Хөлбөмбөгийн Европын тивийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээн буюу "EURO 2024" тэмцээний аваргын төлөөх тоглолт Германы Берлин хотын "Olympiastadion" цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн шөнө болж дууслаа.
Тус тэмцээний аваргын төлөө Испана болон Английн багууд үлдээд байсан бөгөөд 2-1 харьцаагаар Испани хожлоо. Улмаар Европ тивд гурван удаа (1964, 2008, 2012) түрүүлээд байсан Испаничууд энэ жил дахин түрүүлж хамгийн олон удаа түрүүлсэн улс болж түүхэд үлдлээ.
Тус тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн ч Испаничууд хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тооны харьцааг нээсэн. Испанийн гараанд гарсан Родри сэлгээгээр сууж Мартин Зубименди эхний үеийн завсарлагаар талбайд орж ирсэн бөгөөд багтаа ашигтай тоглолтыг үзүүлж 47 дахь минутад Ламин Ямалын дамжуулалтаар Нико Уильямс гоол оруулав. Улмаар Англичууд багийн ахлагч Харри Кейн, хагас хамгаалагч Кобби Мэйнүү нарыг суулгаж Кол Палмер, Оли Уоткинс нарыг талбайд гаргаад удалгүй 73 дахь минутад Жюд Беллинхэмийн дамжуулалтаар Кол Палмер тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч Испани довтолхоо зогсоогүй бөгөөд Альваро Моратагийн оронд талбайд сэлгээгээр гарсан Микел Ояарзабал 86 дахь минутад Марк Кукуреяагийн дамжуулалтаар 2-1 болгосноор Испаничууд хожлоо.
Англи 2020 онд анх удаа аваргын төлөө үлдэж байсан ч Италид торгуулийн цохилтоор ялагдсан бөгөөд энэ удаа дахин аваргын төлөө үлдсэн ч цом өргөж чадсангүй.
Испанийн шигшээ баг "B" хэсгийг гурван хожилтой тэргүүлж шигшээ 16-д Гүржийг 4-1, шөвгийн наймд Германыг 2-1, хагас шигшээд Францыг 2-1 харьцаагаар хожин финалд хүрсэн бол Англи "C" хэсгийг нэг хожил, хоёр тэнцээтэй тэргүүлж шигшээ 16-д Словакийг 2-1, шөвгийн наймд Швейцарыг 1-1 (5-3) харьцаатай пеналтаар хагас шигшээд Нидерландыг 2-1 харьцаагаар хожсон.
Тэмцээний
2028 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг Британи болон Ирланд улс хамтран зохион байгуулах бол 2032 онд Итали, Туркэд болно.