Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон. Ингэхдээ цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж буй. Хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилт өчигдрөөс эхэлсэн юм. Өчигдөр "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж иржээ.
Тэгвэл өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан байна. Эдгээр нь хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Өчигдөр газар дээр нь ажиллах үедээ чингэлэг тээврийн үйл ажиллагааг халдвар хамгааллын нарийн чанд дэглэмийн дор эхлүүлж, "0" цэгээс 26 чингэлэг ачаа барааг хилээр оруулж ирсэн. Эдгээр ачаа нь БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан. Тиймээс яаралтай оруулж ирэхэд анхаарлаа. Хэрэв халдвар хамгааллын дэглэмээ сахиад сайн ажиллаж чадвал БНХАУ-тай тохиролцон ачаа тээврээ саадгүй авах боломжтой. Ачаа барааг ирсэн дарааллын дагуу татна. Түүнээс хэн нэгний ачааг түрүүлж авчирна гэх зүйлгүй. Тээвэрчид ачаа барааны үнийг үгсэн тохирч, нэмэх хөөрөгдүүлэх зүйлс гарч байгааг зохицуулна.
БНХАУ-ын тал ачаагаа хятад-монголын хилийн зурвас дээр оруулж ирж байгаа. Үүний дараа манай талаас ачаа барааг татаж, Бүс нутгийн ачаа тээвэр ложистикийн төв дээр авч ирж буулгана. Тэндээ бүртгэл, тооцоо хийсний дараа Улаанбаатар руу автотээврийн компаниуд ачиж ирнэ" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.