Одоогоос 70 жилийн өмнө буюу 1946 онд нийслэлчүүдийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” байгуулагдаж байсан түүхтэй билээ. Тэгвэл Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр, “Боловсон мах комбинат” буюу эдүгээгийн “Мах Импэкс” ХК-ийн 70 жилийн түүхт ой энэ онд тохиож буй. Тиймээс энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Боловсон мах комбинат”-д 24-хөн насандаа хөл тавьж, энэ л байгууллагаас өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад ажилтан Д.Дариймаа гуайг урьж, ярилцлаа.
-Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг болох “Боловсон мах комбинат” буюу эдүгээгийн “Мах импекс” ХК байгуулагдаад 20 жил болчихсон байх үед та энэ үйлдвэрт ирж байсан гэдэг. Монгол түмний мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байсан, 70 жилийн түүхтэй энэ сайхан үйлдвэртэй холбогдсон түүхээсээ та манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Намайг МУИС-д суралцаж байх үед 45 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийдэг байлаа. Миний хувьд 1946 онд байгуулагдсан, И.В.Сталины нэрэмжит “Боловсон мах комбинат”-д үйлдвэрлэлийн дадлагаа хийхээр болж байсан юм. Ингээд 1966 онд анх энэ үйлдвэрийн хаалгыг татаж, дадлагаа хийхээр ирсэн дээ. 45 хоногийн дадлагаа хийгээд дуусч байх үед Савангийн цехийн лаборатори лаборантгүй болчихсон байсан юм.
Тиймээс дадлагын хугацаагаа сунгахаар болж, сургуулийнхаа багш нар дээр очиж, дадлагын бичгээ сунгуулаад дахиад нэг сар лаборантаар ажиллалаа. Ингээд үндсэндээ 1966 онд хоёр сар 15 хоног энд ажиллачихсан болохоор үйлдвэрийнхээ ерөнхий байдал, цехүүдийн байршил, юу хийдэг, хүмүүстэй нь танилцчихсан байсан. Намайг 1967 онд сургуулиа төгсөхөд Хүнсний үйлдвэрийн яамнаас Мах комбинатын шинэ өргөтгөл ашиглалтад орох гэж байгаа учраас мэргэжлийн лаборант хэрэгтэй гээд томилолт өгч, үйлдвэртээ ирж байлаа. Яамны томилолт аваад 1966 оны долдугаар сарын 03-нд ирсэн чинь наадмын дараа ир гээд төгсч ирсэн хүүхдүүдийг бүгдийг нь буцаачихав. Тэгээд л наадам дөнгөж өнгөрөнгүүт сэтгэл нь догдолсон хүн ажилдаа орохоор иртэл “Нядалгаа эхлэх болсон тул бодын цехэд очиж, ажилчидтай хамт долоо хоног цэвэрлэгээ хий” гэдэг юм байна.
Ингээд даалгасан ажлыг нь хийчихээд ирсэн чинь “Хээрийн бойны мастерын тооцоологчоор очиж, ажилла” гээд пропуск бичиж өгөөд би хээрийн бойнд очиж ажиллав. Тухайн үед комбинатын даргаар Бямбажав гуай ажиллаж байсан юм. Тэгээд намайг хээрийн бойнд ажиллаж байх үеэр манай ажилтай танилцаж яваад “Чи лабораторид байх ёстой хүн. Одоо байх ёстой газартаа оч. Гар нядлагааны аргыг бүгдийг нь сурсан биз дээ” гэдэг юм байна. Тэгээд л би үндсэн лабораторидоо ирж, тоног төхөөрөмжөө угсрах, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн дээ.
-“Боловсон мах комбинат” хөдөлмөрчдийн хэрэгцээ болон гадаад орнуудад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага нэмэгдсэн болохоор 1968 онд хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор тухайн үеийн БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар үйлдвэрийн шинэ өргөтгөлийг хүлээж авсан байдаг. Та яг тэр үед ажилд орж байж шүү дээ?
