Монголын Гашуунсухайт, Хятадын Ганцмодны боомтын төмөр замыг холбож чадалгүй олон жил болсон.
Хэнээс, юунаас болж гацсаныг хаана хаанаа мэддэг. “…Өргөн, нарийн цариг” гэхээр бүгд ойлгоно. Хамгийн гол нь Монгол Улс өнгөрсөн жилүүдэд асар их боломжоо алдсан. Бас Хятадын тал ч багагүй алдагдал хүлээж буйгаа албаны шугамаар илэрхийлсээр ирсэн.
Тэгвэл Хятадын талаас, тодруулбал “Чайна энержи” компаниас энэ долоо хоногийн эхээр “…Үүнээс болж хүлээсэн алдагдлаа ярихаа больё, хоёр төмөр замаа холбох боломж олгоё” гэдэг агуулга бүхий захидлыг Засгийн газарт ирүүлжээ. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн. Яг үнэндээ энэ нь манай талаас сүүлийн гурван жилд “…Хилээ холбоё” гэдэг саналыг олон удаа, янз бүрийн байдлаар тавьсны үр дүн л дээ.
“Чайна энержи” бол жилд 660-700 сая тн нүүрс импортолдог. Жилд 600 сая тн ачаа тээвэрлэх төмөр замтай. Жилд 320 сая квт эрчим хүч үйлдвэрлэдэг. Хятадын төрийн өмчийн гурван том компанийн нэг юм. Захидалдаа ингэж танилцуулжээ. Шулуухан хэлэхэд энэ бол “…Танайхтай, танайхгүй манайх том компани” гэсэн үг л дээ.
Цаашлаад захидалд Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг холбох талаар Монгол, Хятад хоёр төр, засгийн хэмжээнд хэрхэн харилцаж, “Чайна энержи” компани хэзээнээс оролцож, юу юу амжуулсан талаараа дурджээ.
Тус компани Монголын талын саналаар Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын төсөлд оролцож эхэлжээ. 21 жилийн өмнө гэсэн үг. 2005 онд Монгол Улсын Засгийн газар, нэр бүхий компанитай хэлэлцээ хийж, Гашуунсухайтын төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталжээ. 2009 онд Монгол Улсын Засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг, бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн байна.
Ингээд 2014 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга хоёрыг байлцуулан Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг нарийн царигаар холбох гэрээнд хоёр талын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний дагуу “Чайна энержи” компани 2015 оны нэгдүгээр сар гэхэд нийт 7.17 тэрбум юаниар Ганцмодны боомт хүртэлх төмөр замыг тавьжээ. Хоёр замыг холбох бусад бэлтгэлээ ч базаажээ. Харин Монгол Улс Гашуунсухайтын төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай төмөр зам барихаар шийдсэн. Энэ тухай захидалд “…Харамсалтай нь Монголын тал урьдчилж мэдэгдэлгүйгээр царигаа өөрчлөх шийдвэрийг гаргаснаар энэ төсөл гацсан” гэсэн байна. Энэ үйл явдлын талаарх эндэх үйл явцыг бид сайн мэднэ. Харин Хятадын тал Монгол Улс царигаа өөрчлөхөөр шийдэх үед “…Өргөн, нарийн царигийг холбоход нэмээд 4.1 тэрбум юанийн зардал гарна шүү дээ” гэж сануулсан байна. Гэвч манайхан тоолгүй өнгөрөөжээ.
Улмаар “…Үүний улмаас Хятадын тал, “Чайна энержи” компани 2.7 тэрбум юанийн шууд алдагдал хүлээсэн” гэж захидалд бичсэн байна.
Түүнчлэн тэд “…Хоёр тал энэ төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн 16 жилийн хугацаанд 55 удаа хэлэлцээр хийсэн” гэжээ.
“Чайна энержи” компанийн захидлын агуулгыг тоймловол:
1. Өргөн, нарийн царигийн асуудал Монгол Улсын түүхэн онцлог гэдгийг ойлгож байна. Хэдийгээр манай тал эдийн засгийн хохирол хүлээсэн ч хоёр улсын найрсаг харилцааг хүндэтгэж, өнөөдрийг хүртэл шүүх, хуулийн байгууллагад хандах арга хэмжээг авалгүй ирсэн.
2. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувь эзэмших асуудлыг тавихгүй бөгөөд төмөр зам тавигдсанаар технологийн өндөр түвшний олборлолтыг хийж, төмөр замыг ашигтай ажиллах багтаамжийг бий болгох зайлшгүй шаардлагатай.
3. 2012-2014 онд яригдаж байсан хэлэлцээр, алдсан цаг хугацаа зэргийг тооцсон үнэ, хугацааны хувьд зөвшилцөж, тохиролцсон тохиолдолд “Чайна энержи” компани өнгөрсөн цаг хугацааны алдагдал, хохирлыг хааж, Гашуунсухайт-Ганцмодны төмөр замыг гурван жилийн дотор хариуцан холбоход бэлэн байна.
“Чайна энержи” компани сая ирүүлсэн захидлаараа ийм хэд хэдэн санал тавьж, санаачилга гаргажээ.
Эх сурвалжийн мэдээллээр, уг захидал даваа гаригт ирж, уржигдар болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар яригджээ. Тэгэхээр удахгүй хоёр талын хэлэлцээ эхлэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)