АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг “4:11” мэдээллийг цагт намын дарга О.Цогтгэрэл, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт болон шинэ таван дэд дарга нь оролцож мэдээлэл хийлээ. АН-ын дотоод зохион байгуулалт дуусаж, улс төрийн үйл ажиллагаандаа орно гэдгээ намын дарга О.Цогтгэрэл хэллээ. Мөн С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-ын дахин сэргэлт авчирлаа гэдгийг АН-ын дэд дарга Н.Ганибал онцлов. Өчигдрийн Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-АН 10 жилийн хугацаанд хаалттай байсан бол үүд хаалгаа цэлийтэл нээлээ. Төлөөллийн төв байгууллага, аймаг дүүрэг, нийслэлийн намын хороодын 70 орчим хүн нь шинэ хүмүүс байлаа. Мөн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Манай нам гурван сонгууль дараалан Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй оролцсон. Ингээд намын дотоод зохион байгуулалт дуусаж, намын бодлого чиглэлээ олон нийтэд танилцуулан ажиллахад бэлэн боллоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт:
-Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ардчилсан намын шинэчлэлийн ажил амар байгаагүй. Энэ нам жинхэнэ гишүүдийн нам болж чадлаа. Үүний үр дүнд намынхаа Их хурлыг зохион байгуулж, үндсэн дүрмээ баталсан. Мөн намын удирдах албан тушаалтнуудыг жирийн гишүүдийн саналаар сонгодог болсон. Гишүүдээ ойлгож, сонсдог ийм нам болж хувирч байгаа нь хамгийн чухал зүйл юм. Цаашдаа бид намын даргынхаа манлайлал дор, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж, илүү тод өнгөтэй, хүчтэй улс төрийн хүчин байна гэдгээ илэрхийлье гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 88 (7830)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn