Ц.Цогбадрах мөнгө, Б.Мөнх-Эрдэнэ болон О.Сүлдхүү нар хүрэл медаль хүртлээ

Ц.Цогбадрах мөнгө, Б.Мөнх-Эрдэнэ болон О.Сүлдхүү нар хүрэл медаль хүртлээ

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо тав дахь өдрөө болж өндөрлөлөө.Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол дараагийн хоёр өдөр эмэгтэй барилдаанууд болсон юм. Монгол Улсаас эмэгтэй 10 жинд барилдсан бөгөөд Т.Энхжин (65 кг) мөнгө, Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг) нар хүрэл медаль хүртсэн билээ.

Харин өнгөрсөн шөнө /2025.03.29/ эрэгтэй барилдаан эхэлж байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн АШТ-ий 65 кг-д аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт япон бөх Кайсей Танабетай барилдаж 12-2 харьцаагаар оноогоор ялагдаж мөнгөн медаль зүүсэн байна. Тэрбээр эхний тойрогт БНАСУ-ын бөхийг, шөвгийн наймд Казакстан бөхийг 10-2 харьцаагаар, медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Тайюрбек Жумашбекийг 5:2-оор буулгаж авсан юм. 

57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт Афгинстаны бөхийг 12-2, шөвгийн наймд Кыргызстаны бөхийг ялж, шөвгийн дөрөвт БНАСАУ-ын бөх, Азийн наадмын мөнгөн медальт Хан Чон Сонд 9:6-гаар хожигдсон. Уг нь тэрбээр 6:2-оор тэргүүлж явсан ч долоон оноо дараалж алдан ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Японы бөх Рин Сакамотог 5-1 харьцаагаар ялснаар хүрэл мелаль хүртлээ.

Түүнчлэн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Т.Тулга эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 8-0 харьцаагаар, шөвгийн наймд БНХАУ-ын бөхийг 10-0 харьцаагаар ялсан юм. Улмаар медалийн төлөөх барилдаанд Тажикистаны бөх, олимпын наадмын 5-р байрын шагналт, Азийн АШТ-ий мөнгөн медальт Виктор Рассадинд 3:1-ээр хожигдлоо. Барилдааны үндсэн цаг 2:1-ээр дуусаж, манай талаас авсан челленж амжилтгүй болсноор өрсөлдөгч бөхөд нэг оноо нэмэгдэн 3:1 болсон. Улмаар хүрэл медалийн төлөө Ираны бөхөд 2-9 харьцаагаар ялагдсан байна.

Харин 79 кг-ын О.Сүлдхүү шөвгийн наймд Японы бөхийг 4-0 харьцаагаар илүүрхсэн юм. Улмаар медалийн төлөөх барилдаанд Бахрейний бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Курбан Саипудиновт 7:1-ээр дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Кыргызсатны бөхтэй 4-4 харьцаагаар тэнцэж сүүлд манай бөх хоёр оноог авсан болохоор ялалт байгуулж хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн 97 кг-ын жинд Г.Ганхуяг эхний тойрогт Узбекстаны бөхийг 3-1 харьцаагаар ялсан ч шөвгийн наймд БНХАУ-ын бөхөд 1-2 харьцаагаар ялагдсан байна.

Эрэгтэй эхний таван барилдаанаас манай улс 1 мөнгө, 2 хүрэл медалийн хүртсэн байна.

Өнөөдрийн медалийн барилдаанууд 23:00 цагаас эхэлнэ.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