З.Нарантуяа: Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг нь мөн гэж харж байгаа

З.Нарантуяа: Монгол Улс  “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг нь мөн гэж харж байгаа
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа. 
 
-УИХ-ын намрын чуулганы завсарлага өндөрлөж, гишүүд ажилдаа орлоо. Та бүхний өмнө нэн тэргүүнд ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах чухал ажил хүлээгдэж байна. Энэ удаагийн төсөв хасалт, таналт нь байгаа онож чадав уу?
-Төсвийнхөө төлөв байдлаас нь эхэлж дүн шинжилгээ хийж байгаа. Төсвийн байнгын хороо болон бусад байнгын хороод бүгд л ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байна. Миний хувьд Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд төсвийн зарлагыг анхаарч ажиллах үүрэгтэй. Нөгөө талаасаа Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан Төсвийн багц хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Тиймээс тал талаас нь нэлээд сайн судалж үзэж байна.
 
Өөрөөр хэлбэл, төсвөө тэлэх эсвэл хумих гээд байгаа эсэх, энэ нь мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдаж байгаа гэдэг том зургаас нь эхэлж мониторингоо хийж байна. Энэ удаагийнх үнэхээр сайн шахагдаад, танагдаад,  орлого тал нь 100 хувь бүх нөөц бололцоогоо ашиглаад оруулж ирсэн төсөв мөн үү гэвэл бас хараахан тийм биш. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдлыг аль болох бууруулах нь л төрийн болон төсвийн бодлогын гол зорилго байх ёстой. Яагаад тэгэх  ёстой вэ гэвэл  ийм их өндөр алдагдалтай төсөв баталчихсан тохиолдолд мөнгөний бодлогоороо бодит эдийн засгаа дэмжиж чадахгүй.
 
Эдийн засаг руугаа бид нэмэлт ямар ч хөрөнгө оруулалт оруулж чадахгүй болно гэсэн үг. Энэ хэмжээгээр ажлын байрууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хумигдаж, бодит бүтээн байгуулалт байхгүй болно. Эцсийн хэрэглэгч ард иргэдийн орлого буурна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг илүү агшина. Макро зорилго бол ямар л арга хэмжээ авч чадна тэр бүгдийг авч байж л төсвийн алдагдлыг аль болох доош нь бууруулах ёстой. 
 
-Манай улсад өр тавихгүйгээр эдийн засгаа сэргээх арга байна уу. Өрийг өрөөр төлөхөөс өөр арга алга гэх юм. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
-Төвийнхөө алдагдлыг буруулахын тулд зардлыг буруулж, орлогоо дайчлах замаар өөрсдийнхөө чадах бүхнийг хийгээд, үлдэгдлийг нь богино хугацаанд зээл авч өрөөр дарахаас өөр арга байхгүй. Гэхдээ ойрын хугацаандаа шүү дээ. Ер нь аль ч улс эдийн засгийн зорилтуудаа богино, дунд, урт хугацаанд гэж тавьж явдаг. Тиймээс богино хугацаандаа өрийг өрөөр төлөх л гарц байна. Харин дунд хугацаандаа бол аль болох өрийг өрөөр төлөхгүй байхын төлөө явах ёстой. 2017 оны төсвийн тухайд бол тодорхой хэмжээний хүлээгдэж байгаа төлбөрүүдээ зээлээр төлөхөөс өөр арга байхгүй. Харин ямар эх үүсвэртэй зээл олж чадах вэ гэдгээс их зүйл хамаарна. 
 
