БНСУ-д ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин өрсөлджээ. Ой тогтоолтын тамирчид нийт 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон ба багийн бүрэлдэхүүнд Ахлах дасгалжуулагч Б.Баасандорж, Туслах дасгалжуулагч М.Уранбилэг болон 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Их Мастер Б.Ариунсанаа, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам , Б.Хангал /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Энхлүүн /“Memoriad-2016” оюуны олимпийн хүрэл медальт/, Б.Бадам-Аюуш /Азийн аваргын мөнгөн медальт/, Л.Чанцалдиймаа, А.Нэргүй, Б.Анхбат, Ч.Марал, С.Жавхлантамир, Б.Намуундарь, Э.Мишээл, Б.Лхагвадорж, Г.Энхлэн, Ч.Энхсанаа, О.Түвшинзаяа, З.Тэмүүжин нар оролцжээ.
Энэ удаагийн тэмцээнд манай улсын тамирчид 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа хол илүү түрүүлсэн байна. Мөн дэлхийн дөрвөн дээд амжилтыг эвдсэн аж.
Тухайлбал бага насны ангилалын "Зураг" төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд "Зураг" төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын "Хөзөр" төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, "Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар тус тус дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Сонирхуулахад тус тэмцээн 30 сая вонын шагналтай юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.