Үндэсний Их баяр наадмын өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эрх баригчид бэлгээ базаажээ. Тэд энэ удаагийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, парламентын гишүүдийн тоог сонгуулийн тогтолцоогоор нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх хэд хэдэн гол мессежүүдийг бэлтгэл болгосноо ил, далд зарлах болсон.
Ялангуяа сөрөг хүчнийхэнтэй нэгдэж, энэ удаад Үндсэн хуульд “гар хүрэх” гэж байгаагаа улс төрийн намуудын зөвшилцөлд хүрснийг илэрхийлж буй гэх.
Энэ удаад эрх баригчид Үндсэн хуульд “гар хүрэх” ажиллагаагаа сөрөг хүчнийхнээр “удирдуулж” байгаа нь нууц бишээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй сөрөг хүчнийхэн “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан удаатай. Харин энэ удаад ард түмнээс гарын үсэг цуглуулах, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр энэ ажиллагаагаа илүү их хүчтэй болгов. Мэдээж энэ бүхэн эрх баригчдад тун тааламжтай учраас маш хурдан сөрөг хүчнийхний саналыг хүлээн авч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Мэдээж ажлын хэсэг байгуулсан учраас судлаач, намуудын төлөөлөл, хууль, дипутатуудыг цуглуулсан уулзалт, хурлуудыг нь тасралтгүй хийж эхэлсэн. Улс төрийн хүрээнд яригдаж буй нэг тодорхой зүйл нь эрх баригчид Үндэсний их баяр наадмаас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар “тохирсон” гэх.
Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, улс төрийн намын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулна гэх. Бүүр албан бусаар яригдаж байгаа зүйл нь гэвэл Ерөнхийлөгчийг нэг удаа улираан сонгох тухай ч яригдсан гэх. Тэгж, Ерөнхийлөгчтэй тохиролцсон байж болох хардлага ч бий болжээ.
2019 онд буюу ердөө гуравхан жилийн өмнө эрх баригч МАН-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал намуудын зөвшилцөл, бүх ард түмний санал асуулга гэх мэт олон олон дамжлаг, зөвшилцлийн хүрээнд хийгдэх ёстой. УИХ-д суудалтай намууд тохиролцсон л бол өөрчлөлт хийдэг зүйл биш. Гэхдээ нэг дам дангаараа 57 кноп дарах боломжтой нөхцөлд баталчих боломж бол бий. Хамгийн чухал нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлт зайлшгүй чухал уу, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л өнөөдрийн тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэх үү гээд олон асуулт бий.
ҮНДСЭН ХУУЛЬД ЯМАР ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД ОРОХ ВЭ?
Үндсэн хууль бол ард түмнээс санал авч баталдаг. Харин ард түмэн энэ өөрчлөлтийг хүсч байгаа юу. Одоогийн нөхцөлд эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ямар шаардлага байна вэ. Цар тахал гээд хамгийн хүнд цаг үед эрх барьж байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр сайдаа томилж чадахгүй өдийг хүрсэн. Үүний хамгийн том шалтгаан нь гурван жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөхөд хийсэн “давхар дээл”-ийн асуудал. Ерөнхий сайд болон түүнээс гадна дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх бөгөөд бусад нь дан дээлтэй байхаар өөрчилсөн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч энэ зарчмаар байгуулагдаад ажиллаж байгаа. Гэвч “давхар дээл”-ийн асуудлаас болоод УИХ-ын гишүүд нь сайд болох хүсэл, Засгийн газрын бүтэн байдал эрх баригчид дотор талцал үүсгэсэн. “Давхар дээл”-тэй сайд болох гэсэн хүсэл, фракциудын тэгш хуваарилалт гээд МАН-ын дарга, Ерөнхий сайдын толгойны өвчин болсон. Одоо ч хоёр шинэ яамныхаа сайд нарыг томилж чадахгүй, зарим сайд нар нь давхар хашсаар явна. Тиймээс МАН-ын даргад Үндсэн хуулийн өөрчлөлт “маш чухал”.
Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж АН олонх болж байв. Сонгуулийн холимог тогтолцоог олон янзаар шүүмжилдэг бол нэг хэсэг нь төсөвт ирэх дарамтыг бууруулж, төсөвт тусгагддаг жалга довны үзэл үгүй болдог гэдэг. Харин энэ удаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, холимог тогтолцоогоор 2024 оны сонгуулийг явуулах бэлтгэлээ базааж буй. Ингэснээр намууд намын жагсаалт болон тойрогт нэр дэвшигчидтэй болно гэсэн үг. Намын жагсаалт мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс багтдаг гэх шүүмжлэлийг ч эрх баригчид санаж байгаа биз ээ. Нөгөө талдаа энэ нь УИХ-д олон намын төлөөлөл орох боломжтой гэж үзэх хүмүүс ч бий. Ямар ч гэсэн энэ бол эрх баригч нам гэхээс илүү бусад намуудад “маш чухал”.
Энэ удаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох уу, улираан сонгох уу гэдэг асуудал мөн хөндөгдөж байна. Учир нь гурван жилийн өмнөх өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэх заалтыг оруулж өгсөн. Гэвч парламентын тогтолцоотой улсын хувьд Ерөнхийлөгчийг ард түмнээс бус парламентаас сонгох нь зүйд нийцнэ гэдэг. Тиймээс ч энэ удаа сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмнээс сонгогдох сүүлийн Ерөнхийлөгч байж болох. Гэхдээ тэр эрх баригч МАН-ын дарга байсан одоо ч нам доторх түүний нөлөөлөл “бураагүй” цагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг түүнтэй тохиролцож байж урагшилна. Албан бус мэдээллээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоос гадна, нэг удаа улираан сонгох өөрчлөлт хийхийг ч үгүйсгэх гэх. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчид ч “маш чухал”.
Өнөөгийн өрнөж байгаа улс төрийн олон үйл явдлууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг тодорхойлж буй. Албан бус мэдээллээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулиудыг ирэх зургадугаар сарын эхний долоо хоногт өргөн барина гэх мэдээлэл ч бий. Цаг хугацааны хувьд Үндэсний их баяр наадмаас өмнө, хаврын чуулган завсарлахаас өмнө батална гэвэл ард түмний санал асуулга, бусад улс төрийн зөвшилцөл гээд олон үйл явдал өрнөх нь.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.