ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг скэйтбордын шилдгүүдэд медаль гардууллаа

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг скэйтбордын шилдгүүдэд медаль гардууллаа

МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Парис 2024 наадмын скэйтбордын эмэгтэйчүүдийн парк төрлийн ялагчдад медаль гардууллаа. Түүнтэй хамт Дэлхийн скэйтийн холбооны ерөнхийлөгч Италийн иргэн Сабатино Араку байлцав.

Нийт 13 улсын 22 тамирчин оролцсон тус төрөлд Австралийн 14 настай тамирчин Ариса Трью түрүүлж, алтан медаль хүртэв. Харин мөнгөн медалийг Японы тамирчин Хираки Кокона хүртсэн. Тэрээр 4 жилийн өмнө Токиод болсон олимпын наадмаас 11 насандаа мөнгөн медаль хүртэж, Японы түүхэн дэх хамгийн залуу медальтан болж байсан билээ. Хүрэл медалийн эзэн Их Британийн Скэй Браун 4 жилийн өмнө мөн 3-р байрт шалгарч байжээ. Олимпын наадмын хамгийн залуу спортод тооцогдох уг төрөлд насны доод хязгаар байдаггүй онцлогтой.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын олимпын хөдөлгөөний шинэчлэлийн гол суурь нь залуучууд болон хотын спортыг дэмжих замаар залуучуудыг идэвхжүүлж, олимпын үзэл санааг түгээх байсан юм. Үүнтэй холбоотойгоор Токио 2020 наадмаас эхлэн 3х3 сагсан бөмбөг, скэйтборд зэрэг спорт шинээр нэмэгдсэн бол Парис 2024 наадамд брэйк бүжиг, спорт авиралт, сюрфингийн төрлүүд хөтөлбөрт багтсан юм.

ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн хувьд олимпын наадмын нээлтийн өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн медальтнуудад медаль гардуулсан. Энэ төрлөөс монголын тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.

Олимпы наадамд оролцож буй ОУОХ-ны гишүүд олимпын хороо болон спорт холбоодын хуралд оролцох, холбогдох арга хэмжээнүүдэд ОУОХ-г төлөөлөх, тэмцээний медальтнуудад медаль гардуулах, дараагийн наадмын бэлтгэл, төлөвлөгөөг гаргах зэргээр албан үүргээ гүйцэтгэдэг. Мөн медаль гардуулах үедээ ОУОХ-ны гишүүний илэрхийлэл болсон медалийг заавал зүүх протоколтой байдаг юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.