Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг урьдчилан бэлтгэж, өнөөдрийн байдлаар 573 төсөл, арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Улаанбаатар хотын иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай, цахилгаан, дулаанаар тасрахгүй, нийтийн тээврийг удаан хүлээхгүй, агаарын чанарыг сайжруулахад өвөлжилтийн бэлтгэл чиглэж байна. Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэн. Энэ галлагааны улирлаар 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг, сайжруулсан түлшийг 446 цэгээр жигд, хүртээмжтэй борлуулна. Түлшний түгээлтэд онцгойлон анхаарч байна. Энэ жил 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ. Найман зуухыг хий рүү шилжүүлэх ажлын үр дүнд агаарын бохирдол 5.6 хувиар буурах судалгаа гарсан.
Улаанбаатар хотод дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуурга 105-117 хувийн ачаалалтай байгаа. Нийт шугам сүлжээний 60 хувийн насжилт хэтэрсэн учраас газар доорх шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж, 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна.
Энэ онд нийт 111 км шинэ зам тавьж, 31 км замыг засаж, 70 гаруй км дугуйн замыг барилаа. Ирэх онд 330 орчим км дугуйн замын сүлжээтэй болох бодлого барьж байна. Хүүхэд, залуус, ахмадуудыг нийтийн тээвэр удаан хүлээлгэхгүй байхад анхаарна. Нийт 1300 нийтийн тээвэр бэлэн байдалтай, 450 тонн түлш буюу есөн хоногийн шатахууны нөөцтэй байна. Тухайн автобус хэзээ ирэх хуваарьтай дэлгэцийг автобусны буудлуудад байрлуулахаар төлөвлөж байна. Давс, бодисын нөөц 90 гаруй хувьтай бүрдсэн” гэдгийг онцоллоо.
Дулааны тавдугаар цахилгаан станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын дулааны асуудлыг шийдэх юм. 2027 онд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулна. 2026 оны арванхоёрдугаар сараас туршилт тохируулгаа хийнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг тасалдалгүй явуулах үүднээс технологийн ажлуудыг гүйцэтгэсэн. Тус станцын 3 дугаар ээлжийн 150 МВт станцыг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна.
Эрүүл мэндийн байгууллагуудад их болон урсгал засварын ажлууд 87 хувьтай байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн харьяа гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгохоор бэлтгэж буйг тодотголоо.