Өсвөрийн 18 хүртэлх насны 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Дебрецен хотод болж байна.
Тэмцээний гурав дахь өдөр Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийсэн бөгөөд D хэсгийн хоёрдугаар байраар гарч, шөвгийн наймд шалгарлаа.
Эхний өдөр Тайвань, Малайзын шигшээ багуудыг хожоод байсан өсвөрийн охид өчигдөр Тайландыг хожиж Польшид хожигдсоноор D хэсэгт гурван хожилтой хоёрдугаар байр эзэлсэн юм. Тус хэсгийн тэргүүн байраар Польшийн шигшээ баг хасагдах шатанд шалгарсан.
A болон C хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болсноор шөвгийн наймын учраа бүрдэж дуусна. Монголын шигшээ багийн хувьд B хэсгийн нэгдүгээр байр АНУ-тай тоглохоор болсон юм.
Харин Монголын эрэгтэй шигшээ баг эхний өдөр Катарын шигшээ багт хожигдсон бөгөөд Ардчилсон Конго улстай тоглолгүй оноогоо авсан. Тэд өнөөдөр хэсгийг тэргүүлэгч Герман болон Тунисийн шигшээ багтай тоглоно. Хэрэв шөвгийн наймд шалгарахыг хүсвэл тус хоёр тоглолтод заавал хожих шаардлагатай юм.
Шигшээ баг 20:25 цагаас Тунис, 21:55 цагаас Германтай тоглоно.