-Тийм шүү. Хуучин “Боловсон мах комбинат”-ын лаборатори нь зөвхөн хиамныхаа шинжилгээг хийдэг. Савангийн лабораторидоо савангийнхаа л шинжилгээг хийдэг, цөөхөн хүнтэй байлаа. Биднийг ирэхэд Германы мэргэжилтэн Шульц гэдэг хүн ажиллаж байсан юм. Тэр хүнтэй хамтарч микробиологи, хими, фото лаборатори гээд үндсэндээ гурван лабораторитойгоор зохион байгуулагдаад бүх тоног төхөөрөмжүүдээ угсраад, шалгаад, лабораторио бүтэн босгож авсан даа. Үйлдвэр баригдаад боссоны дараа тэр их цэвэрлэгээг хийх гэж ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгч л болсон. Комбинатаараа л хөдөлсөн.
Тухайн үед одоогийнх шиг бүх зүйл бэлэн байсангүй. Шилний хагархайгаар л наалдсан будаг, шохойг хусч цэвэрлэж байлаа. Эндээс хамгийн сонирхолтой нь гадаа талбайг усаар шүршиж цэвэрлэхийг анх удаа үзэж, их гайхаж байж билээ. Эхлэн боловсруулах үйлдвэр, Хөргөх үйлдвэр, Өлөнгийн заводын хоорондох зайнуудыг усаар шүршиж цэвэрлэж байсан юм. Ингээд л үйлдвэрээ 1968 оны долдугаар сарын 07-нд хүлээж авах болоод хүмүүс бужигнаад эхэллээ. Тэр үед би лабораторидоо лаборант, химичээ давхар хийж байсан юм. Тэгэхэд Германы дарга, Элчин сайд нар, манай талаас нам, төрийн удирдлагууд, яамны төлөөлөгчид гээд зургаан хүн үйлдвэрийн нээлтэд ирэхээр болсон юм. Тэр үед нь би лабораторидоо сууж байсан чинь Эвлэлийн хороон дарга Дамдинсүрэн дуудаж байна гэлээ. Яваад очсон чинь үйлдвэрээс таван эмэгтэй авчирчихаж.
Тэгээд “Та зургаа ирэх төлөөлөгчдийг цэцэг барьж угт” гэдэг юм байна. Тэднээс Малын их эмч Дуламсүрэн, Тосны цехийн мастер Сэлэнгэ, бид гурвыг Германы төлөөлөгчдийг цэцэг барьж угтах ажилд томилов. Харин ТМС төгсөгчдийн төлөөллөөр Өлөнгийн заводын Дагийсүрэн, Савангийн цехийн Лхагвадорж, Эхлэн боловсруулах үйлдвэрийн Богийн цехийн Цэндмаа нар монгол төлөөлөгчдөд цэцэг өгөх ажилд томилогдож байсан юм. Энэ бол миний хувьд ийм сайхан үйлдвэртэй ажил амьдралаа холбосны их л дурсгалтай үе гэж бодогдож явдаг юм даа. Ингээд л бид үйлдвэрээ хүлээж аваад, наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд нядалгаа эхлээд, шинэ конвер хөдөлж байлаа.
Тэгэхдээ хамгийн эхэнд оруулах малынхаа толгойд хадаг зүүж, малгай өмсүүлээд, лам нараа залж номоо хуруулаад, ёслол төгөлдөр оруулж байсан юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Халтархүү тухайн үед жаахан шар охин, Богийн цехийн өвчигч байсан юм шүү дээ. Ингээд богийн цех эхэлж яваад, араас нь бодын цехийн ажил үргэлжилж байсан юмдаг.
-Таны хувьд “Боловсон мах комбинат”-тай салшгүй холбоотой, сайхан намтартай хүн байна билээ. Химич, лаборант, эвлэлийн үүрийн дарга, орлогч дарга гээд л комбинатын бараг бүхий л ажлыг хийж үзсэн хүн байна шүү дээ?