-Хаанаас мөнгө зээлж, гадаад өрөө төлсөн нь зөв юм бол?
-Одоо бид аль болох дотоодын өндөр хүүтэй бонд биш. Гадаад зах зээлээс буюу олон улсын байгууллагуудаас хямд өртөгтэй эх үүсвэрүүдийг татаж, үүссэн өрийнхөө төлбөрүүдийг төлөх хэрэгтэй. 2017 онд Засгийн газрын хүлээгдэж байгаа зээлийн төлбөр бол дотоодын бондын төлбөр, мөн Хөгжлийн банкны 2011 онд авсан гадаад бондын эргэн төлөлт. Хугацаа нь тулсан төлбөрүүдийн хувьд өрийг өрөөр дарахаас өөр гарц байхгүй. Тиймээс “өрийг өрөөр дарж болохгүй” гэж улс төржсөн хандлагаар хандахаасаа илүү бодит нөхцөл байдалтайгаа нүүр тулах нь зөв. Өөрөөр хэлбэл, аль ч нам нь байсан улс төржихгүйгээр бодит байдлаа хэрхэн шийдэх эсэх дээр санаа нэгтэйгээр зүтгэж, хүнд байдлаас гарах хэрэгтэй байна.
 
-Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь бараг л тодорхой болж байх шиг байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хэдий хэмжээний мөнгө орж ирэх бол?
-Монгол Улсын хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг нь мөн гэж харж байгаа. Үүнээс өөр гарц алга байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсаны давуу тал нь нэгдүгээрт, хүсээд байгаа бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрийг авч ашиглах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, дотоодынхоо төсвийн сахилга бат төсөв зохиож байгаа арга аргачлал, төсвийн зарцуулалт дээр баримталж байгаа бодлогын дэс дараа,  эрэмбээ зөв тогтоох тал дээр ахиц гарах болов уу гэж найдаж байна.
 
Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн зээл, Дэлхийн банкны хөгжлийн бодлогыг дэмжих зээлүүд зөвхөн төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зориулагдах нэлээд хатуу шаардлагатай байдаг. Тэгэхээр Монголбанк, Засгийн газар хүсэлтээ энэ хэмжээндээ гаргасан байх. Ер нь бол ОУВС-гийн гишүүн орнууд энэ байгууллагын дүрмийн санд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр тодорхой квоттой байдаг.
 
Монгол Улсынх ОУВС-гийн дүрмийн сангийн 0.01 орчим хувьтай тэнцдэг. Хэдий тийм боловч 2009 онд Монгол Улсад энэ хэмжээнээс нэлээд дээгүүр тусгай нөхцөлөөр 240 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгч байсан. Энэ жишгээр бодвол 240-250 саяыг Валютын сангаас өгөх байх. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Дэлхийн банк, Япон улсын Засгийн газар, АХБ хөгжлийн зээлүүд өгөх боломж нээгддэг. Иймд эдгээр байгууллага ойролцоо хэмжээгээр өгнө гэж тооцвол нийт дүндээ 1.0-1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах боломж байгаа гэж харж байгаа. 
-2017 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тухайд гол зорилтуудаа тавьж чадсан тогтоолын төсөл байж чадаж байгаа юу?
-Энэ удаагийн мөнгөний бодлого их бөөрөнхий. Ингэж  бөөрөнхий орж ирж байгаа нь ч арга байхгүй. Онолын хувьд төсвийн зардал талаа хэр оновчтой менежмент хийж, орлого, зарлагын зөрүү алдагдлын хэмжээг буулгаж чадна. Тэр хэмжээгээр мөнгөний бодлого өөрөө зөөлрөх орон зай гарч ирэх юм. Мөнгөний болоод төсвийн бодлого хоёр чинь бие биенийгээ нөхөж байх буюу бие биеэсээ хамааралгүйгээр харилцан тэнцвэртэй явж байх ёстой хоёр үндсэн бодлого шүү дээ. Тиймээс ч  Засгийн газрыг дөрвөн жилээр, Монгол банкыг зургаан жилээр томилдог.
 
Дандаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хооронд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, аль болох их зарлага гаргах гэж хүсч байдаг Засгийн газрынхаа бодлогыг Монгол банкны мөнгөний бодлого өөрөө хязгаарлаж, дотоодынхоо эдийн засгийг тогтвортой байлгаж, дотоодын төгрөгийнхөө худалдан авах чадварыг хамгаалж байх учиртай.
 
