Чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн өчигдөр Кыргызстан улсын Бишкек хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн зургаан жинд, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр 86 кг жинд Б.Бат-Эрдэнэ, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар олимпын эрхээ авсан билээ.
Тэгвэл өнөөдөр манай дөрвөн эмэгтэй бөх олимпын эрхийн төлөө барилдсан. 62 кг-д П.Орхон БНСУ-ын бөх Ли Ханбитыг даралтаар ялж Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Тэрбээр Узбекистаны Гулмира Айтмуратоваг 13-2 ялснаар эрхийн төлөө барилдахаар болсон юм.
Мөн 53 кг жинд Б.Хулан Хятадын бөхөд ялагдаж, 57 кг жинд Х.Болортуяа БНАСУ бөхөд ялагдаж 76 кг жинд Э.Даваанасан Энэтхэг, Хятадын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Харин манай эмэгтэй тамирчдаас МУГТ Д.Отгонжаргал 50 кг-ын жинд, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын эрхийг авсан байгаа билээ.