-Тэр үед ер нь сургууль төгсөөд ирсэн бүх хүнийг хамгийн доод шатны ажлаас л зургаа зургаан сараар, эсвэл нэг жилээр ахиулдаг байлаа шүү дээ. Түүнийг л дагаж хээрийн бойнд ажилчин анги хийгээд, дараа нь лабораторид лаборант, тэгээд химич гээд л явсан даа. 1968 онд Эхлэн боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа 1972 онд Хиам консервны үйлдвэрийг хоёрдугаар өргөтгөл болгож, бүрэн хүлээж авсан юм.
Тэр үед Хүнсний институт гэж байгуулагдахад манай лабораторийн эрхлэгч мэргэжлийнхээ дагуу ажиллахаар шилжсэн юм. Ингээд л 1972 он хүртэл химич, лаборант хийж байсан би лабораторийн эрхлэгч болсон юм даа. Намайг лабораторийн эрхлэгч болох үед Монгол Улсад анх удаа нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байв. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуулийн микробиологийн багшаар олон жил ажилласан, туршлагатай микробиологич Иш гуайг бүр Хөдөө аж ахуйн яамнаас Хөдөө аж ахуйн сургуультай яриулж байгаад комбинатдаа томилолтоор ирүүлж байлаа.
...1966 онд хоёр сар 15 хоног энд ажиллачихсан болохоор үйлдвэрийнхээ ерөнхий байдал, цехүүдийн байршил, юу хийдэг, хүмүүстэй нь үндсэндээ танилцчихсан байсан. Намайг 1967 онд сургуулиа төгсөхөд Хүнсний үйлдвэрийн яамнаас Мах комбинатын шинэ өргөтгөл ашиглалтад орох гэж байгаа учраас мэргэжлийн лаборант хэрэгтэй гээд томилолт өгч, үйлдвэртээ ирж байлаа...
Тэгээд бактерлиогич Гэндэн гэж малын их эмч хүнийг дагалдуулан сургаж, тэр хоёр маань нарийн микробиологийнхоо шинжилгээг хийдэг, би химийнхээ шинжилгээг лабораторийнхонтойгоо хийж байлаа. Ингээд л манай үйлдвэр Монгол Улсад нөөшилсөн бүтээгдэхүүний хими, микробиологийн шинжилгээг лабораторийнхоо хэмжээнд бүрэн хийгээд дуусахад бүтээгдэхүүнийг маань экспортод гаргах батламж гаргаж өгч байсан юм. Одоо эргээд харвал энэ олон баталгаат лабораториуд, ийм олон шат дамжлага гэж тэр үед байсангүй. Тэгэхдээ тэр үедээ манайх чинь хамгийн хөгжилтэй орон гэгдэж байсан БНАГУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шилдэг лабораторитой байсан юм шүү. Бас герман мэргэжилтэнтэй ч байж. Ингээд бид шууд баталгаа гаргаж өгч, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байсан юм даа.
Ер нь хүн залуу байхдаа эрэмгий, эзэмшсэн мэргэжилдээ эрдүү байдаг юм билээ. Түүнээс биш одоо бол бүх шатныхаа зөвшөөрлийг авъя, энд тэнд очъё гээд л удах байх шүү. Ингээд 1972-1974 оны сүүлч хүртэл лабораторийн эрхлэгчээр ажиллаж байтал нэг өдөр комбинатын дарга дуудаж байна. “Намын хороон даргын өрөөнд ороод ир” гэж байна. Орсон чинь “Захиргаа, боловсон хүчний хэлтэстэй болсон. Хуучин боловсон хүчин гэж байдаг байсан. Энэ хэлтэст даргаар оч” гэдэг юм байна. Би ч “Лабораторийн шинжилгээ л хийхээс өөр ажил чадахгүй. Өөрөө ч анкетаа бараг бүтэн бичиж чадахгүй шүү дээ” гэсэн чинь “Хүн бүх ажлыг хийж л сурдаг юм. Намын хороо, үйлдвэрчний эвлэлтэй яриад чамайг л тавья гэж ярьсан. Маргааш юу ч гэсэн ирээд анкетаа бүртгүүлээд ажилдаа ор” гэлээ. Тэгээд л Захиргаа, боловсон хүчний хэлтсийн дарга боллоо.
