Монгол Улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн явц болоод ирц 13:00 цагийн байдлаар ямар үзүүлэлттэй байгаа талаар дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Сонгуулийн ирцийн байдлыг харахад нийслэлийн ирц маш бага байгаа нь ажиглагдаж байна?
-Нийслэлийн сонгуулийн хорооныхонтой ярьж, мэдээллээ цаг хоцроохгүй байх талаар анхааруулсан. Анхны мэдээ сумаас ч, дүүргээс ч их хоцорч ирж байна. Санал хураалт явагдаж байх үед мэдээллийг иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны компьютерээс авч байгаа тул мэдээллийг өгөхөд цаг хугацаа шаардагдаж байна гэсэн тайлбар өгч байна. 17:00 цагийн мэдээг хоцроохгүйгээр аваад, 18:00 цагт мэдээлэл өгнө.
-Зарим хороодод хурууны хээ уншихгүй байна гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна. Ийм гомдол одоогоор СЕХ-д ирсэн үү?
-Хурууны хээ уншигч ажиллахгүй байна гэсэн хэд хэдэн гомдол ирсэн. Иргэний бүртгэл мэдээллийн явуулын баг ажиллаж дор бүрт нь гарсан зөрчлийг арилгаад явж байна гэсэн хариу өгч байгаа. Хурууны хээ уншигч ажиллахгүй байгаа тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 89-4-т заасны дагуу иргэний үнэмлэхээрээ бүртгүүлж болно.
-Хар машинтай холбоотой гомдол хэр ирж байна вэ?
-Хар машинтай холбоотой гомдол хэд хэдэн удаа ирсэн. Нэгдүгээрт, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд цахилгаан тасарснаас болж машин гацсан тохиолдол гарсан. Бид холбогдох байгууллагууд руу ярьж, цахилгааныг залгуулсан байгаа. Үүнээс гадна цахилгааны хэлбэлзлээс үүдэн Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машинууд гацсан тохиолдол гарсан. Үүнийг таслахгүй байх асуудлаар холбогдох байгууллагад анхааруулсан. Түүнчлэн, хар машинтай холбоотой хоёр ноцтой гомдол ирсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрог дээр нэг сонгогч саналын хайрцгийн лацыг хуулж, саналын хуудсыг машинд уншуулахгүйгээр шууд хайрцаг руу нь хийсэн тохиолдол гарсан. Энэ хэргийг тагнуул, цагдаагийн байгууллага шуурхай ажиллан зогсоосон. Гэхдээ саналын хуудас нь хайрцаг руугаа орчихсон. Зогсоохын завдалгүй саналын хуудсаа хийсэн байсан. Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд мөн гарсан. Хоёр өөр хүн уг хэргийг үйлдсэн. Санал хураах ажиллагааг зориуд будлиулах зохион байгуулалттай оролдлого байж магадгүй гэж бид үзэж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэг дээр ажиллаж байна.
-Сонгогч саналын хуудсыг буруу бөглөсөн тохиолдолд дахин саналын хуудас авч болох уу?
-Тухайн сонгогч өөрийн алдаанаас болоод буруу сонголтыг дугуйлсан тохиолдолд нэг удаа дахин саналын хуудас авч бөглөх боломжтой.
-Зөөврийн саналын хайрцгаар хэчнээн хүн саналаа өгсөн бэ?
-Өчигдөр оройны байдлаар буюу урьдчилсан мэдээгээр улсын хэмжээнд нийт 25 688 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна. Түүнчлэн нэг зүйлийг иргэддээ анхааруулмаар байна. Зарим төрийн бус байгууллагын зүгээс иргэдийг буруу зүйлд уриалсан хэрэг гарч байгааг хуулийн байгууллагаас бидэнд мэдээлсэн. Тодруулбал, сонгогчдийг өөрийнхөө үзэгтэй ирэхийг уриалсан мэдээлэл сошиал сүлжээнд байршсан байгааг анхааруулсан. Ямартай ч сонгуулийн будлиантуулах гэсэн энэ мэт оролдлого гараад эхэлчихсэн байгааг сонгогчиддоо анхааруулья. Ингээд сонгогч та бүхэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.