Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөж байна.
Манай залуус шилдэг наймд үлдээд байсан бөгөөд хасагдах шатны шигшээ тоглолт өчигдөр буюу зургадугаар сарын 11-ний өдөр боллоо. "Хасын Хүлэгүүд" өрсөлдөгч нь Филиппины лигийн аварга баг Мералко Болтс багтай тоглож 78-83 харьцаагаар манай залуус хожлоо.
Тус тоглолтод Иан Миллер 32 оноо, 6 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Б.Барсболд 13 оноо, А.Азбаяр 10 оноо, Жорлан Толберт 10 оноог тус тус авсан байна.
"Хасын Хүлэгүүд"-ийн шилдэг дөрвийн өрсөлдөгч баг нь Японы Уцуномия Брекс багтай маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр тоглоно. Хожвол аваргын төлөө тоглох бол хожигдвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцож байгаа бөгөөд гурван хэсэгт хуваагдсан. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны "Табиат" багтай тоглож хожигдсон билээ. Улмаар хэсгийн хоёрдугаар байраар гарсан юм.