Захиргаа, боловсон хүчний хэлтэс маань хуучин болон шинэ үйлдвэр, Эхлэн боловсруулах үйлдвэр, Хөргөх үйлдвэрийн нэгдүгээр ээлж, Өлөнгийн завод, Мал нядлагаанаас гарсан бүх дагавар бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг цехүүд, тэнд үйлчлэх техникийн алба, үйлчилгээний үйлдвэр, ажилчны гуанз гэсэн олон цехүүдийг хариуцаж эхэлсэн юм. Бараг ажилчдын тоо 2000-д хүрсэн. Тэгээд л Захиргаа, боловсон хүчний асуудлыг хариуцсан бие даасан хэлтэс, үйлдвэрүүдийг хариуцсан мэргэжилтнүүд, зааварлагч нартай болоод би чинь найман хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийн дарга болж байсан юм даа.
-Үйлдвэр юм чинь өргөтгөл, шинэчлэлийн ажил байнга хийгдсээр л байсан байх. Ер нь тухайн үедээ ямархуу хүчин чадалтай үйлдвэр байсан бэ?
-1972 онд Хиам консервны үйлдвэрийг хүлээж авч байсан бол 1973-1974 онд Яс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон юм. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 8000 бог, 800 бод, 300 гахай төхөөрч түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан гүн хөлдөөж, нэг удаад 16000 тонн мах, махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай болсон. Түүнчлэн 10 аймагт мал болон малын түүхий эд бэлтгэлийн салбар төлөөлөгч ажиллуулдаг.
Мөн хөдөө, орон нутгаас малчид өөрсдөө малаа тууж, авчирсан малыг төхөөрч, мах махан бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалж хөлдөөх хүчин чадалтай болсон. Үндсэндээ манайх чинь Эхлэн боловсруулах үйлдвэр, Өлөнгийн завод, Хөргөх үйлдвэр, Яс боловсруулах үйлдвэр, Хиам консервны үйлдвэр гээд өргөжөөд ирэхээр өнөөх “Боловсон мах комбинат” гэдэг нэрнээсээ салж, “Улаанбаатарын мах, консервны комбинат” гэж солигдож байсан юм. Тэр үед бид гадаах хаягаа нэг их ажил болж, шинэчилж байсан юмдаг. Ингээд нэр маань өөрчлөгдөөд, үйлдвэр маань томроод ирсэн дээ. Ажилчдын тоо ч нэмэгдэж, гуравдугаар ээлж ороход түүнийг дагасан олон цех ажилд орсон юм.
Тухайлбал, Модон эдлэлийн цех, Авто гарааш, Засварын цех, Дулаан, цахилгааны цех ашиглалтад орсон. Ингээд ирэхээр чинь хүний тоо олон болоод үйлдвэрүүддээ боловсон хүчнийхээ ажлыг нэлээд төвлөрүүлж, эхний хоёр жил зууралдсан. Ямар ч байсан эхний ээлжинд бүх хүний хөдөлмөрийн дэвтрийг цэгцэлж, орсон гарсан тушаалыг нь нөхөж бичих, гадаад, дотоодын дээд сургууль төгссөн хүмүүсээ ялгах гээд ажил их байсан. Тэр үед дээд сургууль төгссөн хүмүүсийг инженер, техникийн ажилтан гэж нэрлэдэг байлаа. Энэ хүмүүсээ ялгаад, техникум төгссөн хүмүүс нь тусдаа, техник мэргэжлийн сургууль, илгээлтээр ирсэн гээд бодохоор манайх чинь их өргөн бүтэцтэй, нүсэр үйлдвэр болсон юм. Зөвхөн БНАГУ, Болгар, ЗХУ, Унгар, Румыны дээд сургуулиудыг төгссөн гэхэд 240 хүн байсан юм шүү дээ, манайд чинь.
