Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл уржигдраас нийгмийн сүлжээнд гарч ирж “задарсан” юм. Тэндээ баахан хэлэлцүүлэг өрнөв. Ерөнхийдөө, “Нисэх буудал Оросын хараат байдалд орчихлоо” гэцгээв. Энэ дүгнэлт өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр бас яригдав. Эрхэм гишүүд ч яг ийм байр суурь илэрхийлцгээв. “…Яагаад ийм хэлэлцээр болчихов оо. Ард нь яг ямар ашиг сонирхол байна вэ” гэцгээлээ. Бараг насаараа УИХ-д сууж байгаа гишүүн хүртэл ингэж жүжиглээд сууж байх юм. Уг нь Монгол Улс маань анх 1920-иод онд бензин хэрэглэж эхэлснээсээ хойш нефтийн бүтээгдэхүүний тал дээр Оросоос 99 хувь хараат явж ирсэн шүү дээ. Монголын бензин, дизель түлшний бүх хэрэглээг хэдэн импортлогч компани авчирч дамлан худалдаалдаг. Тэгж л амьдарцгаадаг. Оросоос ирдэг бензин тасрахад малчид малдаа явж чадахаа больдог. Ер нь бол, манай улс нефть хайгаад бензинээ хийхгүй бол “Нисэх” байтугай хараат болчихсон шүү дээ. Тийм л хамааралтай байдаг. Нисэх буудлын бензинийг Булганы нэг гишүүн асаны компани олон жилийн туршид Оросоос дамлан нийлүүлж ирсэн. Саяхнаас төр өөрөө шууд худалдаж авдаг болсон. Товчдоо, манай бензин, тосны хэрэглээ иймэрхүү л зүй тогтолтой. Тиймээс УИХ дээр гишүүд нь ийм тэнэгрэл яриад сууж байх нь зохимжгүй байна. Түүний оронд нефтийн хайгуул хийх эрх зүйн бололцоог бий болгоод өгчих л дөө. Тэгээд дээрээс нь нефть боловсруулах үйлдвэрүүдийг нөөцийг нь дагуулаад том, жижгээр нь хэд хэдийг бариулах хуулийн төсөл санаачлах хэрэгтэй юм. Угаасаа, УИХ-ын гишүүдийн үүрэг нь, чадах нь тэр.

Монгол Улс өнөөдөр жилд 1-1.2 сая тонн түүхий нефть олборлож, Хятадад экспортолдог. Гэснээ, нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь Оросоос импортоор авдаг. Гэтэл, манай газар нутагт нефтийн хайгуул хийх боломжтой 33 талбай байдаг юм байна. “…Нефтийн хайгуулыг эрчимтэй хийж чадвал дээрх таамгийг батлахын зэрэгцээ илүүг олох найдлага бий” гэдгийг мэргэжлийнхэн хэлээд л байна. Үүнээс гадна, Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа нефтийн үйлдвэрийг барихад УИХ чадлынхаа хэрээр бүх боломжийг хангаж өгөх ёстой. Нефтийн үйлдвэрийн дарга нь үнэнээ яриад үнэ хөлс яриад ороод ирэхээр өөдөөс нь хулгай зэлгий ярьж дайрсаар байгаад ажлыг нь гацаачихна. Энэ дэлхийн үнэ өртөг ямар хурдан хөдөлж байгааг хүүхэд ч мэддэг болсон цаг шүү дээ. Бас, АМГТГ гэж нефтийн хайгуул биш, нефть импортлогч компаниудын хэвлэлийн төлөөлөгч шиг болчихсон газар байна. Бензин тасрахаар л бөөн ажил болж импортлогч, иргэд хоёрын дунд гүйдэг. Тэдэнд хууль эрх зүйг нь гаргаад өгчихвөл хайгуулаа өргөтгөөд олсноо түшиглээд үйлдвэрүүдийг бариад унавал манайх бензиний хэрэглээгээ маш богино хугацаанд дотроосоо хангадаг болчихно. Өөрөөр хэлбэл “…Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шиг өөрсдөө нефть хайж олоод түүгээрээ бензин тосоо хийхээс нааш “…Оросын хараат” гэдэг бодит байдлаас бултах аргагүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 72 (7569)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