С.Эрдэнэ: Хөгжлийн банкны дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй

С.Эрдэнэ: Хөгжлийн банкны дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Хурлаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцууллаа. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн асан Х.Ганхуяг Японы Засгийн газрын өндөр зэрэглэлийн Мандах нар одонгийн Алт, мөнгөн одоор шагнагдсан. Энэ бол Ядон Улсын Засгийн газрыг маш хүндтэй шагнал байдаг. Тиймээс гишүүндээ энэ шагналыг авсанд нь баяр хүргэж, хүндэтгэлийн цэцэг гардууллаа” гэв.

Харин Хөгжлийн банктай холбоотой асуудлаар тэрбээр   “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд, Нэгдүгээрт,  мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт,  өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахлаж байхад гарсан шийдвэр  тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна.

2017 онд эргэн төлөгдөх 1.6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1.3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй” гэлээ.

АН-ын бүлэгт хяналт шалгалтын дүнг албан ёсоор ирүүлээгүй гэв

Харин УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан мэргэжлийн гэх  тодотголтой Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг гаргахдаа Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хяналт, шалгалтын ажлыг хийсэн гэх боловч өнөөдрийн байдлаар АН-ын бүлэгт хяналт шалгалтын дүнг албан ёсоор ирүүлээгүй байна. Бид удаа дараа шаардаж байгаа. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэйгээр, ямар шалгалт хийсэн бэ гэдэг албан ёсны шалгалтын тайлангаа ирүүл гэдэг албан бичгийг явуулсан.

УИХ-ын гишүүд болон бүлэгт ирүүлсэн илтгэл, танилцуулгыг үндэслэж энэ байр суурийг илэрхийлж байна. Ажлын хэсэг 2008-2012 онд МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн байгаа. Бид юу гэж харж байгаа вэ гэхээр Ажлын хэсгийн дүгнэлтээр УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсэг хийсэн байгаа. Энэ дүгнэлтээр Ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг. Энэ УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.

Тухайн үеийн УИХ, Засгийн  газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаасаа Хөгжлийн банкыг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй гэж харж байна. тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой. Нэгдүгээрт Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсэг дүгнэлтэндээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болчихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах үндэслэл байхгүй.

Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан. 2013 оны тавдугаар сарын 6-наас 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна.

 Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа. Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь Монгол Ардын намын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө. Чингис бонын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлаж байгаа. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа.

 Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргана. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна” гэлээ.

Ж.Батзандан: Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад хулгай, луйварууд хийгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа. Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна. Оюутолгой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчилсан хүн нь явж явж Ардын намынхан болж таарлаа” хэмээн тайлбарлав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.