Тэгээд техник мэргэжлийн сургууль, илгээлтээр ирсэн хүмүүс дийлэнх нь учраас ажил их урагштай явдаг. Бас 240 орчим герман мэргэжилтэнтэй байсан юм байна шүү. Гадны мэргэжилтнүүддээ инженерүүдээ дагалдуулаад, тэдэндээ ажилчдаа дагалдуулсаар байгаад хоёр жилийн дотор л гадаадын мэргэжилтнүүдийн тоог нэг дахин бууруулж чадсан. Манай Бямбадорж дарга хариуцлагатны зөвлөгөөн дээр “Монгол инженерүүд гадны хүмүүсийг тэтгэж, хооллож байх учиргүй. Барилга барьсан хүмүүсийг буцааж, үйлдвэрээ өөрсдөө явуулах шаардлагатай” гээд л их шийдэмгий хэлж, үүрэгдэж байсан юм. Ингээд ажиллаж байтал 1979 оноос “Чамайг Чанарын асуудал эрхэлсэн орлогч даргаар ажиллуулахаар болсон. Яамнаас хэлэлцүүлээд, сайдын тушаал гарсан” гэдэг юм байна. Тэгээд л ахлах зааварлагч Бямбажавтаа ажлаа хүлээлгэж өгөөд, шинэ ажлаа авлаа даа. Үйлдвэр тэлээд, өргөжөөд ирэхээр чанарын асуудлууд ихээр тавигдана.
Германууд бол чанарын асуудалд их нямбай, нягт ханддаг. Бас их шударга, хөдөлмөрч, цаг нарийн барьдаг, их цэгцтэй хүмүүс учраас ер нь үйлдвэрт маань өөрийн эрхгүй шаардлага тавигдаж байсан. Ялангуяа экспортод гаргах бүтээгдэхүүнүүд, дотоодын хэрэгцээнд гаргах бүтээгдэхүүнүүдэд ч гэсэн. Үүнтэй холбоотойгоор Чанарын асуудал эрхэлсэн орлогч дарга гэж тусдаа орон тоо батлагдсан юм билээ. Намайг өмнө нь лабораторид ажиллаж байсан учраас энэ албанд томилсон байдаг юм. Манайх чинь Мал эмнэлэгтэй, малын их, бага 40 эмчтэй, гурван их эмч, нэг эрүүл ахуйч хоёр ээлжийн бага эмч, хоёр сувилагч, нэг үйлчлэгчтэй Хүн эмнэлэгтэй байсан юм. Дотроо эмийн сантай. Лаборатори, Мал эмнэлэг, Хүн эмнэлэг, Ариутгалын цех, Үйлчилгээний үйлдвэр, Чанарын алба залгаад явдаг иж бүрэн циклээр хоорондоо холбогдсон том үйлдвэр байсан юм.
Ийм таван аппаратыг нэгтгээд орлогч дарга нь болж байлаа. Тэгээд орлогч даргаар дөрвөн жил ажиллаад би үнэндээ өөр газар руу шилжих хувилбартай байсан чинь гэнэтхэн л намайг хотын намын хороон дээр Алтангэрэл дарга дуудаж байна гэсэн. Очсон чинь “За Мах комбинатын намын хороон дарга өөр ажилд шилжиж байгаа. Нийт ажилчдын 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс намын хороон даргаар эмэгтэй хүн тавина. Танай яамнаас санал ирсэн. Байгууллагаас чинь мөн санал ирсэн. Дүүргийн намын хорооноос ч санал ирсэн” гэдэг юм байна. Тухайн үед манай Лхагва, Дэлэг эд нар манай үйлдвэрээр яваад байдаг байсан юм. Тэгсэн үйлдвэрийн ажилчдын саналыг аваад яваад байсан юм уу даа, одоо бодоход. Тэгээд л намын хороон дарга болсон доо. Тэр үед ийм том комбинатыг удирдана гэхэд үнэхээр их бажгадаж, өөрийгөө их чамлаж байсан юм шүү. Бас их сонин тохиол байсан нь комбинатын дарга Жамъянсүрэн бид хоёр их олон жил цуг ажилласан.
