Хөгжлийг дэмжих татварын бодлого ба бүсчилсэн хөгжлийн “бай”

Хөгжлийг дэмжих татварын бодлого ба бүсчилсэн хөгжлийн “бай”

Монгол Улс ирэх жил бүсчилсэн хөгжлийг дэмжиж ажиллахад чиглэж байгаа. Ингэхдээ мега төслүүдийг хөдөлгөж бүсчилсэн хөгжлийг дэмжих хөшүүрэг болгохоор төлөвлөсөн. "Зууны мэдээ" сонин өнгөрсөн удаад мега төслүүдийн талаар мэдээлсэн бол энэ удаад бүсчилсэн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

 

Төсөвт тусгасан татварын бодлогууд

Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийг дэмжиж, бүсийн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Бүсийн онцлогт нийцсэн татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэхдээ бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, НӨАТ-ыг дөрөв хүртэлх жилээр хойшлуулахаар төсвийн төсөлд тусгасан талаар Сангийн яамнаас мэдээлэв.

Бүр тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Томоохон төслүүдийн ирээдүйн таван жилийн орлогод төлөх татварын 90 хувийг буцаан олгож урамшуулна” хэмээн 3.2.11-т заажээ. Ингэснээр төслүүдэд очих татварын ачаалал буурч хөгжиж, өсөн дэвжих боломж бүрдэнэ хэмээн үзэж буй.

Мөн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг дэмжих татварын таатай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж бүх төрлийн боловсруулах үйлдвэрийг хамруулах юм байна. Хамгийн гол нь боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчийн импортолсон тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлөх ажээ.

Түүнээс гадна ирэх жил хувийн хэвшлийн нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ мөн л Сангийн яамнаас илэрхийлсэн. Ингэхдээ байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхэлдэг. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, тэдгээрийн эрхийн хангах, хамгаалахын зэрэгцээ хүүхдийн тоглоомын талбай зэрэг нийгмийн сайн сайхны талаа хийж буй ажил, соёлын өвийг хамгаалах, түгээх, туурвих, сэргээх зэрэг нийгмийн сайн сайхны төлөө хийж гүйцэтгэсэн ажлууд татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь.

 

Ирэх онд 640 төсөл хэрэгжүүлнэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх онд 640 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд шинээр 38 төсөл хэрэгжиж эхлэх аж. Эдгээрийг задалбал, зам гүүрийн 101 төсөл байгаагийн 19 нь шинээр хийгдэх ажил. Үүнд 1.4 их наядыг зарцуулах аж. Түүнчлэн инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаланы 70 төсөл шилжих байдлаар хэрэгжиж 14 шинэ төсөл хэрэгжих аж. Эдгээр төслүүдэд нийт 567.9 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үндсэндээ ирэх жил шинэ, хуучин төслүүдэд 3.4 их наяд төгрөг зарцуулах юм байна.

Энэхүү төслүүд хэрэгжсэнээр 2025-2028 онд нийт 4.4 мянган км авто замаар аймгийг аймагтай, аймгийг боомттой холбохын зэрэгцээ аялал жуулчлалын авто замуудыг барьж байгуулах бол 1.7 мянган МВт эрчим хүчний эх үүсвэртэй болохоор зэхэж буй. Эдгээр төслүүдэд энэ онд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийж үүнээс 42 хувь буюу 2.9 их наяд төгрөгийг олгожээ. Түүнчлэн 2021 оноос сургуулийн барилгад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. 2021-2025 онд нийт 243 сургуулийн барилга ашиглалтад орох учиртай. Үүнээс 104 сургууль ашиглалтад орж 48.3 мянган хүүхэд хичээлийн шинэ байртай болж буй. Харин энэ жил 20 мянган хүүхэд шинэ сургуультай болох юм байна. Өөрөөр хэлбэл, 49 сургуулийн барилга ашиглалтад орно. Харин ирэх жил буюу 2025 онд 90 сургуулийн барилга ашиглалтад орж 40.6 мянган хүүхэд шинэ хичээлийн байртай болох нь ээ.

Ямартаа ч ирэх жилүүдэд бүтээн байгуулалтад түлхүү анхаарах эхний алхамыг ирэх жилийн төсөвт тусгаж байгаагаа Сангийн яамны мэргэжилтнүүд хэлж байгаа. Хөгжлийг дэмжих татварын бодлого ба бүсчилсэн хөгжлийн “бай” нь эрчим хүч, зам харгуй, сургууль цэцэрлэгийн барилга гээд Монгол Улсад тулгамдсан салбаруудыг онилж байна. “Сум” нь “бай”-гаа онох эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