Долоо дахь тоглолтод “Хасын хүлгүүд” баг Сэлэнгэ Бодонсыг буулган авч аваргын төлөө шалгарч үлдлээ

Долоо дахь тоглолтод “Хасын хүлгүүд” баг Сэлэнгэ Бодонсыг буулган авч аваргын төлөө шалгарч үлдлээ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны плей-офф буюу хагас шигшээ тоглолтууд “UG Arena”-д сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр болсон “Хасын хүлгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” багийн тоглолт энэ улиралын хамгийн үнэ цэнэтэй тоглолтын нэгээр нэрлэгдэв. Учир нь цувралыг “Хасын хүлгүүд” 3:1 хожлын харьцаагаар тэргүүлж байсан ч Димаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн “Сэлэнгэ Бодонс” 3:3 болгон тэнцүүлж чадсан юм.

Тиймээс лигийн тоглолтын турш хоёр багийн цувралын долоо дахь тоглолт хамгийн хүлээлттэй тоглолтоор нэрлэгдээд байсан юм. Өчигдрийн тоглолт 89:77 онооны харьцаагаар “Хасын хүлгүүд” багийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын сүүлийн үед 77:77-оор тэнцсэн ч “Хасын хүлгүүд”-ийн ээлжит довтолгоонууд амжилттай болж, тоог холдуулж чадлаа. Гавьяат тамирчин Б.Билгүүн тэргүүтэй хүлэгүүдийн залуус олимпын аварга Казинс болон Ахмад Гилбертийн эсрэг хүчтэй тоглолтыг хийлээ.

“Хасын хүлэгүүд”-ийн хамгаалалт сүүлийн мөчид сайн байж, тоглолтыг эргүүлж чадсан. Хэдийгээр “Сэлэнгэ Бодонс”-ын Ахмад Гилберт 31 оноог авч чадсан ч багаа хожилд хүргэж чадсангүй. Эсрэгээрээ аварга “Хасын Хүлэгүүд”-ийн С.Биндэрьяа, Ч.Ихбаяр, И.Миллер, Толберт Жордан нарын хослол үр дүнтэй байсан юм. “Хасын Хүлгүүд”-ээс Миллер 24 оноог авсан бол залуу тоглолт С.Биндэрьяа өчигдрийн гол тоглогчоор нэрлэгдлээ. Үндэсний дээд лигт хоёр дахь удаагаа орж, энэ улиралд том дуулианыг тарьсан “Сэлэнгэ Бодонс” баг хүрэл медаль хүртсэн ч сагсан бөмбөгийн түүхэнд олон олон шинэчлэлт хийж чадсанаараа онцлог баг болж чадлаа. Тэдний шөвгийн найм болон хагас шигшээ тоглолтууд онцгой байж “UG Arena”-д хөгжөөн дэмжигчдийг бүрэн татсан. Учир нь олимпын аварга Димаркус Казинсыг эгнээндээ багтааж, лигийн өрсөлдөөнийг улам хүчтэй болгосон.

Энэ хэрээр сагсан бөмбөг сонирхогч залуусын дунд том соёлыг түгээж чадлаа. Хэдийгээр хүрэл медальтай энэ улирлыг өндөрлүүлсэн ч ирэх улиралд илүү хүчтэй ирнэ гэдгээ “Сэлэнгэ Бодонс” багийн эзэн Л.Наранбаатар хэлсэн юм. Одоо “Бишрэлт Метал” болон “Эс Жи Эйпс” багуудын тоглолт үлдсэн.

Цувралыг 3:0-оор тэргүүлж эхэлсэн “Эс Жи Эйпс” багт “Хасын хүлгүүд”-тэй аваргын төлөө тоглолт ганцхан хожил хэрэгтэй. Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны плей-офф буюу хагас шигшээ тоглолт энэ долоо хоногт Баянгол дүүрэгт байрлах “UG Arena”-д “Бишрэлт Метал” болон “Эс Жи Эйпс” багуудын тоглолтоор үргэлжлэн явагдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