Жамъянсүрэн слесарь байхад би лаборант, хэлтсийн дарга болоход би хэлтсийн дарга, орлогч болоход нь орлогч болоод, 1982 онд Жамъянсүрэнг комбинатын дарга болоход зургаан сарын дараа хавар нь би намын хороон дарга болсон юм даа. Бид хоёрыг ямар ч байсан энэ Мах комбинатын хашаанаас гаргахгүй л гэсэн юм шиг байсан шүү. Тэгээд тэр үед яам гурван хэлтсийнхээ даргыг манайд өгч байсан юм. Ерөнхий инженерээр Лүндэвийг, Санхүү эрхэлсэн орлогч даргаар Самбууг, Материал хангамж эрхэлсэн орлогч даргаар манайд байж байгаад дэвшээд явсан хүнийг өгч байсан юм. Тэгээд бид хэдийг “Та нар Мах комбинатаас анхалж хоолоо идсэн хүмүүс. Гар нийлж ажилла. Та хоёрт энэ хүмүүсийг яам харамгүй өглөө шүү” гэж байсан юм. Ингээд л 1993 он хүртэл зүтгэж, гар нийлж ажилласан даа.
-Бүхэл бүтэн хотын иргэдийн мах махан бүтээгдэхүүний хэрэгцээг дангаараа хангана гэдэг амаргүй байсан байх даа?
-Ер нь бид тэр үедээ хоёргүй сэтгэлээр энэ улс, эх орныхоо төлөө, хүн амыг хүнсээр хангахын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байсан юм. Бид чинь өрөөндөө ирж сайн муугаа дуудалцаж, бараг хэрэлдэх үедээ хэрэлдчихээд гараад л үүрэг үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Жинхэнэ гар, санаа нийлсэн хамт олон байсан учраас Мах комбинат маань улс, салбар, нийслэл, районы хэмжээнд олон удаа түрүүлж, бид бас хамт олноо багц болгож авч чадсан юм даа, тэр үед.
...Энэ ахмад буурлууд, хамт олондоо баярлалаа гэж талархал илэрхийлмээр байна. Мөн бидний гүйцээгээгүй ажлыг энэ ороо бусгаа нийгэмд ийм сайхан үргэлжлүүлээд нийт ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй авч явж байгаа энэ үеийн залуусдаа ажлын амжилт, хамгийн гол нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та нарын маань ажил өөдрөг, өнгөтэй зүстэй байх болтугай гэж ерөөе...
Манай яам ч их сайн дэмждэг байсан. Манайх чинь нийслэлийн хүнсний бараг 30-40 хувийг дангаараа нийлүүлдэг байлаа шүү дээ. Өдөрт 20-25 тонн хиам хийнэ. Баяраар бол комбинатын дарга, намын хороон дарга нарт амрах эрх байхгүй. Хаанаас утасдана, аль дэлгүүр махгүй гэвэл тэнд мах хүргэж байх ёстой. Тэр дэлгүүрт хиам тасарчээ л гэвэл хүргэж байх ёстой. Тэр бүх зүйлийг гардан гүйцэтгэж байсан хүн бол манай орлогч дарга.
Тэр хүн сургууль төгсөж ирээд л манай Өлөнгийн заводод хиамны ажилтнаар ороод л, үйлдвэрүүдийг хөл дээр нь зогсоогоод л явсан. Жинхэнэ ЗХУ-д бэлтгэгдсэн технологич, махны мэргэжлийн хүн дээ. Бид ийм л замыг туулж, 27 жилийн нүүрийг үзсэн. Өнөөдөр эргээд харвал бараг 50 жилийг ардаа хийсэн юм шиг санагдаж байна. Хурдан өнгөрсөн хэрнээ бас их хугацаа байдаг юм байна гэж бодогдож байна шүү.
-Одоо хааяа үйлдвэр дээрээ ирэхэд сэтгэл өег сайхан байдаг уу. Өнөөдөр ч гэсэн хүрээд ирсэн байна?
