Б.Чойжилсүрэн: Сангийн яам валютын ханшийг сул тавь гэдэг захиалга өгөөгүй

Б.Чойжилсүрэн: Сангийн яам валютын ханшийг сул тавь гэдэг захиалга өгөөгүй
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг зохион байгууллаа.
 
Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа удирдан явуулсан бөгөөд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанк, Сангийн яамны төлөөлөл, АН-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Гарамгайбаатар нар оролцлоо.
 
Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан оролцогчид мөнгөний бодлогын баримт бичигт валютын нөөц, ханшийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эдийн засгийн өсөлтийн сааралтын төлөв байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, саналаа илэрхийлсэн юм.  
 
Мөнгөний бодлоготой холбогдуулж мөнгөний бодлогын залгамж чанараа хэр хадгалсан талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Эдийн засаг хүндэрч, эрсдлүүд нэмэгдэж байгаа энэ үед бодлогын баримт бичгийн залгамж чанарыг хадгална гэх ойлголт байхгүй болчихоод байна.
 
Гол нь хүндрэлийг даван туулах Засгийн газрын бодлоготойгоо мөнгөний бодлого уялдсан. Манай улс шиг нээлттэй эдийн засагтай орны хувьд стандарт бүхий мөнгөний бодлогоор эдийн засгаа тогтворжуулах бололцоогүй. Манай нэн тэргүүний зорилго бол эдийн засгаа тогтворжуулах явдал юм" гэлээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын тухайд өнгөрөгч есдүгээр сард Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан юм. 
 
Б.Пүрэвдорж: Хүмүүсийн халаас руу гараа шургуулдаг байдлаа зогсоо
 
/УИХ-ын гишүүн/
Энэ үеэр  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монголбанкны шинэ Ерөнхийлөгч томилогдсоноос хойш валют 400 гаруй төгрөгөөр өслөө. Оны төгсгөлд төсвийн алдагдлыг багасгах үүднээс валютын ханшийг өсгөдөг. Дахиад ханш өснө гэсэн үг. Монголбанк Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар яваад байх шиг байна. Ингэснээр Олон улсын валютын сан юм уу, Хятад улсаас зээлсэн доллараа өндөр үнээр зарах гээд хэтэрхий захиалгаар валютын ханшийг өндөр болгох процесс руу яваад байна.
 
Тиймээс хүмүүсийн халаас руу гараа шургуулдаг байдлаа зогсоо” гэв. Үүний хариуд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Сангийн яам валютын ханшийг сул тавь, бидэнд ашигтай гэсэн захиалга өгөөгүй. Намайг ажил авахад Төрийн сангийн нэгдсэн дансанд 123 сая ам.доллар үлдсэн байсан. Дөрөвдүгээр сард жилийн 10.8 хувийн хүүтэй 750 сая ам.доллар зээлж оруулж ирсэн байдаг. Үүнийг гурван сарын хугацаанд зараад 100 гаруй сая ам.доллар үлдсэн байсан. Өнгөрсөн хугацаанд 2012 оноос хойш 7.9 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн. Хөгжлийн банк, бусад ам.долларыг оруулаад тооцох юм бол найман тэрбумаар интервэнц хийсэн.
 
Монголбанк мөнгөний бодлогоор валютын ханшийг үргэлжлүүлэн барих төвөгтэй. Засгийн газар валют оруулж ирэх, том төслөө хөдөлгөх гэх мэт бодлогоо уялдаатай хийж байж ханшийг барина” хэмээн тайлбарлалаа.
 
Харин Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2013 оноос хойш дөрвөн тэрбум ам.долларын валютын нөөцөө үрсэн атал долларын ханш 900 орчим төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Харин бид валютын нөөцийг нэг тэрбум ам.доллараас бууруулах сонирхолгүй байна. Олон улсын валюын сан Монгол Улсад ажиллаж байгаа. Бид валюын нөөцөө гурван сарын импорттой тэнцэх хэмжээнд барьж байгаа. Ийм хэмжээний валютын нөөцтэй байна гэдэг нь бидний чадавхийг харуулах учраас үүнээс бууруулах бодолгүй байна. Мэдээж ханшийн огцом савлагааг Монголбанк зөвшөөрөхгүй” гэлээ. Мөн тэрбээр төсвийн алдагдалын тухайд “2017 онд төсвийн алдагдал  9.9 хувьд байлгаж чадвал эдийн засаг тогтвортой хэмжээнд барих нэг нөхцөл бүрдэнэ. 
 
Тэр утгаараа Монголбанк төсвийг 10 хувиас илүү байлгахыг хүсэхгүй байгаа. Одоо яагаад төсөв алдагдалтай байна вэ гэхээр бүх ажлыг төсвийн мөнгөөр хийж ирсэн. Тиймээс төсвийн алдагдлыг тогтвортой барьж байж мөнгөний бодлогод орон зай гаргана. Мөнгөний бодлогод орон зай гарах юм бол бид арилжааны банкинд тавьж байгаа хатуу шалгуураа буулгана, бодлогын хүү буурна. Өөрөөр хэлбэл, арилжааны банк зах зээлийн ханшаар мөнгөө нийлүүлэх орчин бий болно.
 
Тэр утгаараа төсөв данхагар байх юм бол мөнгөний бодлогод орон зай байхгүй. Төсөв тодорхой хэмжээнд тогтвортой байх юм бол мөнгө тэлэх боломжтой” гэдгийг тодотгосон юм. Дашрамд дуулгахад, Манай улсын эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2016 онд харгалзан 0.7 хувь, 0.4 хувь байхаар таамагласан бол 2017 оны хувьд 2.7 хувь, 2.5 хувь байхаар төсөөлөөд байгаа юм байна.  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.