NBA-ын 73 дахь Бүх оддын тоглолт Индиана хотод гурван өдөр болж өндөрлөлөө. Сүүлийн өдөр санал асуулгаар сонгогдсон тоглогчид дорнод болон өрнөд бүсэд хуваагдаж тоглосон бөгөөд 211:186 харьцаатай Яннис Антетокумпогоор удирдуулсан Дорнод бүсийн баг хожил байгуулжээ. Дорнод бүсийн одод 211 оноог авсан нь 73 жилийн түүхэн дэх хамгийн олон оноог авсан тоглолт болсон бөгөөд өмнөх тоглолт нь 2016 онд өрнөд бүсийн баг 196 оноог авч байсан юм
Мөн нийт 397 оноо авсан нь Бүх оддын тоглолтын хамгийн дээд оноо болсон бөгөөд өмнө нь 2017 онд тогтоосон 374 онооны дээд амжилтыг эвдсэн юм. Дорнод бүсийн залуус мөн 42 удаа холын зайны шидэлтийг амжилттай болгож, 2019 онд ЛеБрон багийн тогтоосон 35 удаа холын зайнаас оруулсан амжилтыг мөн эвджээ. Мөн эхний хагаст нийлээд 193 оноо авсан нь өнгөрсөн жил тогтоосон 191 оноог, мөн дорнод бүсийн баг эхний хагаст 104 оноог авсан өмнөх амжилтуудыг эвдсэн байна.
Тус тоглолтод Дорнод бүсээс тоглосон Милоуки Бакс багийн бүх оддын үнэ цэнэтэй тоглогч Дамиан Лиллард 39 оноо авсан бол Бостон Селтикс багийн Жэйлен Браун 36, төрөлх нутаг дээрээ тоглож байгаа Индиана Пэйсерс багийн Тайрез Халибуртон 32 оноог авч багаа тэргүүлжээ.
Харин эсрэг багаас Миннесота Тимберволвез багийн Карл-Энтони Таунс ердөө 28 минутад 50 оноо авчээ. Мөн тус багаас Оклахома Сити Тандер багийн Шай Гилгеус-Александр 31 оноо авч багаа тэргүүлжээ. Харин тус багийн ахласан Леброн Жэймс 20 дахь Бүх оддын тоглолтод оролцож 8 оноо, 4 самбар, 3 дамжуулалтыг 14 минутад гүйцэтгэжээ.
Дараагийн Бүх оддын тоглолт 2025 оны хоёрдугаар сарын 16-нд Голден Стэйт Уарриорс багийн нутаг Сан Франциско хотын Чейс Центрт NBA-ийн 74 дэх бүх оддын тоглолт болно.