Тэгэхээр төсвийн талын 9.9 хувийн энэ том алдагдалаа бууруулахын тулд үе шаттайгаар орлого талаа нэр бүхий том төслүүдийг хэрэгжүүлээд, бодитойгоор энэ орлогуудыг, энэ хугацаанд гаргаад ирнэ гэж ярьж байгаа боловч арга хэмжээнийхээ бодитой тооцооллыг хийсэн тодорхой хөтөлбөр одоохондоо Засгийн газар өргөн бариагүй байна. Тиймээс ч мөнгөний бодлого ямар орон зайд тоглож, бодлогын хүүгээ бууруулах, мөнгөний нийлүүлэлтээ ямар хувь хэмжээнд байлгах уу  гэдэг төсөөллийг хийхэд хүндрэлтэй байгаа.
 
 -Ирэх оны мөнгөний бодлого энэ байдлаар батлагдчихвал ямар ч үр дүн гарахгүй гэсэн үг үү? 
-Энэ мөнгөний бодлого байгаа байдлаараа батлагдлаа гэхэд Монголын эдийн засагт муу юм авч ирэхгүй. Мөн нэг их сайн үр дүн авчирнэ гэх итгэл төрүүлэхгүй байна. 
 
-Мэргэжлийн Засгийн газрын хувьд өмнөх Засгийн хийсэн балаг дээр бид хальтарчихлаа гэх зүйлийг байнга хэлж, ярьж байгаа. Энэ цаг хугацаанд Засгийн газрыг яг юуг хамгийн сайн хийгээсэй гэж хүсч байна вэ?
-Ер нь өмнөх Засгийн буюу АН-ын үед тэгсэн, ингэсэн гэдэг гомдлыг одоо болих хэрэгтэй. Сонгууль дуусчихсан. Ард түмэнд “АН-ын алдаа бүхэн”-ийг итгүүлж чадсан учраас өөрсдийнхөө төлөө сонголтыг хийлгүүлж чадлаа шүү дээ. Одоо  бодит эдийн засгаа сайжруулах хувилбараа л ярих цаг. Бодит эдийн засаг гэдэг нь олон жил бидний хийж чадаагүй төсвийг тойрсон бодлогын том реформуудыг хийснээр төсвийн дарамтыг түр зуур дарах биш бодлогын хувьд үндсэн суурь асуудлуудаа зөв гольдролд нь оруулахыг хэлж байна. Учир нь энэ Засгийн газар үүнийг хийх маш таатай нөхцөлд ажиллаж байгаа. Улс төрийн ямар ч саад бэрхшээл эд нарт тулгарахгүй. Өөрөөр хэлбэл, 65 кнопоо л багцалж ажиллуулж чадвал, зоригтой, зөв шийдвэр гаргах алтан боломж бүрдсэн. 
 