-Хүмүүс хоёр дахь гэр гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь л энэ байгаа юм. Би энэ хаалгаар ороод л энэ хаалгаар тэтгэвэрт гарсан хүн. Тэгэхээр чинь ижил дасал болсон байлгүй яах вэ. Биднийг үйлдвэрийнхэн маань Ахмадын баяраар хүлээж авч, хүндэтгэл үзүүлдэг. Тэгээд л аравдугаар сарын 1 болохоор бид бие бие рүүгээ утасдаад л “Энэ удаад хэн тойрч авах вэ. Би хаана зогсож байх вэ” гээд л ярина шүү дээ. Бид хэд чинь бүр зогсдог зогсоолтой гээч. Тэгээд л манайхаас эхлээд, Нямжавыгаа, Жамъянсүрэнгээ, Лхачинбалыгаа, Самбуугаа аваад л бөөнөөрөө ороод ирдэг. Ёстой л нэг гэртээ ирж байгаа юм шиг дээ.
Ороод ирэхээр нэг их сайхан. Инээгээд ч баймаар юм шиг. Хүн тэгтлээ л их ижил дасал болдог юм байна. Би дурсамжаа “Эгнэгт үлдэх, үл мартагдах хамт олон минь” гэж гарчигласан. Өөр газар ажиллаагүй юм чинь. 1993 онд нийгэм бүхлээрээ өөрчлөгдөөд, намын байгууллагууд татан буугдаж байх үед Жамъянсүрэн дарга маань “Эндээ бай. Ороод ажилла” гэсэн. Тэгэхэд Мөнхболд Хиамны үйлдвэрийн дарга байсан юм. Бас л ирээд ажилла гэсэн. Тэгэхдээ би их ажлын хажуугаар таван хүүхэд төрүүлснийхээ ачийг одоо үзье, тэгээд ч 52 хүрчихсэн хүн чинь тэтгэврээ тогтоолгоод ямар ч байсан талхны мөнгөө олж авч байгаа юм шүү дээ. Тэгж байтал 1992 онд Гадаад худалдааны яамаар дамжаад БНАГУ-аас жижиг дунд үйлдвэрийн 52 төсөл орж ирэхэд гурван төсөл бичиж, өгөөд гурвуулаа шалгарчихсан.
Тэгсэн Гадаад худалдааны яаман дээр Цогт гэдэг хүн намайг дуудаж уулзаад “Дариймаа гуай нэг хүнд гурван төсөл өгч болохгүй юм байна. Та сонгож байгаад нэгнээс нь татгалз” гэлээ. Би тэгээд хамгийн сүүлд Дуламжав, Билгээ хоёрыгоо дайчилж байхад амар юм гээд талх нарийн боов, хиам хоёроо сонгож аваад зайрмагны төслийг орхисон доо. Тэгээд тэр хоёр үйлдвэрээр 1993-2013 он хүртэл явсан. Одоо нэг хүү маань хиамныхаа үйлдвэрийг үргэлжлүүлээд явж байгаа. Талх нарийн боовныхоо үйлдвэрийг өөр газарт шилжүүлсэн дээ.
-“Боловсон мах комбинат” тань “Мах импэкс” компани болоод энэ жил 70 жилийн ой нь тохиож байна. Шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ брэндтэй, бас Монголдоо төдийгүй Азидаа анхдагч болсон гээд олон амжилттай түүхт ойгоо угтаж байна. Энэ болгон дээр та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ хаалгаар орж ирээд л тэр том бухыг харахад бидний байсан үеэс өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Үнэхээр тэр ороо бусгаа цагийн үед хүнсний үйлдвэр байтугай ямар олон байгууллага устаж үгүй боллоо. Тэгэхэд бидний үлдээгээд гүйцээлгүй явсан ажлыг өнөөдөр өдий зэрэгтэй босгоод, ийм хатуу нийгэмд өрсөлдөж чадаж байгаа энэ цагийн залуучуудад чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Ирэх болгондоо л хэлдэг юм. Нээрээ ороод ирэхэд л шил толь болчихсон. Яг үнэнийг хэлэхэд, бид эндээ ийм гял цал юм хийх хөрөнгө мөнгө нь ч хаана байх вэ, тийм цаг зав ч байхгүй байж.
