Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо тав дахь өдрөө болж өндөрлөлөө.Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол дараагийн хоёр өдөр эмэгтэй барилдаанууд болсон юм. Монгол Улсаас эмэгтэй 10 жинд барилдсан бөгөөд Т.Энхжин (65 кг) мөнгө, Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг) нар хүрэл медаль хүртсэн билээ.
Харин өнөөдөр /2025.03.29/ эрэгтэй барилдаан эхэлж байгаа бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах Азийн АШТ-ий 65 кг-д аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр хагас шигшээд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Тайюрбек Жумашбекийг 5:2-оор буулгаж авсан юм. Одоо манай бөх аваргын төлөө өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт япон бөх Кайсей Танабегийн эсрэг барилдах болно. Ц.Цогбадрахын хувьд өмнө нь Азийн аваргад гурван удаа ороод медалиас мултарсан бол дөрөв дэх оролдлогоороо медальд хүрэх нь тодорхой болоод байна.
Харамсалтай нь хагас шигшээд үлдээд байсан манай нөгөө гурван бөх учраадаа дийлдсэнээр хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ БНАСАУ-ын бөх, Азийн наадмын мөнгөн медальт Хан Чон Сонд 9:6-гаар хожигдсон. Уг нь тэрбээр 6:2-оор тэргүүлж явсан ч долоон оноо дараалж алдан ялагдсан юм.
Түүнчлэн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Т.Тулга Тажикистаны бөх, олимпын наадмын 5-р байрын шагналт, Азийн АШТ-ий мөнгөн медальт Виктор Рассадинд 3:1-ээр хожигдлоо. Барилдааны үндсэн цаг 2:1-ээр дуусаж, манай талаас авсан челленж амжилтгүй болсноор өрсөлдөгч бөхөд нэг оноо нэмэгдэн 3:1 болсон.
Харин 79 кг-ын О.Сүлдхүү хагас шигшээд Бахрейний бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Курбан Саипудиновт 7:1-ээр дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Өнөөдрийн медалийн барилдаанууд 23:00 цагаас эхэлнэ.
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)