Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.
Энэ насанд 254 үрээ бүртгүүлснээс 141 нь гарааны зурхайгаас эргэжээ. Түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.
Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ оржээ. Үрээг 11 настай О.Цэнгүүн унаж хурдлуулсан байна. Энэхүү үрээ нь өнгөрсөн жил төрийн наадамд аман хүзүүдэж байв.
Аман хүзүү: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Гончигжавын Мөнхсайханы уясан хар үрээ орлоо. 10 настай А.Ууганбаатар хүү унажээ.
Айргийн гуравт: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүүгийн хээр үрээ. Үүнийг 9 настай Б.Пүрэвдаваа хүү уналаа.
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Чойжилийн Батжаргалын хонгор халзан үрээ хурдлав. 9 настай Ч.Одбаяр унаж хурдлуулсан байна.
Айргийн тавд: Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Цагааны Зулхүүгийн зээрд үрээ тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Үүнийг 9 настай Б.Бат-Ирээдүй хүү унаж, хурдлуулсан байна.