Гоо сайхан ертөнцийг аварна гэх үг бий. Дэлхийн түүх, сонгодог уран зохиолын гол зангилаа үзэсгэлэн гоо бүсгүйчүүд дээр орших нь цөөнгүй. Тиймдээ ч дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг ХХ зууны дунд үеэс зохиох болжээ. Гагцхүү энэхүү тэмцээнүүд нь гадаад үзэсгэлэнгийн сацуу дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг тольдон шалгаруулдгаараа онцлог юм. Дэлхийн хамгийн алдартай таван миссийн тэмцээний нэг болох 63 дахь удаагийн “Miss international” тэмцээн энэ сарын 27-нд Япон улсад болох юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 21 дэх удаагийн “Мисс Монголиа-2025” тэмцээний “Тэргүүн мисс” Ц.Баярчимэгийг энэ удаагийн буландаа онцолж байна.

“Үнэнч тууштай байдал миний давуу тал”
Даашинз өмсөж, титэм зүүсэн үлгэрийн гүнж эсвэл дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, хүмүүнлэг ажлаараа гайхагдсан гоо бүсгүй болохыг магадгүй ихэнх охид нууцхан сэтгэлдээ тээж явсныг таашгүй. Харин өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохоор тууштай хөдөлмөрлөсөн охидын нэг бол Ц.Баярчимэг юм. Тэрээр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрж, өссөн бөгөөд одоо МУИС-д сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж байна. Угтаа эмч болохыг мөрөөддөг байсан бяцхан сурагч мэргэжил сонгох чухал давааны наана ирж, өөрийнхөө сонирхол, хийхийг хүсэж буй зүйлийнхээ талаар нарийн тунгаатал сэтгэл судал гэх олон салбарын уулзварт зүрх сэтгэл нь огтлолцсон гэнэ. Харин одоо тэр мэргэжлээрээ төгсөх курст суралцахын сацуу эх орноо төлөөлөн дэлхийн тайзнаа өрсөлдөх их аяны богцоо бэлдэж байна.
“Би багаасаа загвараар хичээллэхийг хүсдэг байлаа. Гэвч суманд маань энэ боломжгүй байв. Тиймээс оюутан болоод сэтгэлийн чанд дахь хүсэл мөрөөдлийнхөө гарааг эхлүүлсэн. Харин одоо Андра академид харьяалагддаг. Загварын анхны болон үе үеийн багш нар, гэр бүл, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье” гэсэн юм. Тэрээр анх "Мисс Монголиа-2022" тэмцээнд Говьсүмбэр аймгаа төлөөлж оролцож шилдэг 15-д шалгарч байлаа. Түүнээс хойш өөртөө зорилго тавьж, гурван жилийн турш гадаад хэлээ сайжруулах зэргээр өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, туршлага хуримтлуулжээ. Тиймдээ ч бие, сэтгэл зүй нь хэдийнээ бэлэн болж үндэсний ялагч болохдоо тун итгэлтэй байв. Түүнчлэн тэрээр “Охид бүр өөрийн онцлог, бусдаас ялгарах гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин миний давуу тал үнэнч тууштай байдал юм болов уу. Хүн амар хялбараар амжилтад хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Харин зорилгынхоо төлөө тууштай зүтгэж хөдөлмөрлөвөл зорьсондоо хүрнэ гэдэгт бат итгэдэг” гэж инээмсэглэн ярьсан юм.
“Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш”
Хүн бүр миссийн тухай ярьдаг ч мисс гэх цолны утга учрыг төдийлөн гүн мэддэггүй. Харин энэ тухай тэрээр “Бэлдэж байх хугацаанд мисс болчихвол миний зорилго биелнэ гэж боддог байлаа. Харин мисс болсны дараа энэ нь зөвхөн хөөрхөн сайхан байхын нэр биш. Харин бусдадаа урам зориг өгч, үлгэр дуурайлал болсон хүн байдгийг ойлгосон” гэв.
“Miss international” тэмцээн нь тогтвортой хөгжлийн 17 зорилтод чиглэсэн видео бэлтгэж оролцдогоороо онцлог. Харин энэ жил тэмцээний нэг төрөл болж байгаа юм. Тэгвэл манай мисс Ц.Баярчимэг энэ төрөлд цөлжилтийн асуудлыг хөндөж байгаа ажээ. “Би говьд төрж өссөн хүүхэд. Манай аймаг гэлтгүй Монгол орон уул уурхай, бэлчээрийн даац, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цөлжиж байна. Үүнд ямар арга хэмжээ авбал зохих талаар болон 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ийн СОР 17 хурлын талаар видео дээрээ тусгаж байгаа” гэсэн юм. Харин авьяас номинацид монгол уран бичлэгийн үзүүлбэрийг хатны бүжигтэй хослуулах аж.
Тэрээр энэхүү олон улсын миссийн тэмцээнд эх орныхоо түүх, уламжлалыг сурталчилж, Монголынхоо нэрийг өндөрт өргөж, монгол охидын элгэмсэг найрсаг, ухаалаг зан байдлыг харуулж, өөрийнхөө авьяас чадварыг сорихоос гадна бусад улсын шилдэг гоо бүсгүйчүүдээс суралцаж, өмнөх миссүүдийнхээ амжилтыг ахиулах зорилготой байгаагаа хуваалцав. Мөн өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөлдөө тууштай хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл гэж үгүй гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.