Яагаад гэвэл хоногт 10-12 мянган бог, 1000-1300 бод, гахай нийлүүлж нядлуулдаг. Тэр үеийн “Малын амьсгалаас бусдыг ашиглана” гэдэг лоозондоо баригдаад, түүнтэйгээ л үзээд байдаг байж. Тэгэхдээ бас нийгмийн асуудлаа шийдэх гэж асар их зүйл хийж байсан шүү. Нядлагааны бус үед ажлаар хангах хивсний цех, модон эдлэлийн цех гээд л манайх чинь элдвийн л юм хийж байлаа. Хоёр хүүхдийн цэцэрлэг, нэг орон сууц барилаа. Маш их юм хийсэн.
Тэгж байж л тэр олон мянган хүнийг чинь эргэлдүүлж ажил, амьдралтай нь байлгаж байлаа шүү дээ. 3000 давсан хүн гэдэг чинь тэр үеийн Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь юм биш үү. Тэр үед чинь жилд 600 орчим хүн жирэмсний амралттай байдаг. Манай үйлдвэр чинь эмэгтэйчүүд ихтэй, тэр бүх хүмүүс чинь 45 хоног амарна. Зарим нь дараагийн хүүхдээ залгаад төрүүлнэ. Гэх мэтээр эзэнгүй дэвтэр гэхэд 782 дэвтэр байдаг. Тэгсэн хэрнээ хүн нь ирж очин уулзаад байдаг. Тэр бол их сонин л доо. Олон эмэгтэйчүүд ажиллаж байгаа газар тийм зүйл заавал байдаг л юм билээ. Бас намайг орлогч дарга байх үед бид том зорилт тавиад чанарын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлнэ гээд мал хүлээн авахаас эхлээд бүх дамжлага дээр чанарын карт гэдэг зүйл хөтлөөд, түүнийг нь чанар шалгагч нар шалгадаг, малын эмч нар шалгадаг байлаа. Энэ бүх системийг үнэлээд 1983 онд “Чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлсэн” гэсэн гэрчилгээг манайд өгсөн юм шүү.
Стандартын хороо, Улсын төв мал эмнэлэг өгдөг байсан юм. Гэтэл манай үйлдвэрийн хүүхдүүд Олон улсын үзэсгэлэн яармагаас хос медаль аваад ирлээ гэхэд сэтгэл хөдлөөд л, огшиж байлаа. Хүн чинь хийж байсан ажлаа янз янзаар л боддог юм байна. Энэ их нүсэр ажлын байрыг үлдээгээд явсан, ахмад үеийнхнийхээ ажлыг тасралтгүй аваад явж байгаа залуучууд маань сайхан байна. Энэ залуучуудаар бахархахаас өөр арга байхгүй. Намайг боловсон хүчин байхад анкет бөглөөд ажилд орж байсан залуу одоо цав цагаан толгойтой, өвгөн болчихсон явж байна шүү дээ /инээв/.
-70 жилийн түүхт ойн баяр тун удахгүй болох гэж байна. Та хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Оюутны ширээнээс томилолт аваад ирэхэд гараа тосч хүлээж авсан, биднийг дэмжиж, туслаж, загнахдаа загнаж, зэмлэхдээ зэмлэж байсан ахмад буурлуудын маань энэ их нүсэр сэтгэлийн өгөөж биднийг энэ дайтай ажиллаж, амьдрах сэтгэлийн хат суулгадаг юм байна. Хатуу, зөөлөн үг сургадаг юм байна. Хариуцлага хүлээлгэж сургасан.
Энэ ахмад буурлууд, хамт олондоо баярлалаа гэж талархал илэрхийлмээр байна. Мөн бидний гүйцээгээгүй ажлыг энэ ороо бусгаа нийгэмд ийм сайхан үргэлжлүүлээд нийт ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй авч явж байгаа энэ үеийн залуусдаа ажлын амжилт, хамгийн гол нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та нарын маань ажил өөдрөг, өнгөтэй зүстэй байх болтугай гэж ерөөе. Үүнээс гадна биднийг урьж, энэ компанийн түүхийн гэрч болгон ярилцлага авч байгаа “Монголын мэдээ” сонины хамт олонд талархал илэрхийлье.