Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ

Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 93 орны жүдоч өрсөлдөж буй тус тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр болсон. Манай улсаас гурван жүдоч татамид гарснаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртэж дэлхийн медальтан боллоо. 

Б.Ганхайч БНСУ, Австрийн бөхчүүдийг дараалан ялсан ч Японы Харүка Кажүд ялагдсан. Гэвч манай бөхөд дагах барилдаан гарсан. Б.Ганхайч Унгарын Ш.Герча болон олимп, дэлхийн аварга Бразилын алдарт бөх Рафэла Силваг дараалан ялж, ДАШТ-ийн хүрэл медалийг хүртлээ. 

“Рио 2016” зуны олимпын XXXI наадмын аварга Бразилын алдарт бөх Рафэла Силва энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Тэрээр 2013, 2022 онд дэлхийн аварга болж байсан. “Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын холимог багийн төрлөөс хүрэл медаль хүртсэн Рафэла Силва энэ жилийн ДАШТ-д Б.Ганхайчид ялагдан тавдугаар байр эзэллээ.

Азийн аварга Б.Ганхайч 30 насандаа найм дахь удаагаа ДАШТ-д оролцож анхны медалиа авлаа. Тэрээр “Токио 2020” зуны олимпын наадамд барилдсан. Б.Ганхайч 2025 онд Тажикистанд болсон “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн билээ. 

Энэ жинд барилдсан гавьяат тамирчин Л.Энхрийлэн бэртлийн улмаас дагах барилдаанд гарч чадалгүй долдугаар байр эзэллээ.

“Будапешт 2025” ДАШТ-ий тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорно.  Манай улсаас эмэгтэйчүүдээс Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар барилдана.

ДАШТ-ийг Японы баг дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүлсэн хэвээр байгаа бол Монголын баг хоёр хүрэл медальтайгаар 10-р байр руу дэвшлээ. 16 орон ямар нэгэн медаль хүртээд байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