Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д сэтгүүлчидтэй уулзаж, “Нийслэлийн агаарын бохирдлын тухай” хэлэлцлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд өнгөрсөн мягмар гарагт хуралдсан ҮАБЗ-ийн хурлаар ямар шийдвэр гаргасан талаар тайлагнасан юм. Мөн өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан санаачилга болоод үзэл бодлоо ч илэрхийлэхээ мартаагүй. Тэрбээр “Нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өргөтгөсөн хурлаар авч хэлэлцсэн. Хуралдаанд төрийн өндөрлөгүүд, сайдууд, УИХ-ын гишүүд, хотын удирдлагууд оролцсон. Үндсэндээ 12 байгууллагын төлөөлөл оролцсон. Ер нь ийм хурал хийнэ гэж төлөвлөж байсан. Хамгийн гол нь маш олон төлөөллийг бүгдийг нь оруулж ирж, суулгаж ярилцсан нь ач холбогдолтой болсон.
Ерөөс энэ тавигдаж байгаа асуудал иргэдийн амь явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаа учраас ач холбогдол өгч ажиллая гэж өргөтгөсөн хурлыг хийсэн. Би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хурлаас ямар шийдвэр гарав, цаашид ямархуу үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм. ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Ерөөс аюулгүй зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр л гарна гэж хуульд байгаа. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн, хүмүүс асуугаад байгаа. Улаанбаатар руу шилжиж ирэхийг хориглож байна, энэ үндсэн хууль зөрчиж байгаа юу, та юу гэж бодож байна гэж. Үндсэн хуульд байдаг хамгийн гол эрх бол “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн заалт. Мөн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Гэтэл Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг аюултай болчихож байгаа юм. Эрүүл биш аюултай орчин болчихлоо. Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийсэн, санаачилсан ажлаа дурьдсан юм.
ҮАБЗ-ийн хуралдаанаар гурван асуудлаар нэгдмэл байр суурьт хүрсэн
Тэрбээр цааш нь “Өнөөдөр би сэрж байгаа юм биш ээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Би дарга нарт хэлж байгаа. Өрөөндөө ороод та нар ширээгээ эмнэлгийн ор гэж хараач. Тэр орон дээр утаанаас болж өвдчихсөн хүүхэд хэвтэж байна гэж хар” гэж хэлсэн. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийх, хэлэх ёстой үг, үйлдэл гэж бодож байгаа. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл шүү. Яг үнэндээ утааны гамшиг бол монголчуудын өөрсдийнх нь тарьсан гамшиг. Үүнийг нэг ойлгооч. Утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй. Нэг аав, ээж, эмээ сууж байгаа. Одоо бүгдээрээ хариуцлагатай болъё. Хаймар, хог хаягдал оруулж ирээд түлж байгаа иргэд сэтгэл нь өвддөг бай л даа. Хүн яагаад үйлдлээ өөрчилдөг вэ гэхээр бусад мэдээд, мэдрээд, хэлээд, шахаад ирэхээр л мэдэрдэг юм. Гэхдээ иргэдэд боломж олгох хэрэгтэй байна. Налайх, Багануураас орж ирж байгаа, одоо иргэдийн түлээд байгаа нүүрс бол түүхий, маш их хар утаа гаргадаг. Гэтэл Монголд сайн чанарын нүүрснээс их юм алга. Урагшаа угаагаад гаргана, гаргахгүй гээд л хэрэлдээд байх юм. Тэр сайн чанарын нүүрсээ Улаанбаатартаа түлье л дээ. Одоо түлж байгаа нүүрснээс хэд дахин хямд, чанартай, ичлэгтэй байгаа шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний дараа ҮАБЗ-өөс нэгдмэл байр суурьт хүрсэн асуудлыг танилцууллаа.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Гамшгийн бүсээ тодорхойлох. Тус бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлох.
Хоёрдугаарт, Онцгой горимоор ажилладаг болох. Онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгох. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нэрийг Онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөх.
Гуравдугаарт, Аюултай орчноос аюулгүй орчин нүүлгэн шилжүүлэх. Бүх аймгууд нүүлгэн шилжүүлэлтэд оролцох ёстой. Засгийн газрын ордныг хотоос гаргавал олон зүйл өөрчлөгдөнө хэмээн мэдээлсэн юм.
Ц.Элбэгдорж: Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ мэтээр олон зүйлийг хэлж, санаа оноогоо хуваалцахын хажуугаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
НD Монгол телевиз: Азийн хөгжлийн банк, Бээжин, Тьянжин мөнгө аваад өөрсдийнхөө агаарын бохирдлыг шийдэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Манай ҮАБЗ-ийг өчигдөр Синьхуа агентлаг мэдээлж байна билээ. Улаанбаатар хот шилжилт хөдөлгөөний хязгаарласан байна гэж мэдээлж байна. Хамгийн хэцүү ажил бол хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгох юм. Манай телевиз, мэдээллийн агентлагууд англиар орчуулж мэдээлнэ. Би гэрийнхээ цахилгааны шийдэхийн тулд нарны эх үүсвэр ашиглахаар шийдэж болно. Гэрийн дулаан өөрөө бие даасан байх хэрэгтэй. Түүнийх нь төлөө тухайн айлд мөнгө орж ирдэг байвал асуудал шийдэгдэнэ.
NTY телевиз: Хотын татварыг өндрөөр тогтооё гэж байсан. Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад 600 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ ажлын үр дүн өнөөдрөөр илэрч байна. Алдаатай бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Алдаатай шийдвэр гарсан байж болно гэхдээ бүх ажлыг үгүйсгэж болохгүй. Системтэй, дэс дараатай, удаан хугацаанд явж энэ асуудлыг бид шийдэж чадна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжинд хотын татварын талаарх асуудлыг оруулж ирэх байх. Гэхдээ үүнд сонголтууд байх хэрэгтэй. Хотын татварыг бий болгох хэрэгтэй. Хот ажлаа хийх хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь нээлттэй. Үүнд хязгаарлалт байхгүй. Нэгэнт гамшгийн бүс гэж тайлбарласан.
МҮОНТ: Орон нутагт амьдар гэж байна. Гэтэл тэнд амьдрах, ажиллах орчныг яаж бууруулах вэ. Ядаж байхад орон нутгийн хөгжлийн санд өгдөг төсвийг жил ирэх тусам бууруулаад байгаа шүү дээ?
-Захиргааны арга хэмжээ, хүний сонголт давхар гарч байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг битгий бууруул гэж би хэлдэг. Хөдөө орон нутагтаа очсон иргэдэд малжуулах төслийг хэрэгжүүл. Утааны асуудал гэдэг жижиг зүйл биш. Монголын хэмжээнд гэдгийн цаана хийж болох бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.