УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга биш төлөөлөгч, ер нь бол төрийг төлөөлж нийтэд үйлчлэгч” гэсэн агуулгатай байсныг санаж байна. Түүнийг нь сонгогчид ихээхэн таалсан. Таалсан учраас саналаа өгсөн. Тэгээд төрийн эрхийг бариулсан. Тэгээд энэ Засгийн газарт хамтраад явцгааж байна.
Угаасаа, төрийн үйлчилгээ гэдэг бол өргөн утгаараа Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг. Харин явцуу утгаараа Засгийн газрын л үйл ажиллагаа юм.
Тэгвэл одоогийн энэ Засгийн газарт МАН-аас 12, АН-аас найм, ХҮН нам хоёр сайдтай байна. Уг нь энэ Засгийн газар өмнөх алдаануудыг засаж залруулах замаар авлигыг халж, олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Эдгээрийн тэргүүнд 14 мега төсөл бичигддэг. Хэд хэдийг нь хөдөлгөлөө. Гашуунсухайтын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС зэргийг гэрээлээд, ажил нь эхэлж байна. Гэвч эдгээр 14 мега төсөл бүгд хөдөлж эхлэхээс өмнө энэ сайд нарынх нь зан характер дийлдэхээ больж, мега шинжтэй болоод эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болохоор Баялгийн сан, мега төслүүд, авлигын асуудал гурваас өөр зүйл бараг ярихаа больсон. Харахаа ч болсон дог. Гэтэл төрийн дунд, доод шат, тэр байтугай танхимынх нь сайд нар хүртэл гэдгэр, пээдгэр болоод хяналтаа алдаж байна. Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр АН-ын дарга юм болохоороо намынхныхаа гомдлыг тайлж, томилгоо хийхэд голлон анхаарч байх шиг байгаа юм. Шадар сайд Т.Доржханд гэж өөрийнхөө ойлгосныг олон нийтэд ойлгуулахдаа маруухан нөхөр юм. Бас л намын дарга болохоор томилгооны шахаа, шантааж дунд явдаг бололтой. Нөгөөх сайд нарын тухайд Засгийн газар дотроосоо хяналт шалгалтаа чангалахгүй бол бүтэц орон тоо, зардал чирэгдэл дээр “мега” бодлого барих нь хэтэрчих шиг боллоо. Тэр болгон татвар төлөгчдийн мөнгө гэдгийг мартацгааж байна. Ерөнхийдөө сайд нарын санхүү мөнгөнд сайтар хянах шаардлага үүссэнийг гадуур дотуур яригдаад байгаа барим тавим мэдээллүүд сануулаад эхэллээ. Шулуухан хэлэхэд, сайд болсноосоо хойш бүх талаараа “мега” бологсод цөөнгүй байна шүү. Хамгийн гол нь харилцаа хандлага, ёс зүй дээр Засгийн газрын сайд нар анхаарах цаг нэгэнт болсон. Дээр хэлсэнчлэн төрийн үйлчлэгч гэдгээ умартаж ёс зүйн асуудлаараа нийгмийн сүлжээний од болсон сайд нэг хоёроор тогтохоо болилоо. Сүүлд, Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хэрэлдэхдээ хэлсэн үгийг олон нийт шүүмжлээд л байна. Яасан гэхээр, Б.Энхбаяр “…Амралтын газар галч хийдэг хоригдол байдаг юм уу. Сангийн сайд Б.Жавхлангийн сонгуулийн ерөнхий менежер нь ямар хүн байсан бэ. Тэр хүн С.Батдөлийн хамаарал бүхий хүн байна уу шалга. Улс төрийн хүрээнд хэнийг ямар албан тушаалд хэн лоббидож томилсон бэ гэдэг мэдээллүүд байдаг. С.Батдөлийг Б.Жавхлан авчирсан гэж улс төрийн хүрээнд ярьдаг” гэсэн. Мөн өмнө нь “...“Бортээг” ордын нүүрс худалдан авах “Эрдэнэс Тавантолгой” компанийн хоёр удаагийн тендер зарласныг цуцалсан. Гурав дахь удаа Сангийн яаманд уг тендерийн маргаан шалгагдаж байх үед Б.Жавхлан сайдын хамаарал бүхий компани нэмэлтээр орж ирсэн. Тэгэхдээ 10 хувийг нь авсан” гэж байв. Хариуд нь Б.Жавхлан “…Б.Энхбаяр иймэрхүү зүйл ярьж байгаа нь маш харамсалтай байна. Юунд хорсоод яваад байгааг нь маш их гайхаж байна. Сэдэв болгон дээр над руу дайрдаг юм. Би нэлээд тэвчээртэй, хүлээцтэй харж байгаа. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар байгаа шүү гэж хэлье. С.Батдөл яах аргагүй Дарханы залуу. Аав, ээжийг нь танина, манай намын ахмад гишүүд. Хүүхдээ захиж байсан тал байгаа. Тэрнээс болж намайг буруутгаж, хар муу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү” гэлээ. Сайдын “…Амжихгүй шүү” гэдэг үгийн сонголтыг олон нийт сайшаахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 72 (7569)