“Атлетико”, “Байерн” хэсгээсээ гарлаа

“Атлетико”, “Байерн” хэсгээсээ гарлаа

Аваргуудын лигийн D хэсгийн хоёр хүчирхэг баг болох “Атлетико” болон “Байерн Мюнхэн” хэсгээс гарах болзлоо хангаад байна. Ингэснээр дөрвөн баг хэсгээс гарах нь тодорхой боллоо.

Энэ хэсгийг тэргүүлж байгаа Испанийн “Атлетико” клубын хувьд талбайдаа Оросын “Ростов”-ыг хүлээж авч, эцсийн мөчид гоол оруулснаар 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, ганц хожигдоогүй хэвээр үлдлээ. Мөн хэсгээс гарах болзлоо хангаад байна. Тэд сүүлийн хоёр тоглолтоос шалтгаалж хэсгээс нэгээр гарах эсэхээ шийднэ.

Энэ удаагийн тоглолтын 28 дахь минутад Гризманн тооны харьцааг нээсэн. Тэгвэл ердөө 2 минутын дараа Азмун хариуг нь барьж, Оросын баг тэнцүүлсэн. Тэгвэл тоглолтын эцсийн мөчид буюу 90 дэх минутад өнөөх Гризманн дахин гоолдсоноор багтаа гурван оноо авчирсан юм.

Тэгвэл нөгөө талд Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб “ПСВ” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээс гарах болзлоо биелүүллээ. Харин тэд хэсгээс нэгээр гарна гэвэл “Атлетико”-г талбайдаа хожих шаардлагатай байгаа юм.

Энэ удаагийн тоглолтын 14 дэх минутад “ПСВ”-гээс Арьяс гоолдсон. Тэгвэл 34, 73 дахь минутад Левандовски хариуг нь барьж, багтаа гурван оноо авчирчээ.

“Ростов” болон “ПСВ” клубүүдийн хувьд адил нэг оноотой үлдлээ. Сүүлчийн хоёр тоглолтоос оноо зулгаасан нь Европа лиг рүү орох учиртай. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.