-Төсвийг тойрсон бодлогын том реформууд гэлээ. Үүнийгээ тодруулаач?
-Энэ Засгийн газрыг төсөвтэй холбоотой хэд хэдэн шинэчлэлийг  хийчихээсэй гэж хүсч байгаа. Төсвийн зардал талын  81 хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууламжуудаа ажиллуулахын тулд төлж байгаа  зардал. Үлдсэн  17-18 хувийг ирээдүйнхээ хөгжилд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт, дэд бүтэцдээ хуваарилдаг.
...Төсвийн зардал талын  81 хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууламжуудаа ажиллуулахын тулд төлж байгаа  зардал. Үлдсэн  17-18 хувийг ирээдүйнхээ хөгжилд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт, дэд бүтэцдээ хуваарилдаг. Төрийн албыг чадварлаг, цомхон, залгамж чанартай, уялдаа холбоотой, тогтвортой байлгах өөрчлөлтийг хийж байж урсгал зардалд ирж байгаа дарамтаас сална... 
Төрийн албыг чадварлаг, цомхон, залгамж чанартай, уялдаа холбоотой, тогтвортой байлгах өөрчлөлтийг хийж байж урсгал зардалд ирж байгаа дарамтаас сална. Нийгмийн даатгалын тогтолцоогоо төсөв дээр дарамт болдоггүй хэлбэр рүү шилжүүлж, бусад улсын санхүүгийн зах зээл дээр хамгийн их идэвхитэй ажилладаг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт оруулах ажлыг хойшлуулж, цаг алдах хэрэггүй юм. Ирээдүйн  өв сангийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь буруу.
Халамжийн бодлогыг тогтвортой байлгаж, төрийн халамжид зөвхөн хамрагдах ёстой хэсэг нь хамрагддаг байх зарчмыг хатуу баримталдаг болохгүй бол цаашдаа халамжийн хэлбэрүүд сонгуулийн циклд, маш тогтворгүй болж ирж байна. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээ, оюутны тэтгэлэг өндөр настнууд гээд халамж хэрэгтэй хэсэгт улс төрийн учир шалтгаан тоочилгүйгээр  өгөх нь зөв л дөө. 
 
-Хүүхэд харах үйлчилгээ гэснээс энэ үйлгээг үргэлжлүүлэх ямар ч боломж байхгүй байна уу. Эсвэл?
-Хүүхэд харах үйлчилгээний асуудал дээр  гишүүд ойлгож, шийдвэрээ гаргаасай гэж хүсч байгаа. Олон гишүүн энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Энэ үйлчилгээнд  2016 онд нийтдээ 10327 хүүхэд хамрагдах тооцоо судалгаа хийгдсэн. Харин  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хамрагдчихсан хүүхдийн тоо  6100 орчимд хүрсэн мэдээ  байна. Энэ хууль хэрэгжихгүй болсноор эдгээр 6100 хүүхэд эргээд цэцэрлэггүй буюу харах хүнгүй болно.
 
Хүүхдүүдийг харахын тулд сургалтад хамрагдаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн 1800 орчим ажилгүй байсан эмэгтэйчүүд ажлын байргүй болно Орон байр бэлдсэн хөрөнгө оруулалт, зээл нь үр дүнгүй болж багагүй хохирол учирна. Бодлого өөрчлөгдсөнөөс иргэдэд учрах бодит хохирлыг хуулийн дагуу төр хүлээхэд хэмнэснээсээ илүү зардал гаргана аа.Тиймээс энэ  улстөржих сэдэв биш. Өнөөдөр манай нийгэмд байгаа хамгийн том бэрхшээл  цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг дарамт багатайгаар шийдвэрлэсэн өмнөх Засгийн газрынхаа бодлогыг  төсөв хүрэхгүй гэх жижиг шалтгаанаар үгүйсгэмээргүй байгаа юм.  
 
-Өмнөх парламетын эмэгтэй гишүүд нэгдэж, энэ мэт хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой эмзэг асуудалд хүчтэй дуугарч, улс төрийн акц үзүүлж чаддаг байлаа. Энэ парламентын эмэгтэй гишүүдийн тоо олон болсон. Нэгдэх талаар ярьж, бодож байгаа зүйл байгаа юу?
-Энэ парламетын 13 эмэгтэй гишүүн албан бус бүлэг байгуулах саналаа УИХ-ын дарга хүргүүлсэн. Нам харгалзахгүй эмэгтэйчүүдтэйгээ олон чиглэл­ээр хамтран  ажиллахын төлөө байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан, Хүүхэд харах үйлчилгээний хуулийн үйлчлэлийг хойшлуулсан зэрэг асуудал дээр эмэгтэй гишүүдтэйгээ сайн ойлголцож байгаа учраас хамтдаа эдгээр буцаасан хуулиудыг батлуулах, үйлчлэлийг нь хойшлуулсан хуулийг өргөн барьцгаая  гэж уриалж байгаа. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.