С.Чинзориг гишүүний санаачилсан хуулийн төслүүд дэмжигдлээ

С.Чинзориг гишүүний санаачилсан хуулийн төслүүд дэмжигдлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. УИХ-аас хуулийн төслийг баталсан нөхцөлд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжүүдийн НДШ-ийг төр даах юм.
 
Ингэж хуульчлах болсон нь хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НДШ төлөгдөхгүй тасарсан нөхцөлд хожим тэтгэврээ тогтоолгоход нь хүндрэл учирдаг байна. Тэр дундаа дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийн хувьд НДШ нь олон жилээр тасарч, үүнээс болж тэтгэврийнх нь хэмжээ буурдаг. Мөн малчин эмэгтэйчүүд хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байгааг харгалзан үзэж, хүүхдээ асарч байгаа хугацааных нь НДШ-ийг тасралтгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцохоор хуулийн төсөлд тусгажээ.
 
УИХ-аас хуулийн төслийг баталсан нөхцөлд Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилдээ нийт 37962.0 сая төгрөг шаардагдах аж. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачилсан бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заажээ. Тус байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай байлаа. УИХ-аас өмнө нь баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн 1990-1995 оны ажиллаагүй тасалдсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан ч малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэлээд хэсэг хамрагдаж чадаагүй аж.
 
Иймээс дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг санаачилжээ. УИХ-аас энэхүү хуулийн төслийг баталсан нөхцөлд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж, ирээдүй нь баталгаатай болно. Мөн Нийгмийн даатгалын сангийн орлого ч арвижна гэж үзэж байна. Тодруулбал, 491.6 мянган хүн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
 
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
 
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймээс хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаархи байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
 
Харин үүний дараа Засгийн газраас өргөн сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Экспортыг дэмжсэн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаархи танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбар дахь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой.
 
Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэ төслийг Дэлхийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр жилийн 1.25 хувийн хүү болон 1.25 хувийн бусад шимтгэлтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр авах юм гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр, манай улсын хувьд эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг бууруулж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.
 
Иймээс "Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломж нээгдэх юм гэдгийг дурдав. Уг төсөл нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх аж. Үүнд, Экспортыг дэмжих санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох, хөгжүүлэх хэсэг нь экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдэд экспортын зээлийн даатгал болон баталгаа олгох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, институцийн тогтол­ц­оог бий болгоход чиглэнэ.
 
Харин Экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд дотоодын аж ахуй нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор экспорттой холбоотой тусгай сургалтын хөтөлбөр боловсруулах, сургах, чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах аж. Уг төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих юм байна. Улмаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.