Францын нийслэл Парис хотноо XXXIII дахь удаагийн зуны олимпын наадам амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл араас нь энэ сарын 28-аас паралимпын тэмцээн эхлэх хуваарьтай байна. Тус олимпод Монголын 12 тамирчин оролцох юм. Түүний нэг нь эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ билээ.
Гурав дахь паралимпын наадам
Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарласан. Үүнд тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орноо төлөөлөн оролцох юм. Тэрээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн бөгөөд энэхүү амжилтаараа паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажжээ. Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигдсэн байна. Э.Содномпилжээгийн хувьд анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн бол “Токио-2020” наадмаас алтан медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Энэ удаагийн “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам.
Пара пауэрлифтингийн PWL ангилалд өрсөлддөг
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Гиннесийн номд бичигдсэн Монголын хүчтэн. Тэрээр Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэхдээ өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Ингэснээр монгол хүн паралимпын шинэ рекордыг тогтоосон түүхтэй. Э.Содномпилжээ 1985 онд төрсөн, энэ жил 39 настай. Түүний бага нас Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд өнгөрсөн гэнэ. Тэрээр 2009 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн, уралдаанд оролцож амжилт гаргаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон рекордыг эвдэж, дэлхийн чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор бичигдэж эхэлсэн.Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн PWL ангилалд өрсөлддөг. Тэрээр 14 насандаа нэг хөлөө тайруулсан юм. Энэ үеэс ээж нь зөвлөсний дагуу пауэрлифтингийн спортоор хичээллэх болжээ. Э.Содномпилжээ энэхүү спортын тухай "Хүн амжилтад хүрэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр бол амжилтын үндэс. Мянга сайн дасгалжуулагч, сургалтын систем байгаад тамирчин өөрөө хичээл зүтгэлгүй байвал амжилтад хүрэхэд хэцүү" гэж онцолсон байдаг.
Э.Содномпилжээгийн амжилтууд
-2014 “Инчон 2014” Азийн зуны паралимпийн наадамд хүрэл медаль
-2015 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль
-2015 онд пара пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний /ААШТ/ хүрэл медаль
-2016 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль
-2016 “Рио 2016” зуны паралимпийн хүрэл медаль
-2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль
-2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын /Европ тивийн/ тэмцээний алтан медаль
- 2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ мөнгөн медальт /107 кг-ын жинд Ази тивийн дээд амжилт тогтоосон/
-2018 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль
-2018 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ий алтан медаль, /105 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг 242,5 кг болгож шинэчлэн тогтоосон.
-2018 оны пара пауэрлифтингийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт
-2018 онд “Жакарта 2018” Азийн зуны паралимпийн наадмын алтан медаль /107 кг-д 244 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилт, Азийн паралимпийн наадам болон Ази тивийн дээд амжилтыг нэг дор 4 удаа шинэчлэн тогтоосон/
-2019 оны пара пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээний алтан медаль
-2019 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын /IPF/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
-2019 оны пара пауэрлифтингийн ДАШТ-ий алтан медаль
-2019 оны пауэрлифтингийн /IPF/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
-2019 оны пауэрлифтингийн /IPF/ “Арнолд классик” тэмцээний мөнгөн медаль
-2019 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилтаар “ГИННЕС”-т бичигдсэн.
-2021 оны “Токио 2021” Зуны Паралимпынн аварга юм.
Эх сурвалж: polit.mn
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.