“Барселона” гайхамшгийг бүтээж, шөвгийн наймд шалгарлаа

“Барселона” гайхамшгийг бүтээж, шөвгийн наймд шалгарлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны түүхэн дэх хамгийн агуу тоглолтыг Испанийн алдарт “Барселона” клуб толилууллаа. Каталаны баг 1/8 шигшээд Францын “ПСЖ”-тэй тулсан. Эхний тоглолтод “ПСЖ” өрсөлдөгчөө талбайдаа 4:0-ээр буулгаж авсан билээ. Ийм үр дүнгээс эргэж ирж, хариу тоглолтод хожиж, дараагийн шатанд шалгарна гэдэг боломжгүй хэмээн бүх хөлбөмбөг сонирхогчид үзэж байсан байх.

Харин тэр боломжгүйг “Барселона” боломжтой болгон хувиргаж, хариу тоглолтод өрсөлдөгчөө 6:1-ээр хожиж чадсанаар шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 3 дахь минутад Суарес гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 40 дэх минутад Курзава өөрийнхөө хаалганд гоол оруулсан бол Месси 50 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн юм.

Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт энэ улиралд 7 дахь тоглолтдоо оролцож, 11 дэх гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр тооны харьцаа 3:4 байх үед 62 дахь минутад Кавани Аваргуудын лигийн энэ улирлын 8 дахь гоолоо оруулж, “Барса”-гийн найдварыг үгүй хийсэн гэхэд болно. Дахиад ганцхан гоол оруулахад ерөнхий харьцаа тэнцэж болох байсан үед орсон чухал гоол байлаа. Айлын талбайд орсон болохоор тэнцсэн ч цааш шалгарах боломжтой болсон юм, “ПСЖ”.

Харин “Барса” дахиад гурван гоол оруулж байж хожих шаардлагатай болсон. Оруулсан. Ердөө 7 минутын дотор л. 88 дахь минутад Неймар чөлөөт цохилтоос гоолдсон. Улмаар 90+1 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, дубль хийнэ гэсэн амлалтдаа хүрсэн юм. Тэгвэл 90+5 дахь минутад Неймарын гайхалтай дамжуулалтаар Сержи Роберто гоолдож, Аваргуудын лигийн түүхэнд тодоор үлдэх ялалтыг байгуулсан юм.

Тоглолтын тойм бичлэгийг үзэхийг хүсвэл

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.