Илон Маскийн “SpaceX” компанийн инженерүүд “Старшип” сансрын хөлгийн “Супер Хэви” зөөгч пуужингийн хурдасгуур угсрааг сансрын хөлгийг хурдаа авсны дараа хөлгөөс салж, сансрын нислэгийн буудал руу доошлон буух үед нь анх удаа “барьж авч” чадсан байна.
Пуужингийн дээд угсаа хэсгүүд нь нислэгийн үеэр гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж, хөлгөөс салсныхаа дараа ихэвчлэн удирдах боломжгүй байдаг бөгөөд ихэнхдээ далайд унадаг.
Харин энэ удаад “Супер Хэви” пуужингийн угсраад нэмэлт хөдөлгүүр суурилуулжээ. Ингэснээр хөөргөсөн сансрын хөлгийн буудалд буцаад хяналттайгаар буух, хөөргөх цамхгийн тусгай "сарвуу"- хавчаараар пуужингийн угсрааг "барьж авч" маневр хийх боломжийг олгосон байна.
Энэ бол “Старшип” сансрын хөлгийн тав дахь туршилтын нислэг юм. Өнгөрсөн зургаадугаар сард сансрын хөлөг дөрөв дэх туршилтын нислэгээ гүйцэтгэж, Энэтхэгийн далайн усанд анх удаагаа амжилттай газардсан билээ.
“Старшип”-ийн хурдасгуурт 33 хөдөлгүүр суурилуулсан нь одоо байгаа бүх хурдасгуураас хамгийн "хүчирхэг" болгожээ. Түүний түлхэлтийн хүч нь 74 меганьютон бол НАСА-гийн хамгийн том “Space Launch System” (SLS)) пуужингийнх нь ердөө 39 меганьютон ажээ.
“SpaceX” компанийн инженерүүдийн даалгавар бол пуужинг олон удаа ашиглах боломжтой болгох, өөрөөр хэлбэл түлшээ солих л шаардлагатай нисэх онгоц шиг ажиллуулах явдал юм.
И.Маскийн хувьд “Старшип” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь Ангараг гараг руу хүн нисгэх амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, Улаан нүдэн гараг дээр шинэ суурин байгуулах гол нөхцөл юм. Энэхүү төсөл нь мөн И.Маскийн өөр нэгэн төсөл болох дэлхий орчмын хиймэл дагуулын "Starlink" сүлжээг хөгжүүлэхэд хэрэгтэй.
“Старшип” хөлгийг мөн АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ 2025 оны сүүлчээр сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах “Artemis III” хөтөлбөртөө ашиглахаар сонгоод байгаа юм.