талаараа түшиг болох хүн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН

Түүнийг дэд сайдад нэр дэвших үед найз  нар нь  хийгээд хамт алба хашиж явсан мэргэжил нэгт нөхөд нь  цахим ертөнцөд нэлээд маргаан үүсгэж байсан гэдэг юм билээ. Нэг хэсэг нь түүнийг зарчимч, байр суурин дээрээ хатуу зогсдог хэмээн магтаж байхад нөгөө хэсэг нь атаархсандаа ч тэр үү янз бүрээр л хэлж байсан нь цахим хуудасны сэтгэгдэлд үлджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр төрийн албанд 24 жил ажилласан. Үүнээс төрийн захиргааны албанд 20 жил ажилласан туршлагатай нэгэн ажээ. Хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр зэрэгтэй түүнийг Эрүүл мэндийн яамны дэд сайдаар томилогдоход ёстой нүдээ олсон, зөв хүнээ томиллоо гэж байсан юм. Үнэхээр ч салбарынхаа ажлыг сайн мэддэг хүний хувьд тэрбээр хийх ажилдаа түүртэж суусангүй, харин ч яамныхаа бодлогод гар бие оролцож, салбараа өөд нь татахаар зүтгэж эхлээд байна. 

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Ц.БАТБАЯР

Ц.Батбаяр Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн захирал бөгөөд архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй нэгэн.   Тэрбээр 2008-2010 онд Улаанбаатар хотын Зураг төслийн хэлтсийн дарга, 2012-2015 онд "Хот төлөвлөлтийн хүрээлэн"-г үүсгэн байгуулсан, 2015-2016 онд Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны газрын даргаар ажиллаж байжээ.   Ц.Батбаярыг  УИХ-ын гишүүн асан Баянсэлэнгийн гаргаж ирсэн хүн хэмээдэг юм билээ. Бас санхүүжүүлэгч нь байсан  гэж ярьцгаадаг.

ХӨДӨЛМӨР НИЙГЭМ, ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  тэрбээр МУИС-ийг  эдийн засагч мэргэжлээр суралцаж төгсчээ.  Мөн   АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд гадаад худалдааны чиглэлээр магистр хамгаалсан байна.    Намын дэргэдэх залуучуудын холбооноос ажлын гараагаа 2001 оноос эхлүүлж, улс төрийн ажилтан, ахлах ажилтнаар долоон жил ажиллаад дараа  нь төрийн алба, бизнесийн байгууллага руу шилжсэн хэмээн намтартаа өгүүлжээ.  Түүнчлэн  холбооныхоо Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан тухайгаа ч  онцолжээ.  Харин тэрбээр мөн л МАН-ын шинэ кадруудын нэг.  Улс төрд  сонсогдоогүй нэр, үзээгүй зүс гэж  хэлж болно. Үнэндээ нийгэм түүнийг танихгүй , МАН-ын удирдах зөвлөлийнхөн л мэдэх байх.  АМЗХ гэх намын салбар  байгууллагыг удирдаж явсан  түүнд   Хөдөлмөр нийгэм хамгааллын  яам томдож байж ч мэднэ.  Үнэндээ  Монгол Улсын өдөр тутмын амьдралыг чилүүлж авч явах чиг үүрэг бүхий  гол салбар билээ. Тиймээс МАН түүнийг бүсгүй хүний өрөвч, зөөлөн зан ааль энэ салбарт хэрэг болно, ухаан дээр ухаан нэмнэ хэмээн томилсон нь гарцаагүй. Одоогоор түүнд хийсэн, санаачилсан ажил байхгүй.  Хэрхэн ажиллах талаараа ам ч ангайгаагүй. Нийгэмд танигдаагүй хэвээр байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.