Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

Замын-Үүд сумын ойн барилдаанд Б.Орхонбаяр арслан түрүүллээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК, "АПУ" ХК, "Таванхан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэв.

Дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эрдэнэсийн хотхон" ХХК, "Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Булган мебель ХХК, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарлаа.

Наймд улсын начин Ц.Сандагдорж, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв.

Тус барилдааны үеэр нэг сая төгрөгийн 5 азтан тодруулсан бөгөөд түрүү бөх 7 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан юм.

Маргааш буюу тавдугаар сарын 20-нд Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, 19:45 цагаас Архангай- Өвөрхангай аймгууд барилдах бол 21-ний 19:45 цагаас Ховд-Говьсүмбэр аймгууд өрсөлдөнө.

Мөн 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

24-нд 18:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,

25-нд 18:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,

26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