Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг саяхан Азийн аваргад хол тасархай түрүүлсэн. Энэ сайхан мэдээтэй зэрэгцээд түүний дасгалжуулагчид зардал мөнгө олдоогүйн улмаас явж чадаагүй тухай мэдээлэл ч түгсэн билээ. Дээрээс нь М.Анхцэцэгт гадны орнууд өндөр цалин амалж, өөрийн болгох санал тавьдаг талаар яриа гадаа байгаа юм. Тэгвэл энэ талаар түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр ярьжээ.
Тэрбээр “Санал маш их тавидаг л юм. Саяын ААШТ-ын үеэр хүртэл манай багийн ахлагчаар явсан Ц.Хасбаатарт Тайланд, Вьетнам улсууд “Танай охиныг авъя” гэсэн санал тавьсан байна лээ. Ийм зүйл байнга л болдог. Хувиа бодоод явбал тэр үнэтэй гэрээний саналуудыг зөвшөөрчихөж болно шүү дээ. Гэтэл М.Анхцэцэг гэдэг хүний тархинд энэ Монгол улсыг хаяад явах сэтгэл даанч байхгүй.
Нуулгүй хэлэхэд би “Яваа миний охин, богино амьдралдаа сайхныг үзэх хэрэгтэй, энэ хүнд спортоор зовлогоо зовоож байж эцэс сүүлд нь тиймхэн амьдарч болохгүй, яв” гэж хэлж үзсэн. Юу ч бодолгүй, шууд л үгүй гэсэн. Тэгээд “Би хаана ч очсон олимпийн аварга болно. Гэхдээ Монголоосоо олимпийн аварга болж, Монголын төрийн дууллыг олимпын тэнгэрт эгшиглүүлэхийг хүсч байна, тэр үед миний багш хажууд минь байгаарай” л гэдэг юм.
Солонгосууд үнэхээр сайхан санал тавьж байсан нь үнэн, Казакууд бол байнга ярьдаг. Хүмүүс тийм саналаас татгалзсан гэхээр “Та хоёр Монголоороо шүү” гээд л бичсэн л байна лээ. Монголоороо нь Монголоороо л байна шүү дээ. Гэхдээ хүнд хэлж боломгүй нарийн ширийн асуудлууд зөндөө л байдаг. Гэсэн ч Анхаа маань Монголоо л гэдэг, гэр амьтай хүүхэд. Гадагшаа гараад долоо хоноход л “Багшаа Монгол хоол идмээр байна, Монголын дуу тавиадах” гээд л надад эрхлээд суудаг юм.
Энэ хүний мах цус нь Монгол, толгойд нь ч бас монгол ухаан бий. Хэзээ ч гадагшаа явахгүй хүн гэдгийг нь би мэддэг юм. Ер нь хүн болгон л яагаад яваагүй юм гэж асуух юм. Ахин давтан хэлэхэд, хамгийн энгийн хариулт бол явах дургүй л байна гэсэн үг. Эх орон, газар шороо, уул ус бүхэн үнэтэй шүү дээ” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.