О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж хоёрын хэн нь АН-даа хүчтэй вэ?

О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж хоёрын хэн нь АН-даа хүчтэй вэ?

Уг нь МАН-ын асуудлаар АН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаж зарлаад сүрхий л байсан. Хэдхэн хоногийн өмнө “...УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг хоёуланг нь огцруулах улс төрийн шийдвэр гаргалаа” гээд зарлаж байв.

Харин өнөөдөр өөр зүйл дуулдаж байна. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хоёр зөрчилдөөд эхэлжээ. Тэр нь нэлээд ширүүсэж байгаа бололтой. АН-ын гишүүдийн ярьж буйгаар, О.Цогтгэрэл “...Зарчим барина. УИХ-тай ч, Ерөнхий сайдтай ч хариуцлага тооцно. Бүлэг нэгэнт улс төрийн шийдвэр гаргасан” гэж байгаа бол Б.Пүрэвдорж “...Эрх баригчдын ялж байгаатай нь нийлж тоглох ашигтай байна. Албан бус хамтрал хийнэ” гэсэн байна. Энэ хоёр даргын хэнийх нь байр суурь АН-ынханд таалагдана, тэр дарга АН-даа нөлөөгөө тэлж, хүчтэй болно гэсэн үг.

Түүнчлэн, АН-ын энэ хоёр эрхмийн тухайд 2025 оны наймдугаар сарын 31-нд намынхаа Их хурал дээр намын даргад өрсөлдөж байсан юм. Тэгэхэд эхний санал хураалтаар О.Цогтгэрэл 196, Б.Пүрэвдорж 82 санал авч, хоёр дахь шатнаас нь Б.Пүрэдорж нэрээ татсан байдаг. Мөн тухайн үед О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдоод “...АН маань УИХ-ын 2028, 2032 оны сонгуульд дараалж давхар ялах улс төрийн амбиц, зорилго хамтаараа тавих ёстой. Дараалж ялна гэдэг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ч ялах ёстой гэсэн үг” хэмээн мэдэгдэж байв.

Дашрамд, “...МАН ханиахад АН хатгаа тусах вий” гэж зарим хүн нэлээд хэдийнээс хэлээд л байсан. Юутай ч, хатгаа биш гэхэд зэрэгцээд ханиад хүрчихжээ. Харин МАН хэтэрхий бужигнаад АН-ынх давж гарахгүй байсан бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