Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өнөөдөр /2023.07.08/ сурын талбайд болж өндөрлөлөө.
Уг харваанд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн, нутаг нутгийн 45 багийн нийт 218 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас 74 нь эмэгтэй харваач байна. Эмэгтэй харваачид гурав, эрэгтэйчүүд зургаан зурхай дээрээс харваж байна. Буриад сурын харваанд хоройд, дархан, хошой мэргэн зэрэг өндөр зэрэгтэй харваачид оролцжээ. Нийт харваачдын 40 хувь нь спортын цол зэрэгтэй харваачид байгаа учир чансаа өндөр болж буйг Монголын Буриад сурын холбооноос мэдээллээ.
Урианхай сурын харваагаар эхэлсэн Үндэсний баяр наадмын сурын харваа нь Буриад сурын харваагаар үргэлжилж, долоодугаар сарын 10, 11, 12-нд Үндэсний Их сурын харваа болж аварга мэргэнүүд тодорно.
Дашрамд сонирхуулахад, Урианхай сурын харваанд 353 харваач бүртгүүлснээс Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат “Ховд Алтайн Шонхор” багийн харваач, спортын мастер Д.Алтангэрэл 28 оноогоор тэргүүлж Урианхай сурын улсын мэргэн цолны болзол хангажээ.