Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын цувралын тоглолт өчигдөр өндөрлөлөө. Финалд аваргаа хамгаалахаар “Хасын хүлэгүүд” болон “Бишрэлт Метал” багууд шалгараад байсан билээ. Өчигдрийн тоглолтын ялагч нь “Хасын хүлэгүүд” байв. Тэд цувралыг 4:2-оор тэргүүлж үндэсний дээд лигийн аварга боллоо. Дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг 500 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол дэд аварга “Бишрэлт Метал”-ын залуус 250 сая төгрөгийн шагналыг авсан байна.
Гавьяат тамирчин Б.Билгүүн тэргүүтэй “Хасын Хүлэгүүд” 2024-2025 оны улирлын турш шилдэг тоглолтыг үзүүлж шөвгийн найм, хагас шигшээ болон финалын тоглолтод цувралыг тэргүүлж чадсанаар дахин аварга боллоо.
Залуу тоглогчдоор хүчээ нэмсэн “Хасын Хүлэгүүд”-ээс А.Азбаяр, С.Биндэрьяа, М.Цэнгүүн, Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ нарын тоглогчид хоёр дахь удаагаа “Лигийн аварга” цолыг авчээ. Мөн гавьяат тамирчин Б.Билгүүн болон О.Сэргэлэн нарын зургаа дахь түрүү юм.
2024-2025 оны улирлын тоглолтод “Хасын Хүлэгүүд” багт АНУ-аас ирсэн Жордан Толберт, Иан Миллер нарын тоглогчид багтсан. Тэд улирлын турш хамгийн сонирхолтой тоглолтыг үзүүлж багаа аварга болоход гол үүргийг гүйцэтгэсэн юм.
“Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд дасгалжуулагчийн хувиар Монголын үндэсний дээд лигийн анхны аварга цолоо хүртлээ. Мөн туслах дасгалжуулагч Ц.Чинзориг дөрөв дэх аваргын цомоо өргөсөн бол дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалангийн анхны цом байв.