Халамжийн төвүүдийн хүүхдүүдийг сагсан бөмбөгийн лигт бэлтгэхээр болов

Халамжийн төвүүдийн хүүхдүүдийг сагсан бөмбөгийн лигт бэлтгэхээр болов

Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн “Степпе Арена”-гийн гаднах талбайд боллоо.

“Б.Билгүүнзул” сангаас санаачилсан уг тэмцээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүүхдүүд оролцлоо. Тэмцээн 13-15, 16-18 насны ангиллаар болж, “Б.Билгүүнзул” сан, Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, “Баясгалан” болон “Гүнж” төв, “Хөгжлийн хэлхээ”, “Толгойт хорооллын нутгийн хөгжил” зэрэг 6 байгууллагын 13 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

13-15 насны эрэгтэй ангилалд “Гүнж” төв, эмэгтэй ангилалд Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, 16-18 насны эрэгтэй ангилалд “Баясгалан”, эмэгтэй ангилалд “Гүнж” төвийн баг тэргүүлж, аваргаллаа.

 “Б.Билгүүнзул” сан тус төрлийн тэмцээнийг 2023 онд төвийнхөө хүүхдүүд дунд анх зохион байгуулсан бол энэ оноос эхлэн жил бүр уламжлан болгон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн хүүхэд залуусыг хамруулах боллоо. Ирэх оноос уг тэмцээнд оролцож буй төвүүдийн шилдэг тамирчдыг өсвөр насны лигт оруулахаар бэлтгэх болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн Д.Оюунцэцэг мэдээлэв.

“Б.Билгүүнзул” сан хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох, хөгжих, тэгш боломжоор хангах зорилгоор Б.Билгүүнзул агсны дурсгалд зориулан гэр бүл, найз нөхдийн санаачилгаар 2020 онд үүсгэн байгуулсан төрийн бус, ашгийн бус байгууллага юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.